У.Хүрэлсүхийн СОНГУУЛЬ

Хуучирсан мэдээ: 2020.06.26-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн СОНГУУЛЬ

У.Хүрэлсүхийн СОНГУУЛЬ

Парламентын найм дахь удаагийн сонгууль олон онцлогоор ялгарав. Дэлхий нийтийг түгшээсэн цар тахлын үед Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс парламентын сонгуулийг явуулах хугацааг хойшлуулах уриалга гаргасан ч Монголд сонгууль болдгоороо болж, монголчууд шинэ засаг төрөө эмхэллээ. Урьд өмнөхөөс олон нам, эвсэл, бие даагч нэр дэвшиж, сурталчилгааны хугацаанд нэрээ эргүүлэн татсан тохиолдол гарсангүй. АН-ын гурав, МАН-ын нэг, бие даагч хоёр гээд зургаан нэр дэвшигчийн хуулиар олгогдсон эрхэнд шүүх халдаж, хамгийн олон баривчилгаатай “ардчилсан” сонгууль боллоо.

Ийнхүү санал хураалтын дүнгээр МАН ахиад үнэмлэхүй олонх болж, 62 суудал, АН сөрөг хүчин хэвээр үлдэж 11, МАХН, “Зөв хүн Электрот” тус бүр нэг, нэг бие даагчтай парламент бүрдэж байна. Товчхондоо, дөрвөн нам парламентад суудалтай болж ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлэх “виз”-ээ авлаа.

Энэ удаагийн сонгуулийн ялагч нь МАН биш У.Хүрэлсүх байв. Тэрбээр анх удаа намаа удирдаж, өөрийн багаа бүрдүүлж, халаасны оноотойгоо ялалт байгуулсан, Ерөнхий сайдаар улиран сонгогдож буй С.Баярын дараах хоёр дахь хүн болж байна. Мэдээж, энэ өнцгөөс нь харвал түүний зураг хананд ч, түүхэнд ч үлдэнэ.

Товчхондоо, У.Хүрэлсүхийн хэрэгжүүлэх бодлогоос Монголын ардчилал, хүний эрх, эрх чөлөө, тусгаар тогтнол, улс төр, эдийн засгийн бүх бодлого хамаарах юм. Учир нь, тэр шинэ Үндсэн хуулиар олгогдсон танхимаа өөрөө бүрдүүлэх, сайд нараа чөлөөлөх том эрх мэдэлтэй Ерөнхий сайд болж байна. Тиймээс тэр хайрцаглагдах юм бол М.Энхболдоос өөцгүй “тавилан” хүлээж буй.

Дөрвөн жилийн өмнө М.Энхболдод ийм том аз тохиож байв. Гэвч ялсан намын дарга нь Ерөнхий сайд болох дүрмээ эвдсэн нь түүнийг улс төрийн карьераа өсгөх биш цэг тавихад хүргэсэн юм.

ЛИДЕРИЙН СОНГУУЛЬ

МАН-аас нэр дэвшсэн бол “бор халзан хонь” ч гараад ирэхээр сонгууль боллоо. Яг л дөрвөн жилийн өмнөх “түүх” давтагдав. Дөрвөн жилийн өмнө МАН сайндаа биш АН муудаа ялагдсан бол, өнгөрсөн Лхагва гаригт У.Хүрэлсүхийн хүчээр МАН үнэмлэхүй олонх болсон нь үнэн. Нүүрэн дээрээ У.Хүрэлсүхийн зургийг  наагаад “зовлонгүй” ялалт байгуулсан нэр дэвшигч олон харагдаж байна. Үнэндээ Л.Өнөрчимэг, М.Чингисхаан хоёр МАН-аас нэр дэвшсэн бол гараад ирэх байсан нь гашуун сонсогдох ч бас үнэн.

   Голландын иргэн болсон баримт нь дэлгэгдэж, сошиалаар багагүй гөвүүлсэн Г.Амартүвшин Хан-Уулд нэгээр ялалт байгуулсан нь түүний мэдлэг боловсролыг үнэлсэн, өрөвдсөн хэрэг огт биш. У.Хүрэлсүхийн “Хүчээ нэгтгэе” гэсэнд итгэснийх. Эсрэгээрээ С.Эрдэнэ даргын “Өрх бүрд өсөлт” гэсэн уриа үнэндээ хүндээ, өрхдөө ч очиж “наалдсангүй”. У.Хүрэлсүх тулааны өмнө, С.Эрдэнэ тулааны ард нуугдсан нь Ардын нам ялах, Ардчилсан нам ялагдахад хүргэсэн.  Дээр нь Ардчилсан намыг найман жилийн турш харлуулсан, гүтгэсэн хар пиар, гишүүдийг нь хог новш болгох сценари, сонгуулийн өмнөх баривчилгаанууд Ардын намтай “хүчээ нэгтгэсэн” нь үнэн. Да.Ганболд, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Н.Номтойбаяр, Х.Бат-Ялалт нарт бусад нэр дэвшигчидтэйгээ ижил тэгш шударга өрсөлдөх боломжийг шүүхээр хаалгасан нь сонгуулийн санал хураалтад сөргөөр нөлөөлсөн. Үндсэн хуулийг зөрчсөн шүүхийн шийдвэр дараа дараагийн сонгуульд “жишиг” болох вий гэсэн Э.Бат-Үүлийн сануулга ч үнэний ортой.

Ардын нам нийт сонгогчдын 40 гаруй хувиар үнэмлэхүй олонх болсон нь Ардчилсан намын саналаас жижиг намууд, олон “биеэ даасан” нэр дэвшигчид хуваалцсантай холбоотой юм. Сүхбаатар дүүрэгт эрх баригч  намын гурван нэр дэвшигчтэй 30 гаруй хүн өрсөлдсөн нь сөрөг хүчний саналаас 30 хэсэг хуваасан гэсэн үг.  

Сонгуулийн тогтолцоо санал хураалтад маш чухал нөлөө үзүүлдэг. Томсгосон болон жижиг мажоритар тогтолцоо нь Ардын намд ашигтай тусдаг.  1992 оноос хойшхи парламентын сонгууль найман удаа явагдсаны тавд нь МАН ялалт байгуулсан.  Өнгөрсөн 30 жил хамтарсан болон дангаараа засгийн эрх барьсан МАН-ын амжилтыг ямар ч нам давтаагүй байна.

2012 онд Ардчилсан нам олон суудал авсан нь холимог тогтолцооны үр дүн байлаа. Гэвч, 2016 онд Ардчилсан нам өөрсдөө энэ тогтолцооноосоо ухарч, жижиг мажоритор хувилбарыг сонгосон нь өнөөдрийн ялагдлынх нь бас нэг шалтгаан юм.  Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэцээр шийдвэр гаргуулж, жижиг мажоритор хувилбараар сонгууль явуулсан нь Ардчилсан намын дараалсан хоёр ялагдлын шалтгаан  болсон.  Мажоритор хувилбарын сул тал нь сонгогчдын саналын багагүй хувь гээгддэг, санал хуваагдсаны улмаас дэмжлэг багатай нэр дэвшигч ч сонгогдох магадлал өндөр.

Энэ удаагийн сонгуулийн гол онцлог нь лидер төрүүлэх байлаа. Тавдугаар сарын 25-наас орон даяар хэрэгжиж эхэлсэн шинэ Үндсэн хуулиар олонх болсон намын дарга лидер болох олон өөрчлөлтийг оруулж өгсөн.  Тиймээс У.Хүрэлсүх өөрийн багаа удирдаж сонгуульд орсон бол С.Эрдэнэ олон фракциудын эрх ашгийг хангаж, нэр дэвшүүлсэн. Ямар сайндаа л тэрбээр Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойлголцож ажиллаж чадсангүй гэдгээ олны өмнө зарлахад хүргэв.  Эсрэгээрээ Х.Баттулга Ерөнхийлөгч Ардын намтай "гар барьснаар" эрх баригчид ахин  ард түмнээс 62 мандат авч У.Хүрэлсүх Ардын намын төдийгүй Монголын лидер болж харагдаж байна.

НАМУУДАД ОНООСОН ДААЛГАВРУУД

Ардчилсан намынхан намаа үргэжлүүлэн шинэчлэх, Ардын намынхан ажлаа үргэжлүүлэн хийх даалгаврыг ард түмэн өглөө. Хэдийгээр Ардчилсан нам есөн суудлаа 11 болгож өсгөсөн ч энэ нь тун чамлалттай үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, үнэмлэхүй олонхыг хянах хүчтэй сөрөг хүчин бүрэлдэж чадсангүй.

Ардчилсан нам бүхэлдээ шинэчлэгдэх даалгаврыг ард түмэн хоёр дахь удаа оноосон нь жижиг биетэй даргаа том биетэй даргаар солихын нэр биш гэдгийн анхааруулга. Залуус нь улс төрийн идэвхээ сэргээх, ах нарынхаа ард нуугдаж тоглохоо болих цаг болсон гэсэн үг.  Өнгөрсөн хугацаанд М.Энхсайханаас эхлээд ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд халдсан хууль, шүүхийн шийдвэрүүдийн эсрэг Ардчилсан намаас Э.Бат-Үүл мэтийн хөгшчүүлээс өөр дуугарсан залуус цөөн. Ядаж Л.Оюун-Эрдэнэ шиг ил цагаан гараад тэмцэх залуус Ардчилсан намд алга. Иймээс С.Эрдэнэд буруугаа тохохоос илүү Ардчилсан намын залуус алдаагаа эхлээд өөрсдөөсөө хайх хэрэгтэй болж байна. Өөрсдийгөө өөрчилж, улс төрийн гол тоглогчид болоход суралцах цаг нь болжээ, тэдний.

Харин Ардын намд ахин сануулахад ялахаасаа засаглах нь хэцүү. Яг энэ үгийг дөрвөн жилийн өмнө М.Энхболдод сануулж байв. Гэвч ялалтдаа хэт эрдсэн, бярдсан нь түүний алдаа байлаа. Энэ алдааг У.Хүрэлсүх “үргэлжүүлэн” давтах юм бол унах цаг нь удахгүй ирнэ. Үнэмлэхүй олонх болсон нам “араг яс”-аа авч явах том зовлонд унадаг. Бялуу оногдсон нь баярлаж, хоосон үлдсэн нь гоморхдог, урваж, шарвадаг нь намчдын гэм биш зан. Тиймээс л Ж.Эрдэнэбатын засгийг огцруулахад намынх нь 32 хүн эсрэг санал өгч байсныг У.Хүрэлсүх мартаж болохгүй.

Сонгууль, наадам, амралт зугаалга гээд ард түмэн одоохондоо жинхэнэ хямралтай нүүр тулаагүй байна. Цар тахлын аюул ч намжаагүй, хэвээр. Аравдугаар сар гэхэд 250 мянган хүн ажлын байраа алдана гэсэн судалгааг МҮХАТ-аас гаргасан. Статистикийн тавдугаар сарын судалгаанаас харахад хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны тавдугаар сарын эцэст 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 324.6 (39.5%) тэрбум төгрөгөөр өссөн нь иргэдийн амьдрал ямархуу байгааг харуулсан нэг үзүүлэлт юм. Улсын нийт гадаад өр 2020 оны эхний улиралд 30.5 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 939.3 (3.2%) сая ам.доллараар өссөн, улсын төсвийн тэнцлийн алдагдал нь 1.6 их наяд гээд жинхэнэ том хямрал урд байна.  Тэгэхээр иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийн хямралыг давах, том төслүүдээ хөдөлгөх, Оюутолгойн хэлэлцээрийг эхлүүлэх, дэд бүтцийн эхлүүлсэн ажлаа дуусгах гээд У.Хүрэлсүхийн эдлэх ямбаас илүү ял нь хэцүү болохыг сануулъя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж