Москвагийн Ялалтын парад- Бүх хүний хувьд ялалт ганцхан!

Хуучирсан мэдээ: 2020.06.26-нд нийтлэгдсэн

Москвагийн Ялалтын парад- Бүх хүний хувьд ялалт ганцхан!

Москвагийн Ялалтын парад- Бүх хүний хувьд ялалт ганцхан!

Аугаа их эх орны дайнд ялсны 75 жилийн ойг Орос улс зургадугаар сарын 24-нд тэмдэглэн өнгөрүүллээ. Гол үйл явдал болох цэргийн парад Москвагийн Улаан талбайд нэг цаг 15 минут үргэлжилсэн юм. Нийтдээ Оросын 28 хотод энэ үйл явдалд зориулсан цэргийн парад болжээ.

Баяр ёслолын арга хэмжээ эхлэхийн өмнө Оросын төрийн тэргүүн Владимир Путин үг хэлэв. Зөвлөлтийн цэргүүд  нацистын Германы өөдөөс энх тайвныг хамгаалан боссоныг ерөнхийлөгч дурдсан байна. Дайны тухай хамгийн гол үнэнийг хойч үеийнхэнд буухиалан шилжүүлэх шаардлагатай бөгөөд чухамхүү Улаан арми Европын улсуудыг булаан эзлэгчдээс чөлөөлж, Холокостын аймшигт эмгэнэлт явдлыг эцэс болгосон билээ гэж тэр тэмдэглэсэн юм. “Өнөөдрийн парад энэ ариун үнэнд зориулагдсан бөгөөд  Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийг тодорхойлсон ялагчдын гарамгай үеийнхний дурсгалд зориулан уг парадыг хийдэг юм”  гэж Путин онцлон тэмдэглэжээ.

Энэ жил ялалтын ойг тэмдэглэхээр Абхазын ерөнхийлөгч Аслан Бжания, Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенко, Босни, Герцеговины тэргүүлэгчдийн серб гишүүн Милорад Додик, Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Киргизийн ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков, Молдовын ерөнхийлөгч Игорь Додон, Сербийн ерөнхийлөгч Александар Вучич, Тажикистаны ерөнхийлөгч Эмамоли Рахмон, Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, Өмнөд Осетийн ерөнхийлөгч Анатолий Бибилов нар хүрэлцэн ирсэн юм. Киргизийн ерөнхийлөгч тус орны төлөөлөгчдийн гишүүдээс коронавирус илэрснээс болоод Москвад Ялалтын 75 жилийн ойн баяр ёслолд оролцож чадаагүй юм.

Уламжлал ёсоор дэслэгч генерал Валерий Халиловын нэрэмжит Батлан хамгаалах яамны Москвагийн цэргийн хөгжмийн сургуулийн сурагч-бөмбөрчдийн суман талбайд хамгийн түрүүнд орж ирсэн юм. Хөгжимчид минутад 120 удаа хөл тавих парадын тоотуудын алхалтын айзмыг тодорхойлж байв. Бөмбөрчдийн араас Оросын далбаа, ялалтын туг болон ОХУ-ын зэвсэгт хүчний тугийг залсан юм.

Парадын түүхэн хэсэг тугчдаар эхэлж, тэд 10 фронтын туг хиурыг авч явсан юм. Дараа нь явган цэрэг, нисэгч, усан цэрэг, инженер, тагнуулч, хилчдийн түүхэн дүрэмт хувцас өмссөн цэргийн албан хаагчид талбайд орж ирж, журамт цэрэг, казакууд болон материал-техникийн хангамжийн тоотууд явж өнгөрөв.

Парадад 14 мянга гаруй цэргийн албан хаагч, тухайлбал 13 орны (Азербайжан, Армян, Белорус, Казахстан, Киргиз, Молдав, Монгол, Серб, Тажикистан, Туркменистан, Узбекистан, Хятад, Энэтхэг) тоотууд оролцов.

Монгол улсын 75 цэргийн албан хаагч Улаан талбайгаар цоглог жигд алхаагаар явж өнгөрсөн юм. Манай парадын тоотын хамт Монголын зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг Монгол улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн хувиар Москвад хүрэлцэн ирсэн юм.

Москвагийн Улаан талбайн Ялалтын парад

Парадын цэргийн техникийн цуваанд янз бүрийн төрөл цэргийн 24 хэсэгт орчин үеийн 200, түүхэн 18 загварын техник явж өнгөрөв. Домогт 11 Т-34 танк механикжуулсан цувааг тэргүүлж, дараа нь өөрөө явагч долоон СУ-100 төхөөрөг явж өнгөрөв.

Улаан талбайгаар байлдааны алдартай машин техникийн зэрэгцээ цэргийн 20 орчим шинэ техник анх удаа явж өнгөрөв. Эдгээрээс заримыг нь нийтэд үзүүлж байгаагүй юм.  Тухайлбал, галын ТОС-2 “Тосочка”, зайнаас минажуулагч ИСДМ системийн байлдааны машин, 57 миллиметрийн байлдааны модуль бүхий явган цэргийн байлдааны  “Курганец-25” машин, зайнаас удирддаг нисэх төхөөрөгтэй тэмцэх бага оврын пуужин бүхий зенит-пуужингийн шинэчилсэн “Панцирь-С1М” цогцолборыг анх удаа үзүүллээ.

Парадын төгсгөлд Оросын зэвсэгт хүчний төрөл цэргүүдийн тугийг мандуулсан  “Бумеранг”  гэдэг шинэ хуягт тээвэрлэгчдийн механикжуулсан цуваа  явж өнгөрөв.

Сүүлд нь Оросын агаар-сансрын хүчний 75 нисэх онгоц, нисдэг  тэрэг нисч өнгөрсөн юм.  Оросын найман нисэх буудлаас хөөрсөн нисэх онгоцууд 16 бүлэг болон Улаан талбай дээгүүр нисч өнгөрөв.

2020 оны Ялалтын парадад хэд хэдэн онцгой өөрчлөлт оруулсан бөгөөд энэ нь коронавирусийн халдварт өвчинтэй холбоотой юм. Өвчнийг тархаахгүй байж, гэхдээ чухал арга хэмжээг яалт ч үгүй зохион явуулахын тулд парад хийх товыг хойшлуулж, зочин гийчдийн хувьд шинэ дэг журам тогтоосон билээ. Шинэ товыг сонгосон нь санамсаргүй явдал байгаагүй бөгөөд тодруулвал, хамгийн анхны Ялалтын парад 1945 оны зургадугаар сарын 24-нд болж байсан билээ.

Парад хийхээр батласан 28 хотоос 10-т нь үзэгчидгүйгээр жагсаал хийсэн юм.  Новосибирск, Донын Ростов, Новочеркасск, Владикавказ, Хабаровск, Волгоград, Белгород, Ставрополь, Улаан-Үд хотын эрх баригчид ийм шийдвэр гаргажээ. Оросын 13 бүс нутаг мөн энэ шалтгаанаар Ялалтын парад хийгээгүй юм.

Чойбалсан хотод олон жил сүндэрлэж, цэргийн мэргэжилтнүүдийн дахин засварлаж сэргээсэн “Т-34” танк Улаан-Үд хотын парадад оролцсон юм. Беларусын давшилтын “Багратион” ажиллагаанд механикжуулсан цувааны тэргүүнд явсан “Домогт “гучин дөрөв” танк Дорнод Пруссийн тулалдаанд оролцож байсан билээ.

Улаан-Үд хотын цэргийн парадад  олон зориулалт бүхий “Тигр” хуягт машин, пуужинт “Конкурс”, “Торнада-Г” болон “Ураган” төхөөрөг, танк эсэргүүцэх “Конкурс” цогцолбор бүхий байлдааны машин зэрэг нийтдээ 50 орчим нэгж техник оролцсон байна.  Буриадын нийслэлийн тэнгэрээр Су-30 сөнөөгч бөмбөгдөгч нисэх онгоцууд нисч өнгөрчээ.

Буриадын нийслэлийн парадад тойргийн 1,2 мянга гаруй цэргийн албан хаагч, тухайлбал, сүүлийн саруудад коронавирусийн цар тахалтай тэмцэж буй эмч, сайн дурынхан болон Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах албаны тус бүгд найрамдах улсын удирдах газрын мэргэжилтнүүд оролцсон байна. “Энд ахмад дайчид маань үгүйлэгдэж байна. Бид та нарын өмнө мэхийн ёслож, та нарыг хайрлан хамгаалж байна. Тиймээс,  та бүхнийг өнөөдөр гэр гэртээ байж, Ялалтын парадыг телевизээр үзэхийг хүссэн юм” гэж Буриадын тэргүүн Алексей Цыденов хэлэв.

Буриадаас 120 мянга гаруй хүн буюу тус бүгд найрамдах улсын таван оршин суугч тутмын нэг нь фронтод явж, 39 мянга нь амь үрэгдэж, 16,7 мянга нь сураггүй болж, 4,4 мянган цэрэг, офицер эмнэлгүүдэд шархны улмаас нас барж, хөгжлийн бэрхшээлтэй болсон 6,5 мянган хүн гэр орондоо эргэж иржээ. Дайны жилүүдэд Улаан-Үд хотод   цэргийн 14 эмнэлгийн  эмч, сувилагч нар 30 мянга гаруй шархтан болон өвчтөнийг эмчлэн эдгэрүүлж, 16 мянган удаа мэс засал хийжээ. Тийнхүү Улаан-Үд хот “Ялалтын хотуудын” номонд бичигдсэн юм.

2020 оны зургадугаар сарын 24-нд Улаан талбайд болсон Ялалтын парадад жагсч буй Монголын цэргийн бүрэлдэхүүн

Дэлхийн хоёрдугаар дайнд ЗСБНХУ-ын гүйцэтгэсэн үүргийг үнэлж баршгүй юм. Дайны туршид зөвлөлт-германы фронт байлдааны талбарын хэрэг дээрээ хамгийн гол, шийдвэрлэх хэсэг байсан билээ. Энд фашистын Германы гол хүчин бараг 4 жил байсан юм. Улаан армийн эсрэг вермахтын бүх цэргийн 60-аас 80 хүртэл хувь, нисэх хүчний мөн ийм тооны нисэх онгоц  байлдаж байжээ. Гитлерийн эсрэг холбоотон орон – АНУ, Их Британи, Монголын цэрэг-техникийн болон бусад тусламж асар их үүрэг гүзйцэтгэсэн нь мэдээж. Молдавын ерөнхийлөгч Игорь Додон Facebook-ийн хуудсанаа энэ тухай бичээд, Москвагийн парадаас үе үеийнхний ариун нандин холбоо мэдрэгдэж байсан бөгөөд удтал хүсэн хүлээсэн ялалтад нийтийн хүчээр хүрсэн юм гэж тэмдэглэсэн байна.

Оросын батлан хамгаалахын сайд С.Шойгу Монгол орныг парадад оролцохыг албан ёсоор урихдаа, энэ  дайнд Монгол улсын гүйцэтгэсэн үүргийн тухай дурсан ярьсан юм. С.Шойгу Монгол улсын батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой утсаар ярихдаа,  гитлерийн Герман итгэл эвдэн халдан довтлоход Монгол улс Зөвлөлт Холбоот Улсад хамгийн түрүүнд тусласан юм гэж хэлээд,  тэгэхэд Монгол улсын дэмжлэг ямар чухал үүрэг гүйцэтгэснийг Орос улсад үргэлж дурсаж байдаг гэж тэмдэглэжээ.

“Фронтын хэрэгцээнд зориулан ойролцоогоор таван зуун мянган агт морьд явуулсан юм. Энэ бол том тоо. Монголын иргэдийн хандивласан хөрөнгөөр 53 танк үйлдвэрлэж, энэ танкууд 1943 онд “Хувьсгалт Монгол” танкийн бригадын бүрэлдэхүүнд багтан, Курскийн цүлхэнд анхны тулалдаанд орж, 1945 онд Берлинд байлдаж байсан юм“ гэж Шойгу хэлсэн байна.

Нисэхийн “Монгол ард” эскадриль фашистуудыг бут ниргэхэд их хувь нэмэр оруулсан бөгөөд тус ангийн сөнөөгч нисэх онгоцуудыг Монголоос Зөвлөлт Холбоот Улсад шилжүүлэн өгснийг Оросын батлан хамгаалах яамны тэргүүн дурджээ.

Оросын талын мэдэгдсэнээр, Монголын цэргийн албан хаагчид Москвад Ялалтын парадад оролцсон нь хоёр талын цэрэг-техникийн харилцаа тогтвортой хөгжиж байгаагийн гэрч төдийгүй Монголын ард түмэн нацизмыг ялахад жинтэй хувь нэмэр оруулсан түүхэн баримтын нотолгоо болж байна.

Олон улсын харилцаанд өнөөг хүртэл нөлөөлж буй энэ ялалтад Монгол улсын оруулсан хувь нэмрийг Орос оронд дурсаж, хүндэтгэж байдаг нь таатай юм.

Улаан-Үд хотын Ялалтын парадыг Буриад Улсын Ерөнхийлөгч Алексей Цыденов нээлээ

Улаан-Үдийн Ялалтын парадын үеэр коронавирустэй тэмцэж байгаа эмнэлгийн ажилтнуудад хүндэтгэл үзүүллээ

Улаан-Үдийн Ялалтын парад

Сэтгүүлч И.БОРХОНДОЙ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж