Хэрэглэгчдийг 2016 онд сэтгэл ханамжтай байлгана

Хуучирсан мэдээ: 2016.01.05-нд нийтлэгдсэн

Хэрэглэгчдийг 2016 онд сэтгэл ханамжтай байлгана

Монгол улсын Засгийн газар 2016 оны эхний хуралдаанаараа энэ оны “Хэрэглэгчийн жил” болгон зарласан байна.

НҮБ-ын “Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ын үзэл санаа, 2015 онд НҮБ-ын Ерөнхий ассемблейн 70 дугаар хуралдаанаар хэлэлцэн баталсан Тогтвортой хөгжлийн баримт бичигт “Хариуцлагатай хэрэглээ ба тогтвортой үйлдвэрлэлийн чиглэлээр” хэрэглэгч рүү хандан 10 жилийн төлөвлөгөө гаргаж ажиллахыг гишүүн орнууддаа зөвлөсөн зөвлөмж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар дэвшүүлсэн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлэх шаардлагыг үндэслэн 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарлаж байгаа юм.

Энэхүү санаачилгаа хэрэгжүүлэхийн тулд “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хөтөлбөр”-ийг батална.

Хэрэглэгчийн жилд:

  • Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон хэрэглэгчийн эрхтэй холбогдох багц хуулиудад шинэчилсэн найруулга хийх, нэмэлт өөрчлөлт оруулах замаар эрх зүйн орчныг боловсронгуй болгох

  • “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр 2”-ыг Засгийн газраас батлан гаргаснаар хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо, үйл ажиллагааны арга механизмыг төлөвшүүлэх

  • “Хэрэглэгчийн эрхийн хамгаалалтын төлөв байдал”-ын судалгаа дүгнэлтийг жил бүр гарган, Засгийн газраас үнэлгээ өгч, цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлдог ажлуудыг уламжлал болгох зэрэг зорилт тавьжээ.

А.ШАРАВ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж