Арбитрын хуулийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2016.01.05-нд нийтлэгдсэн

Арбитрын хуулийг дэмжив

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Арбитрын тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

Улсын дээд шүүхийн 2013 оны статистик мэдээллээр Анхан шатны шүүхүүд 2012 онд нийт 27792 хэрэг маргаан шийдвэрлэснээс 11796 нь иргэний эрх зүйн маргаан байжээ. Нарийвчлан үзвэл, эдгээрээс 353 нь ажил гүйцэтгэх гэрээ, 2096 нь бараа худалдах, худалдан авах, 76 нь хамтарсан хөрөнгө оруулалт, 2293 нь хуулийн этгээд, иргэдийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, 1781 нь банк болон санхүүгийн бусад байгууллагатай холбоотой зээлийн гэрээнээс тус тус үүссэн маргаан аж. Харин Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитрт сүүлийн гурван жилд нийтдээ 106 маргаан хянан шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, арбитраар шийдвэрлүүлэх боломжтой олон тооны маргаан шүүхээр шийдвэрлэгдэж, арбитрыг ашиглах явдал хангалтгүй байгаа аж.

Мөн Монгол Улсын 80 орчим хуульд тухайн хуулиар зохицуулсан харилцаанаас үүссэн маргааныг зөвхөн шүүхээр шийдвэрлүүлэхээр заасан байгаа нь арбитраар шийдвэрлэгдэх хэрэг маргааны тоог бууруулж, хязгаарлахад нөлөөлж буй юм байна.

Тиймээс Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа 2006 онд нэмэлт, өөрчлөлт орсон загвар хуульд үндэслэн дараах зохицуулалтыг тусгажээ. Үүнд талууд өөрөөр тохиролцоогүй бол аль нэг талын хүсэлтээр арбитрын бүрэлдэхүүн арбитраас гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авч болох бөгөөд тэр нь арбитрын бүрэлдэхүүнээс аль нэг талд үүрэг болгосон арга хэмжээ /түр арга хэмжээ/ байхаар тусгажээ.

Арбитрын шийдвэрээр үүрэг хүлээх магадлалтай тал нь арбитрын үндсэн шийдвэр гарахаас өмнө өмч хөрөнгөө захиран зарцуулах зэргээр шийдвэрийг хэрэгжих боломжгүй болгох тохиолдол байдаг. Иймд арбитрын шийдвэр бодит байдал дээр хэрэгждэг байх нөхцөлийг хангах үүднээс цаг хугацааны хувьд эцсийн шийдвэр гарахаас өмнө цаг хожиж хамгаалалтын шинжтэй арга хэмжээ авах бүрэн эрхийг арбитрын бүрэлдэхүүн эдэлдэг байх боломжийг хангахад энэхүү түр арга хэмжээний ач холбогдол орших аж. Эдгээр арга хэмжээнд дараах төрлийн арга хэмжээ орно. Үүнд:

а.Маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл одоогийн байгаа нөхцөл байдлаа хэвээр хадгалах, эсхүл сэргээх арга хэмжээ

Талуудад, жишээ нь одоогийн байгаа нөхцөл байдлаа хэвээр хадгалж, компаниа татан буулгахгүй байх, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахгүй байх гэх мэт үүрэг хүлээлгэж болох юм. Түүнчлэн гэрээний нэг тал болох хувьцаа эзэмшигч маргаан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед хувьцаагаа бусдад шилжүүлэх алхам хийгдэж эхэлсэн бол хувьцаагаа эргүүлэн авахыг даалгах үүргийг холбогдох талд хүлээлгэх замаар одоогийн байгаа нөхцөл байдлаа сэргээх үүрэг хүлээлгэж болно.

б.Одоогийн, эсхүл учирч болох хохирлыг нэмэгдүүлэх, эсхүл арбитрын ажиллагаанд бэрхшээл учруулах үйлдэл хийхгүй байх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ

Энэ арга хэмжээ нь хариуцагч этгээдэд тухайн цаг үед нөгөө талд учруулсан болон цаашид учирч болох хохирлыг нэмэгдүүлэх үйлдэл хийхгүй байхыг үүрэг болгосон арга хэмжээ юм. Тухайлбал, барилгын ажил гүйцэтгэгч нь хугацаандаа үүргээ биелүүлээгүйгээс захиалагчид тодорхой хэмжээний хохирол учруулсан бөгөөд уг компани дахин өөр ажил эхлүүлэх нь нэхэмжлэгчид учрах хохирлыг нэмэгдүүлэх магадлалтай гэж арбитрын бүрэлдэхүүн үзвэл хоёр дахь ажлын гэрээг байгуулахгүй байхыг даалгаж болох аж. Түүнчлэн хоёр дахь гэрээг байгуулах тухай мэдээлэл байхгүй ч гэсэн тийм гэрээ байгуулахаас урьдчилан сэргийлж гэрээ байгуулахгүй байхыг даалгаж болно.

“Арбитрын ажиллагаанд бэрхшээл учруулах үйлдэл хийхгүй байх, түүнээс урьдчилан сэргийлэх”-дээ гадаадад болон орон нутагт удаан хугацаагаар явахгүй байж, арбитрын хуралдаанд биечлэн оролцохыг үүрэг болгож болох зэргээр тодорхой зохицуулалт тусгажээ.
Мөн хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлтээр мэдээлэл сонслоо.

Энэхүү мэдээллийг сонссоноор байнгын хорооны хуралдааныг өндөрлүүлээд байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж