ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна.
Posted by News.mn on Thursday, June 25, 2020
Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ шинэ коронавирусийн тархалтын талаар ээлжит мэдээллээ хийж байна.
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
Covid-19-т халдвар дэлхийн 216 оронд тархаж, нийт есөн сая 679 мянган хүн халдвар авч, 488 мянган хүн нас бараад байна. Одоогоор 3.2 сая хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт 150 мянган хүн халдвар авч, 4000 гаруй хүн нас барсан байна. АНУ, Бразил, Энэтхэг халдвараар тэргүүлж байна. АНУ-д ирэх долоо хоногт халдварын оргил үе болно гэж үзэж байгаа. Мөн Европын зарим оронд хөл хориог сулруулснаар халдварын тохиолдол нэмэгдэж байгаа.
ОХУ-д сүүлийн 24 цагт 7113 хүн халдвар авч, 92 хүн нас барсан. Монгол Улсын хувьд хяналтад 2566 хүн байна. 1-5 насны 13 хүүхэд, 53 жирэмсэн эмэгтэй байна. Сүүлийн 24 цагт шуурхай 119 дугаарын утсанд 164 дуудлага ирлээ. Мөн шуурхай аппликейшнд ОХУ, Турк, Япон, АНУ-аас иргэд холбогдож мэдээлэл авсан.
ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү:
ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн нэг лабораторид өчигдөр /2020.6.26/ 171 хүний шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр 168-д вирус ирээгүй. Харин гурван хүнээс вирус илэрлээ. Энэ нь зургадугаар сарын 25-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг эмэгтэй, хоёр эрэгтэй оюутан.
ХӨСҮТ-өөс өнөөдөр 19 настай оюутан эдгэж дараагийн ажиглалтад шилжлээ. Нийт тохиолдол 219 болж, 170 эдгэсэн. Одоогоор ХӨСҮТ-д 49 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж буй хүмүүсийн 42 хөнгөн, долоо нь хүндэвтэр байгаа.
ЭМЯ-ны ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн:
Одоогоор Covid-19-т халдварын талаарх 36237 эрдэм шинжилгээний ажил хийгдсэн. Үүний 141 нь вакцины судалгаа. Вакцин гарахаас нааш халдварын гурав, дөрөв дэх дэгдэлт гарах тул иргэд хөл хорионд байх нь зүйтэй гэж эрдэмтэд зөвлөж байна. Covid-19-т халдвараар өвчилсний дараа чихрийн шижинтэй болох эрсдэл өндөр гэж үзэж байгаа.
БНХАУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүндээр өвдсөн өвчтөнүүд мэдэрлийн гаралтай өвчнөөр өвчлөх нь их байна. Covid-19 нь цельсийн дөрвөн хэмд хамгийн тэсвэртэй байдаг бөгөөд температур ихсэх тусам тэсвэргүй гэж үзэж байна. Мөн вирус хамар хоолойн саластад хадгалагдах эрсдэлтэй тул амны хаалт зүүхээс гадна амаа давс, соданы уусмалаар зайлахыг зөвлөж байгаа.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ