“The Voice of Mongolia” шоуны хоёрдугаар улирлын үндэсний ялагчаар авьяаслаг оролцогч Х.Ядам тодорсон билээ. Тэрбээр зургадугаар сарын 14-нд зохион байгуулсан финалын шатанд шилдэг оролцогч Б.Оюутай тунан үлдэж, нийт санал хураалтын 58 хувийг авч, ялагч болсон юм.
Тэгвэл үндэсний ялагч Х.Ядам өнөөдөр /2020.06.26/ шоуны шагнал болох Францын алдарт “RENAULT” брэндийн “KAPTUR” автомашинаа гардан авлаа.
Мөн “Монгол ТВ” -тэй хамтран ажиллах уран бүтээлийн нэг жилийн гэрээнд гарын үсэг зурсан байна.
Тэрбээр шүүгч дасгалжуулагч Д.Болдын багийн шилдэг оролцогч. Манай сайтад өгсөн ярилцлагадаа “Би ажлаа хийж явахдаа санаандгүй тохиолдлоор энэ шоуны бүртгэл болж байгааг мэдсэн. Тэгээд өөрийгөө сорьж үзье гээд бүртгүүлэхээр очиход шалгаруулалтын сүүлчийн өдөр байж таарсан. Миний хувьд өөрөө зориг гарган энэ удаагийн “The Voice” шоунд оролцохоор шийдсэн юм. Гэтэл өнөөдөр шоуны ялагч болчихоод сууж байна.
Төрийн соёрхолт, дуучин Д.Болд шүүгч маань шоуны үеэр өөрийнхөө сахиус болсон хүзүүний зүүлтээ надад өгсөн. Тэр мөчийг эргээд бодоход надад ямар их итгэл хүлээлгэсэн бэ гэдгийг нь ойлгосон. Би тухайн мөчид зүүлтийг нь зүүхдээ шууд шоконд орчихсон. Юу ярьж, хийхээ мэдэхгүй маш сайхан мэдрэмж төрсөн дөө.
Одоо тэр зүүлтээ гэрийнхээ хоймор хэсэгт тавьсан. Миний хувьд шоуны бүх шатанд зүүлтээ зүүж, дуулсан. Энэ зүүлт маань надад аз авчирдаг гэж маш их итгэж байгаа. Магадгүй шүүгчээсээ хүзүүний зүүлт авсан учраас шоуны ялагч болсон ч юм бил үү” хэмээн ярьсан байдаг.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ