Зөвлөлтийн удирдагч Никита Хрущёв агсны хүү Сергей Хрущёвийн үхлийн шалтгааныг толгойндоо буудуулсан үхлийн шарх хэмээн АНУ-ын цагдаа нар тодорхойлжээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт 84 насандаа Роуд арал дээрх гэртээ нас барсан аж.
“Гадны нөлөөтэй, аллага гэж үзэх үндэслэл одоохондоо байхгүй байна” хэмээн Кранстоны цагдаагийн газрын дарга Тодд Паталано хэлжээ. Мөн тэрбээр энэ хэргийг золгүй явдал, амиа хорлолт аль нь болохыг нарийн мэдээлээгүй ч хэрэг хаагдсан хэмээжээ.
Сергей Хрущёвийн эхнэр Валентина Голенко зургадугаар сарын 18-нд цогцсыг нь анх олж, цагдаад мэдэгдсэн бөгөөд тэрбээр дээрх дүгнэлтийг үгүйсгэж “Надад тэгж худлаа хэлэхээ боль. Тэр хөгширч үхсэн. Сүүлийн хоёр жил өвчтэй байсан юм” хэмээн ярьжээ.
Сергей Хрущёв бол ЗХУ-ыг 1953-1964 онд удирдаж, АНУ, ЗХУ-ыг цөмийн дайны ирмэгт аваачсан Никита Хрущёв агсны таван хүүхдийн нэг билээ. Тэрбээр өмнө нь ЗХУ-ын пуужингийн эрдэмтэн байсан агаад 1991 онд АНУ-д нүүн ирж, Роуд арлын их сургуульд багшлах болжээ. Найман жилийн дараа Сергей Хрущёв болон түүний эхнэрт АНУ иргэншил олгосон аж.
Валентина Голенкогийн хэлснээр түүний шарилыг аравдугаар сард Москвад хүргэн, эцгийнх нь дэргэд оршуулах гэнэ.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ