“Баталгаагүй мэдээллээр төөрөгдүүлэхгүй байхыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2020.06.26-нд нийтлэгдсэн

“Баталгаагүй мэдээллээр төөрөгдүүлэхгүй байхыг хүслээ

“Баталгаагүй мэдээллээр төөрөгдүүлэхгүй байхыг хүслээ

"Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт" сүлжээнээс өнөөдөр /2020.06.26/ 12.00 цагт Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд хийсэн мониторингийн урьдчилсан дүнгээ танилцууллаа.

 Тодруулбал, уг сүлжээний гишүүн Глоб Интернэшнл, МИДАС төрийн бус байгууллага Сонгогчдын боловсрол төв, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд, Бодлогод залуусын хяналт зэрэг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл мэдээлэл өгсөн юм. УИХ-ын 2020 оны сонгуулиар Улаанбаатар хотод 451 хэсгийн хороо ажилласан. Үүнээс 99 хэсгийн хороо буюу 21.9 хувь нь ажиглалтад хамрагдсанаас гадна таван аймгийн 13 хэсэгт иргэний нийгмийн ажиглагчид ажиллаж, нийт 112 хэсгийн хороонд хяналт тавьжээ.


МИДАС төрийн бус байгууллага тэргүүн С.Энхжаргал “Манай төрийн бус байгууллагын хувьд энэ жил 2020 оны сонгуулиар санал тоолох төхөөрөмж болон сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой мониторинг хийсэн. Санал тоолох төхөөрөмжийн хувьд урьдчилсан тестийг нам, эвслүүдтэй хийсэн. Тэгэхээр сонгуулийн сүүлчийн дүн дээр ганц нэг асуудлууд гарсан. Энэ бол санал тоолох төхөөрөмждөө бус хэсгийн хороодоос ирсэн саналыг дэлгэц дээр харуулж байгаа тэр программ дээр жижиг алдаанууд гарсан. Энийг бас ялгаж, салгах хэрэгтэй. Санал тоолох төхөөрөмжийн хувьд цахилгааны асуудлаас болж зарим газар гар тооллого хийсэн. Хүмүүс санал тоолох төхөөрөмжид хэтэрхий ач холбогдол өгч, анхаарал хандуулж байна. Энэ төхөөрөмж маань санал тоолж байгаа зөвхөн нэг хэсэг нь. Үүнийг хяналтын тооллого, CD дээрх зурган файл зэргээр баталгаажуулж байгаа. Үүнд нэлээд анхаарал хандуулах хэрэгтэй юм.

Хуулиараа 50 хүртэлх хувийн хяналтын тооллого хийх ёстой. Гэхдээ тойрог дээр хэдэн хувь, аль хэсгийг сонгож хяналтын тооллого хийх вэ гэдгээ шодож тохирдог. Үүнийг санамсаргүй байдлаар хийдэг учраас тэр болгон иргэд харж чаддаггүй. Санал авах байранд байгаа намын ажиглагч хардаг. Гэтэл зарим нэг телевиз энэ явцыг харуулж байсан. Мөн Сонгуулийн ерөнхий хорооны вэб хуудсаас харвал гараар тооллого хийж буй зарим хэсгээс шууд дамжуулж байсан. Хяналтын тооллогыг гараар тоолдог гэсэн үг. Дээрээс нь сонгуулийн өдрийн маргааш 11.00 цаг хүртэл хяналтын тооллого хийсэн. Өнгөрсөн 2016 оны сонгуулиар ийм тогтолцоогоор явж байхад 70 орчим цаг гараар тоолж байсан. Өөрөөр хэлбэл, гараар тоолсон саналаа баталгаажуулах зүйл байгаагүй. Санал тоолох машин нь гараар тоолж байсан будилааныг арилгах зорилготой. Одоо давхар шалгалт хийж байгаа гэсэн үг” гэдгийг хэлж байв.

Мөн тэрбээр зарим нэр дэвшигчдийн гомдол гаргаж буй асуудлуудыг тайлбарлахдаа “Сошиалаар нэг нэр дэвшигч миний санал нэмэгдэж байснаа буурсан гэдэг мэдээлэл хийсэн байсан. Тэр нэр дэвшигчийн мэдээллийг эргээд хараарай. Тухайн үед дохионы хэлмэрчийн ард санал өгсөн тооны эхний орон нь харагдахгүйгээр 800 байж байгаад 1500 болсон чинь 500 харагдсан. Дараагаар нь 2200 болсон чинь эхний тоо нь харагдахгүй явсан байсан. Тиймээс баталгаа, нотолгоогүй мэдээллээр нийтийг төөрөгдүүлэхгүй байхыг анхааруулж байна.

Сонгуулийн дүн гарах явцад нэг таслалтай тоо орж ирсэн. Энэ бол программын хувиргалт дээр гарсан таслал. Энэ нь тоо биш тесктэн хэлбэрээр орж ирсэн учраас эрэмбэлэлтэд орохгүйгээр алдаа өгсөн. Тэгэхээр энэ таслалыг арилгаж, тоо болгож хувиргаснаар эрэмбэлэлт зөв явсан. Сонгуулийн ерөнхий хорооноос нийт санал хураалтын 30 хувьд гар тооллого хийсэн. Энэ тооллогоор ямар нэгэн зөрүү гараагүй гэж мэдээлсэн.

Сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой нэлээд асуудал байна. Манай төрийн бус байгууллагаас зургаан ажиглагч хэсгийн хороодод ажилласан. Энэ үеэр саналынхаа зургийг авах гэсэн оролдлого нэлээд гарсан. Дээрээс нь иргэдийн хурууны  хээ уншаагүй асуудлыг ялгаж, салгаж харах хэрэгтэй. Мөн бүртгэлд шинээр нэмэгдсэн 73 тохиолдлыг очиж шалгасан. Эдгээр иргэний ихэнх нь иргэний шилжилт хөдөлгөөнөө хийгээгүй, өөр хаяг дээр очсон байсан. Бас УИХ-ын сонгууль дуусаагүй байхад хорооны дарга нар ИТХ-д зориулсан шилжилт хөдөлгөөнөө хийлгэх асуудал ярьж байсан. Хэдийгээр царцаа гэж ярьж байгаа ч хуулийн хүрээнд хийж байгаа шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн үеэр зохицуулахгүй бол болохгүй байна.

Жишээлбэл, Сонгуулийн тухай хуульд хоёрдугаар сарын 1-нээс шилжилт хөдөлгөөн хийхгүй гэж тусгасан боловч тодорхой тооны царцаанууд орон нутаг руу явсан гэдгийг СЕХ-ны мэдээллээс харсан байх. Тодруулбал, Ховд аймагт 999 хүн арванхоёрдугаар сарын 23-наас хоёрдугаар сарын 1-ний хооронд шилжсэн. Мөн Дорнод, Булган, Баянхонгор, Хөвсгөл, Увс аймагт 200-500 хүн шилжсэн байсан. Царцааны шилжилт хөдөлгөөн санал хураалтад 1.4 хувийн нөлөөлөл үзүүлнэ гэх судалгааны дүн бий. Иргэн та санал өгөх машинд хяналт тавихдаа хоёр мандаттай тойргийн нийт саналын тоог нэмж үзэхэд хоёрт хуваагдах ёстой. Гурван мандаттай тойргийн сонгогчдын тоо гуравт хуваагдах ёстой.

Санал тоолох машинд хүний нөлөөлөл орох бололцоо байгаа. Мэдээж хэрэг хүн программ зохиож байгаа шүү дээ. Үүнийг хянаж, шалгахын тулд Тагнуулын ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл технологийн хэлтсийн мэргэжилтнүүд бүгдийг шалгаж, баталгаажуулж байгаа. Хэрвээ асуудал үүсвэл тэр хүмүүс өөрсдөө хариуцлагаа хүлээнэ. Одоо саналын хуудасны зургийг CD дээр бичээд өгч байгаа. Тэгэхээр хяналтын тооллогоор сонгогдоогүй байсан ч гэсэн CD дээрх зурган файлаар шалгах боломж нээлттэй болсон байгаа” гэлээ.

“ДӨРВӨН АМ БҮЛТЭЙ НЭГ АЙЛЫН ХАЯГ ДЭЭР 20 ГАРУЙ ХҮН БҮРТГЭСЭН”

Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн Т.Амарзаяа:

-Сонгуулийн санал авах байрны орчны дотоод зохион байгуулалт сайн байсан ч хэсгийн хороодод нийтлэг дутагдал ажиглагдсан. Тодруулбал, 22.1  хувь буюу 25 хэсгийн хороонд ажиглагчийг баганы ард суулгах, дэлгэцийн харах боломжгүй байдлаар  суулгах, сандал, ширээ хүрэлцээгүй байсан зэрэг дутагдал гарсан. Нийт 41 хэсэг буюу 36.3 хувьд тэргэнцэртэй, өндөр настан зэрэг сонгогчдод зориулсан налуу зам байгаагүй. Мөн хэт өндөр довжоо, шаттай, барилгын В1 давхарт байрлаж хүртээмжгүй байжээ. Мөн 33 байранд хөгжлийн бэрхшээлтэй хүн суух тусгай бүхээг бэлдээгүй байв. Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нийт зургаан хэсэгт сонгогчийн нэрийн жагсаалттай холбоотой дөрвөн ам бүлтэй нэг айлын хаяг дээр 20 гаруй хүн бүртгэсэн тохиолдол гарсан. Бас нэг өрхийн хаяг дээр таван танихгүй хүн нэмж бүртгэсэн зэрэг 2-3 тохиолдол гарсан.

Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-ын ерөнхий менежер С.Гэрэлмаа:

-Манай төрийн бус байгууллага нь “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагатай хамтран 2012 оноос эхлэн УИХ-ын ээлжит сонгуулийн үйл явц болон санал авах, тоолох үйл ажиллагаанд хөндлөнгийн иргэний нийгмийн мониторинг хийж ирсэн. Энэ удаа 112 хэсгийн хороонд 228 ажиглагч 24 цагийн турш сонгуулийн санал авах, тоолох, хяналтын тооллогыг сонгох үйл явцад ажиглалтаа хийсэн. Энэ үеэр ноцтой зөрчил гараагүй. Нийтлэг зөрчлүүд гарсан. Зарим хэсгийн хороодод хяналтын тооллого хэт удаан үргэлжилсэн. Зарим тохиолдолд саналыг алдаж тоолоод дахин эхэлж байсан.

Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж