Posted by News.mn on Thursday, June 25, 2020
Posted by News.mn on Thursday, June 25, 2020
Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ноос сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль бусад хууль тогтоомжид бүрэн нийцсэн, хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон гэж Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо үзэж байна. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд олон мандаттай томсгосон тойргоор зохион байгууллаа.
Энэ удаагийн сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн 21 сонгуулийн хороо, сум дүүргийн 337 сонгуулийн хороо, 2070 хэсгийн хороо, мэдээллийн технологийн 27 баг зохион байгуулж, нийт 35772 төрийн албан хаагч ажиллалаа. Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрсийн жагсаалтыг үйлдэх, шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллав. Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх журмыг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран мөрдүүлж зохион байгууллаа. Хуулиа дээдлэн хоёргүй сэтгэлээр хонон өнжин зүтгэсэн нийт төрийн албан хаагчиддаа баярлалаа.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд 13 нам, 4 эвсэл, 121 бие даагч нийт 606 нэр дэвшигч бүртгүүлж хуулийн хугацаанд сонгуулийн сурталчилгаагаа хийлээ. 2020 оны зургдугаар сарын 24-ний өдөр болсон санал хураалт аянга цахилгаантай, аадар бороотой, үер устай мөн өндөржүүлсэн бэлэн байдлын амаргүй нөхцөлд болсон хэдий ч сонгуулиа амжилттай зохион байгууллаа. 2020 оны зургадугаар сарын 23-ны өдөр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар 20931 сонгогч саналаа өгөх хүсэлт гаргаж 19956 сонгогч буюу 95.34 хувь нь зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгсөн.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий 2003969 иргэн саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1475895 нь буюу сонгогчдын 73.65 хувь нь сонгуульд оролцож саналаа өгсөн байна. 2000 оноос хойш явагдсан сонгуулиудаас хамгийн өндөр ирцтэй сонгууль боллоо.
Сонгуульдаа идэвхитэй, өндөр ирцтэй оролцсон ард иргэддээ баярлалаа. Санал хураалт дууссаны дараа нийт 2070 хэсгийн хорооноос 846-н хэсгийн хороонд буюу 41 хувьд нь гар аргаар хяналтын тооллого хийсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүн зөрүүгүй байна. Энэ удаагийн сонгуулийг ОХУ-ын “Монголия сегодня”, БНХАУ-ын “Жинь Мин Жи Бао Синхуа”, БНСУ-ын “Бреак Ньюс Кореа”, Катарын “Аль жазир” зэрэг гадаад орны хэвлэл мэдээллийн байгууллага болон Монгол Улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын 300 гаруй сэтгүүлчид сурвалчиллаа. Мөн энэ удаагийн сонгуулийг АНУ, Австрали, Япон, Англи, Энэтхэг улсын ажиглагчид, сонгуульд оролцож буй нам, эвсэл, бие даан нэр дэвшигчээс томилогдсон 300 гаруй мянган ажиглагчид хэсгийн хороодод бүртгүүлэн, санал авах байруудад ажиглалт хийлээ.
Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуульд МАН-62, Ардчилсан нам 11, Та бидний эвсэл 1, Зөв хүн электорат эвсэл 1, бие даагч 1 тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон дүн гарлаа. Сонгогдсон гишүүдийн 82.8 хувь буюу 63 нь эрэгтэй, 17.1 хувь буюу 13 нь эмэгтэй байна.
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны зургадугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар санал хураалтын дүнг нэтгэж, тойрогт хамгийн олон санал авсан мандатын тоотой тэнцүү нийт 76 нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгохоор шийдвэр гаргалаа. Ард иргэдийнхээ сонголтыг хүндэтгэж, сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч мэдэгдэл хийсэн нам, эвсэл, нэр дэвшигчиддээ баярлалаа.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.5-д тус тус заасны дагуу Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Төрийн ордонд олгох бөгөөд, сонгуулийн дүнг Монгол Улсын Ерөнхийлөгч болон Монгол Улсын Их Хуралд өргөн барина" гэв.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ СОНГУУЛИЙН ДҮНГИЙН МЭДЭЭЛЭЛ | |||||||
№ | Тойргийн дугаар | Манда-тын тоо | Аймаг, дүүр-гийн нэр | Нэр дэвшүүлсэн субъект | Нэр дэвшигчийн эцэг /эхийн/ нэр, өөрийн нэр | Нэр дэвшигчийн төлөө өгсөн саналын | |
тоо | хувь | ||||||
1 | 1 | 3 | Архангай | Монгол Ардын Нам | Ёндонпэрэнлэйн БААТАРБИЛЭГ | 21849 | 48.08 |
2 | Монгол Ардын Нам | Жамъянгийн МӨНХБАТ | 21478 | 47.26 | |||
3 | Монгол Ардын Нам | Ганзоригийн ТЭМҮҮЛЭН | 20204 | 44.46 | |||
4 | 2 | 3 | Баян-Өлгий | Монгол Ардын Нам | Хавдисламын БАДЕЛХАН | 23379 | 46.81 |
5 | Монгол Ардын Нам | Телуханы АУБАКАР | 22662 | 45.37 | |||
6 | Ардчилсан Нам | Буланы БЕЙСЕН | 22448 | 44.94 | |||
7 | 3 | 3 | Баянхонгор | Монгол Ардын Нам | Гомбожавын ЗАНДАНШАТАР | 24029 | 53.06 |
8 | Ардчилсан Нам | Дашдондогийн ГАНБАТ | 21427 | 47.31 | |||
9 | Ардчилсан Нам | Амгалангийн АДЪЯАСҮРЭН | 19076 | 42.12 | |||
10 | 4 | 2 | Булган | Монгол Ардын Нам | Цогт-Очирын АНАНДБАЗАР | 15624 | 52.99 |
11 | Монгол Ардын Нам | Жадамбын БАТ-ЭРДЭНЭ | 14305 | 48.52 | |||
12 | 5 | 2 | Говь-Алтай | Монгол Ардын Нам | Бямбасүрэнгийн ЭНХ-АМГАЛАН | 14801 | 52.18 |
13 | Монгол Ардын Нам | Шатарбалын РАДНААСЭД | 14235 | 50.19 | |||
14 | 6 | 2 | Дундговь, Говьсүмбэр | Монгол Ардын Нам | Сүхбаатарын БАТБОЛД | 14091 | 50.23 |
15 | Монгол Ардын Нам | Гомпилдоогийн МӨНХЦЭЦЭГ | 10175 | 36.27 | |||
16 | 7 | 2 | Дорнод | Монгол Ардын Нам | Хаянгаагийн БОЛОРЧУЛУУН | 16798 | 46.55 |
17 | Монгол Ардын Нам | Цэдэвийн СЭРГЭЛЭН | 16245 | 45.02 | |||
18 | 8 | 2 | Дорноговь | Монгол Ардын Нам | Борхүүгийн ДЭЛГЭРСАЙХАН | 21238 | 67.49 |
19 | Монгол Ардын Нам | Төмөртогоогийн ЭНХТҮВШИН | 17411 | 55.33 | |||
20 | 9 | 2 | Завхан | Монгол Ардын Нам | Цэдэндамбын ЦЭРЭНПУНЦАГ | 18828 | 49.63 |
21 | Монгол Ардын Нам | Балжиннямын БАЯРСАЙХАН | 14350 | 37.83 | |||
22 | 10 | 3 | Өвөрхангай | Монгол Ардын Нам | Содномын ЧИНЗОРИГ | 32808 | 61.62 |
23 | Монгол Ардын Нам | Дуламдоржийн ТОГТОХСҮРЭН | 30020 | 56.39 | |||
24 | Монгол Ардын Нам | Гочоогийн ГАНБОЛД | 23560 | 44.25 | |||
25 | 11 | 2 | Өмнөговь | Монгол Ардын Нам | Нанзадын НАРАНБААТАР | 15929 | 49.64 |
26 | Ардчилсан Нам | Дашдэмбэрэлийн БАТ-ЭРДЭНЭ | 15239 | 47.49 | |||
27 | 12 | 2 | Сүхбаатар | Ардчилсан Нам | Жамбын БАТСУУРЬ | 19451 | 58.88 |
28 | Ардчилсан Нам | Наянтайн ГАНИБАЛ | 17395 | 52.65 | |||
29 | 13 | 3 | Сэлэнгэ | Монгол Ардын Нам | Жаргалтулгын ЭРДЭНЭБАТ | 22865 | 46.61 |
30 | Монгол Ардын Нам | Чинбатын УНДРАМ | 22583 | 46.04 | |||
31 | Монгол Ардын Нам | Дамдинсүрэнгийн ӨНӨРБОЛОР | 19412 | 39.57 | |||
32 | 14 | 3 | Төв | Монгол Ардын Нам | Жигжидийн БАТЖАРГАЛ | 18531 | 42.32 |
33 | Ардчилсан Нам | Цэвэгдоржийн ТУВААН | 16125 | 36.82 | |||
34 | Монгол Ардын Нам | Нямаагийн ЭНХБОЛД | 15842 | 36.18 | |||
35 | 15 | 3 | Увс | Ардчилсан Нам | Одонгийн ЦОГТГЭРЭЛ | 26644 | 61.00 |
36 | Монгол Ардын Нам | Чимэдийн ХҮРЭЛБААТАР | 22562 | 51.65 | |||
37 | Монгол Ардын Нам | Баттогтохын ЧОЙЖИЛСҮРЭН | 21378 | 48.94 | |||
38 | 16 | 3 | Ховд | Ардчилсан Нам | Ширнэнбаньдын АДЬШАА | 22549 | 52.30 |
39 | Ардчилсан Нам | Бөхчулууны ПҮРЭВДОРЖ | 18578 | 43.09 | |||
40 | Монгол Ардын Нам | Сандагийн БЯМБАЦОГТ | 18464 | 42.83 | |||
41 | 17 | 3 | Хөвсгөл | Монгол Ардын Нам | Цэрэнпилийн ДАВААСҮРЭН | 33783 | 54.08 |
42 | Монгол Ардын Нам | Лхагвын МӨНХБААТАР | 29351 | 46.98 | |||
43 | Монгол Ардын Нам | Лувсанцэрэнгийн ЭНХ-АМГАЛАН | 27931 | 44.71 | |||
44 | 18 | 3 | Хэнтий | Монгол Ардын Нам | Ухнаагийн ХҮРЭЛСҮХ | 25356 | 71.01 |
45 | Монгол Ардын Нам | Лувсаннамсрайн ОЮУН-ЭРДЭНЭ | 25169 | 70.48 | |||
46 | Монгол Ардын Нам | Бадмаанямбуугийн БАТ-ЭРДЭНЭ | 19887 | 55.69 | |||
47 | 19 | 3 | Дархан-Уул | Монгол Ардын Нам | Болдын ЖАВХЛАН | 24026 | 53.28 |
48 | Монгол Ардын Нам | Гонгорын ДАМДИННЯМ | 22347 | 49.56 | |||
49 | Монгол Ардын Нам | Баагаагийн БАТТӨМӨР | 19824 | 43.96 | |||
50 | 20 | 3 | Орхон | Монгол Ардын Нам | Дамбын БАТЛУТ | 22621 | 49.52 |
51 | Бие даан нэр дэвшигч | Норовын АЛТАНХУЯГ | 19595 | 42.90 | |||
52 | "ТА БИДНИЙ ЭВСЭЛ" /МАХН-ИЗНН-МУНН/ | Сайнхүүгийн ГАНБААТАР | 17034 | 37.29 | |||
53 | 21 | 2 | Багануур, Багахангай, Налайх | Монгол Ардын Нам | Сайнбуянгийн АМАРСАЙХАН | 21969 | 68.66 |
54 | Монгол Ардын Нам | Цэндийн САНДАГ-ОЧИР | 15576 | 48.68 | |||
55 | 22 | 2 | Баянзүрх дүүрэг | Монгол Ардын Нам | Баттөмөрийн ЭНХБАЯР | 36364 | 45.08 |
56 | Монгол Ардын Нам | Батсүхийн САРАНЧИМЭГ | 25228 | 31.28 | |||
57 | 23 | 3 | Баянзүрх дүүрэг | Монгол Ардын Нам | Жигжидсүрэнгийн ЧИНБҮРЭН | 41004 | 52.58 |
58 | Монгол Ардын Нам | Хүрэлбаатарын БУЛГАНТУЯА | 35472 | 45.49 | |||
59 | Монгол Ардын Нам | Энхтайваны БАТ-АМГАЛАН | 30870 | 39.59 | |||
60 | 24 | 3 | Сүхбаатар дүүрэг | Монгол Ардын Нам | Дамдины ЦОГТБААТАР | 25333 | 39.43 |
61 | Монгол Ардын Нам | Цэндийн МӨНХ-ОРГИЛ | 23637 | 36.79 | |||
62 | Монгол Ардын Нам | Цэрэнжамцын МӨНХЦЭЦЭГ | 20584 | 32.04 | |||
63 | 25 | 3 | Чингэлтэй дүүрэг | Монгол Ардын Нам | Төмөрбаатарын АЮУРСАЙХАН | 33356 | 48.28 |
64 | Монгол Ардын Нам | Мөнхөөгийн ОЮУНЧИМЭГ | 27339 | 39.57 | |||
65 | Монгол Ардын Нам | Жамъянхорлоогийн СҮХБААТАР | 23365 | 33.82 | |||
66 | 26 | 3 | Баянгол дүүрэг | Монгол Ардын Нам | Хассуурийн ГАНХУЯГ | 50073 | 48.27 |
67 | Монгол Ардын Нам | Жамбалын ГАНБААТАР | 48624 | 46.87 | |||
68 | Ардчилсан Нам | Салдангийн ОДОНТУЯА | 27143 | 26.16 | |||
69 | 27 | 2 | Сонгинохайрхан дүүрэг | Монгол Ардын Нам | Хишгээгийн НЯМБААТАР | 32962 | 56.65 |
70 | Монгол Ардын Нам | Бадарчийн ЖАРГАЛМАА | 24867 | 42.74 | |||
71 | 28 | 3 | Сонгинохайрхан дүүрэг | Монгол Ардын Нам | Ням-Осорын УЧРАЛ | 53651 | 65.54 |
72 | Монгол Ардын Нам | Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР | 36785 | 44.94 | |||
73 | Монгол Ардын Нам | Пүрэв-Очирын АНУЖИН | 32031 | 39.13 | |||
74 | 29 | 3 | Хан-Уул дүүрэг | Монгол Ардын Нам | Ганибалын АМАРТҮВШИН | 37476 | 42.11 |
75 | Монгол Ардын Нам | Даваажанцангийн САРАНГЭРЭЛ | 37457 | 42.09 | |||
76 | "ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ" эвсэл | Тогмидын ДОРЖХАНД | 24449 | 27.47 |
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Бие даагчид өнөөдөр /2020.06.26/ мэдээлэл хийх үеэрээ саналын тоонд таслал оруулж, хар машиныг хакердсан гэж ярьж байна. Үүнд тайлбар өгнө үү?
"Монгол Улсын 29 тойрог 2 эсвэл 3 мандаттай байгаа. Тэгэхээр санал өгсөн сонгогчийн тоо саналын тоо зөрнө. Үүнийг ямар ч хүн ойлгоно. Жишээ нь би гурван мандаттай тойргоос гурван нэр дэвшигчийг дугуйлахад миний санал гурав, сонгогчийн тоо нэг гэсэн үг. Тухайн тойргийн мандатын тоогоор нэр дэвшигчийн нэрийг дугуйлна. Уг нь энийг ойлгоход амархан шүү дээ. Гурван мандаттай тойрогт сонгогчийн тооноосоо гурав дахин их санал гарна. Хоёр мандаттай тойрогт сонгогчийн тооноосоо хоёр дахин их санал гарна. Санал өгсөн хүмүүс үүнийг ойлгож байгаа. Дахиад хэлье, Нэг сонгогч хуулиараа хоёр эсвэл гурван хүнд санал өгнө. Асуудалд хуулиараа л хандах ёстой. Нэг хүний санал тухайн тойргоосоо хамаараад хоёр эсвэл гурав болж нэмэгдэнэ гэсэн үг.
СЕХ-ны Мэдээлэл технологийн газрын дарга Эрдэнэбат: Гадуур цэг, таслал, бутархай тоо орж ирсэн гэх яриа байна. Бид дэлгэц дээр мэдээллийг шууд дамжуулж байсан. Таслал бол мянгачлах таслал. Эрэмбэлдэг программ ажиллахгүйгээр шууд дээш нь гаргасан байсан. Тоон утга нь бол хэвээрээ. Тоонд өөрчлөлт орсон зүйл байхгүй. Бүх намын ажиглагч нар мэдээллийг нягталж, мөн 800 гаруй хэсгийн хороон дээр хяналтын тооллогыг гараар тоолж тулгасан. Алдаа байхгүй.
-Нийгэмд сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор хардлага их байна?
-Зөвхөн энэ удаагийн сонгуулийн дараа гарсан хардлага биш. Сонгуулийн дараа хардлага гарах нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд байсаар ирсэн. СЕХ хуулиа л барьж ажилладаг. 606 нэр дэвшигчээс 76 нь л гишүүнээр сонгодог. Энэ эрэмбэлэлтийг ард түмэн сонголтоороо хийдэг. Үлдсэн 530 нь гомдолтой үлддэг. Гэхдээ энэ удаагийн сонгуулийг зохион байгуулалт сайтай болсон, баяр хүргэе гэж зарим нам, эвсэл, бие даагчид үзэж байгаагаа илэрхийлсэн. Гомдолтой байгаа бол нэр дэвшигчид хуулийн дагуу зохих байгууллагад нь хандах боломжтой. Шалгадаг, хянадаг газрууд нь бий.
–Ерөнхийлөгчид сонгуулийн үр дүнг хэзээ өргөн мэдүүлэх вэ?
-Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр цаг авахаар хүсэлтээ хүргүүлсэн. Одоогийн байдлаар Ерөнхийлөгч хараахан цаг өгөөгүй байна. Хуулиараа Сонгуулийн дүнг УИХ болон Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ гэсэн заалттай. УИХ-ын даргад Даваа гаригийн 12.00 цагт өргөн мэдүүлэхээр цаг авсан.
-Хар машин хакердсан гэх хардлагад ямар тайлбар өгөх вэ?
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 606 нэр дэвшигчдээс 76 нэр дэвшигч нь л УИХ-ын гишүүн болж, үлдсэн 530 хүн гомдолтой үлдэж байгаа. Яагаад гэвэл УИХ 76 суудалтай.
-Сонгуулийн сурталчилгааны хугацаанд зургаан нэр дэвшигчийг СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр шүүхээс цагдан хорьсон. Энэ асуудалд СЕХ ямар байр суурьтай байгаа вэ. Хууль зөрчигдсөн үү?
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: Энэ асуудлаар шүүхээс мөн нэр дэвшигчийн нам, эвслээс мөн өмгөөлөгчдөөс нь манайд хандахад тухай бүрт нь СЕХ хариулт өгсөн. Нэр дэвшигчийг СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр баривчлах, саатуулах, цагдан хорих хуулийн зохицуулалттай гэдэг хариултыг өгсөн. Үүнээс гадна баривчлах хүсэлтийг нэг ч газраас ирүүлээгүй. Хоёрдугаарт, 606 нэр дэвшигчийг СЕХ бүгдийг нь сонгуульд авч орсон. Юу гэсэн үг вэ гэхээр нэг ч нэр дэвшигчийг цагдан хорих, баривчлах зөвшөөрөл өгөөгүй. Энэ талаар өмнө ч мэдээлэл өгч байсан.
-Хяналтын тооллогыг маргаан гарсан тойргуудад хийх нь зөв юм биш үү. Хоёрдугаарт, саналыг хуудсыг улстөрчдийн нөлөө бүхий хэвлэлийн компаниар хийлгүүлсэн гэдэг шүүмжлэл ч гарсан?
-Сонгуулийн тухай хуульд хяналтын тооллогыг санамсаргүй сонголтын аргаар 50 хүртэлх хувьд нь хийнэ гээд заачихсан. Энэ дагуу хяналтын тооллогыг 41 хувьд хийсэн. Энэ хуулийг би эсвэл СЕХ өөрчлөх боломжгүй. Хуулийг баталдаг газар нь УИХ, түүнийг хэрэгжүүлдэг нь СЕХ. Хяналтын тооллогыг 100 хувь хийхээр санал гаргасан ч УИХ-аар дэмжигдээгүй. Хяналтын тооллогыг санамсаргүй сонголтын аргаар мөн 50 хүртэлх хувьд нь хийнэ гэдэг заалт хуучин хуульд байсан. Энэ заалт хэвээрээ үлдсэн.
Хоёр дахь асуултын тухайд, саналын хуудас хэвлэх зөвшөөрөлтэй хоёр компани байдаг. Хоёр компанийн аль аль нь хэвлэсэн. Жишээ нь Баянхонгор аймгийн саналын хуудсыг зөрүүлж нөгөө компаниар хэвлүүлсэн. Цаашид өрсөлдөөнийг сайжруулахын тулд олон компани саналын хуудас хэвлэдэг байх зорилтыг тавьж байгаа.
-СЕХ-ны даргын хувьд та хар машинд итгэдэг үү?
-Итгэх, итгэхгүйн тухайн асуудал биш ээ. 2011 онд УИХ сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг баталсан. 2020 онд энэ системээр сонгуулиа зохион байгуулахыг шийдвэрлэж, УИХ-аас тогтоол гаргасан. Хэрэгжүүлэхийг нь СЕХ-нд даатгасан. Автоматжуулсан системийг нэвтрүүлсэн нь 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлыг та бүхэн санаж байгаа байх. Үүний дараа нам, эвслүүд зөвшилцөөд гараар тоолохоос татгалзъя, техникийн дэвшлийг ашиглая гэж үзээд УИХ сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг баталсан. Тус хуулийн дагуу 2012 оноос хойш бүх сонгуульд автоматжуулсан системээр явагдаж байна. Үүнээс хойш ямар нэгэн үймээн самуун, хүний амь эрсэдсэн асуудал гараагүй. Санал хураалтын цаг дуусангуут сонгуулийн дүнг дэлгэцээр ард түмэнд шууд харуулж байна. Өмнө нь долоо хоног эсвэл 10, 14 хоногийн дараа хамгийн хурдан гэвэл тав хоногийн дараа сонгуулийн дүн гардаг байсан. Одоо бол маш шуурхай болсныг та бүхэн сайн мэднэ. Би хар машинд итгэдэг, энэ бол дэвшил гэж ойлгодог.
Холбоотой мэдээ