Орос орон яагаад Монголд улам нааштай хандах болов?

Хуучирсан мэдээ: 2020.06.26-нд нийтлэгдсэн

Орос орон яагаад Монголд улам нааштай хандах болов?

Орос орон яагаад Монголд улам нааштай хандах болов?

Тэртээ 13-р зуунд одоогийн Орос орон, Украин, Беларусын  ихэнх газар нутгийг хамарсан Киевийн Русийг Чингисийн жанжин Зэвийн удирдлага дор монголчууд эзлэн авч байсан ч аажимдаа тэрхүү түрэмгийлэл намжсан аж. Гэтэл монголчууд хоёр дахь удаагаа Чингисийн ууган хөвүүн Зүчийн тушаалаар Оросын газар нутгийг дахин эзэлж байв. Түүний дараах үеийг “Монгол-Татар буулга” гэж нэрлэдэг бөгөөд энэ үед Орос орон монголчуудын Алтан Ордны улсын харьяа болжээ.

Гэхдээ 21-р зууны Орос, Монголын харилцаа дундад зууныхаас эрс ялгаатай болжээ.

Орос улс дэлхийн хоёрдугаар дайнд нацизмыг сөнөөсөн ЗХУ-ын ялалтыг дурсан тэмдэглэхээр жил бүр зохион байгуулдаг Ялалтын баярын сүрт жагсаалд оролцуулахаар Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн бие бүрэлдэхүүнийг урьсан билээ. Монгол Улс ийнхүү сүрт жагсаалд уригдсан нь хэд хэдэн чухал шалтгаантай юм. Нэгдүгээрт, жагсаалд оролцсон бусад үндэстнүүд нь Армен, Беларус, Серб, Узбекстан зэрэг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болоод Кремльтэй нягт холбоотой улсууд байх аж. Харин онцолж үзэхэд Монгол орон бол бэлгэдэл талаасаа ч ОХУ-ын хамгийн тогтвортой холбоотон билээ. Цаашлаад энэхүү сүрт жагсаалд Монгол Улс оролцож байгаа нь Хоёрдугаар дайны хүнд хэцүү цаг үед Зөвлөлт Холбоот Улсыг мөнгө, түүхий эд, цэргийн тусламжаар хангаж байсан монголчуудын сэтгэл, зүтгэл, хөдөлмөр, үнэт хувь нэмрийг 21-р зуунд Орос улс марталгүй үнэлж, талархал илэрхийлж байгаагийн илрэл юм.

Өнгөрсөн жил Путин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод айлчилж, Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай байнгын найрамдлын гэрээ байгуулсан. Гэрээ хэлэлцээр хийх үеэр Путин хоёр улсын улс төр, эдийн засаг, соёлын харилцаа маш чухал болохыг цохон тэмдэглэсэн билээ.

Монгол, Оросын худалдааны харилцаа тасралтгүй бэхжсээр байгаа гэнэ. 2019 оны эхний есөн сарын байдлаар хоёр орны худалдааны эргэлт 1.7 тэрбум орчим ам.доллар байсан нь өмнөх оны мөн үеэс 13 хувиар өссөн үзүүлэлт юм. Нэмж дурдахад Оросын компаниуд Монголын томоохон дэд бүтцийн төслүүдэд, түүний дотор Улаанбаатар төмөр замын шинэчлэл хийх ажилд багагүй хувь нэмэр оруулдаг аж.

Чухам Москва яагаад Улаанбаатартай найрамдалт харилцаагаа цаашид бэхжүүлэхийг сонирхож байна вэ? Худалдааны салбарт гайхалтай ахиц гарч байгаа хэдий ч хоёр улсын хоорондох худалдааны тээврийн зардал өндөр. Хоёр улсын хил 3500 км үргэлжилдэг бөгөөд цаашилбал уулархаг толгод, тал хээрээрээ алдартай Монгол Улс нь ердөө 3 сая гаруй хүн амтай тул Оросын бараа бүтээгдэхүүнийг ихээр худалдан авах томоохон түнш болж чадах нь эргэлзээтэй.

Шинжээчдийн тооцоолсноор Монгол Улсын эрчим хүчний хангамжийн 90 гаруй хувь нь Оросоос хамаардаг. Монгол Улс Оросын эрчим хүчийг Хятад руу дамжуулж буй чухал маршрут болдог аж. Гэвч энэ шалтгаанууд Путиний хувьд Монгол Улсын ач холбогдол улам бүр нэмэгдэж байгааг тайлбарлахад хангалтгүй юм.

Орос, Хятадын Монгол дахь нөлөөллийн төлөө өрсөлдөж буй шалтгааныг олон тоймч, шинжээч, зохиолч нар тайлбарласан байдаг. Тэдгээр нь үнэний хувьтай ч юун түрүүнд шалтгааныг нь бүрэн ойлгохын тулд Москвагийн бүс нутгийн өргөн цар хүрээтэй бодлогыг харах хэрэгтэй бололтой. Оросын Монголыг ихээр сонирхож байгаа нь төв Азийн бүс нутагтай илүү өргөн цар хүрээтэй ажиллах төлөвлөгөөний нэг хэсэг юм.

COVID-19 цар тахлыг үл ажран төв Азийн таван орны дөрвийнх нь удирдагч Ялалтын баярын сүрт жагсаалд оролцож байна. Энэ бол Орос төв Азид нөлөөтэй хэвээр буйг харуулах нэг завшаан юм. Цаашилбал, Орос улс дурсгалын чухал арга хэмжээнд оролцох урилгаас гадна тус бүс нутагт хүч чадлаа харуулахын тулд хэд хэдэн арга хэмжээ авсаар байна. Өнгөрсөн жил Узбекистан улс Оросын хамгийн сүүлийн үеийн цэргийн техник хэрэгслийг авах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэнээс гадна энэ долоо хоногт Орос, Тажикстаны цэргүүд Тажикстаны нийслэл Душанбе хотын ойролцоох ууланд цэргийн сургуулилт хийв.

Мөн дээрх байдлаас үзэхэд Орос ийнхүү бүс нутгийн харилцаагаа бэхжүүлэх гэсэн оролдлого нь Хятадын нөлөөллийг эсэргүүцэх зорилготой байж болох юм хэмээн олон хүн үздэг. Гэвч энэ нь хэтэрхий энгийн бөгөөд бусад гүрнүүдийн оролцоог шууд үгүйсгэсэн таамаг юм. Москвагийн Төв Ази, Монголд хэрэгжүүлж буй стратеги нь зөвхөн Хятадад гэхээс илүү бусад олон өрсөлдөгчиддөө хандсан үйл ажиллагаа аж.

Тухайлбал, Турк улс Төв Азийн нутгуудтай түүхэн харилцаатай байдаг. 16-р зуунд монголчуудын үр хойч Оросын аймшигт Цар Иванд  ялагдсаны дараа Османы түрэгүүд оросуудтай хийж буй тэмцэлд Түрэг Монгол ахан дүүсээ үргэлжлүүлэн дэмжиж байв. Харин сүүлийн үед Турк улс нь зөөлөн хүчний дипломат бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж эхэлсэн байна. Жишээ татвал, Турк Монголын компанитай хамтарч маск болон бусад эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх, монгол фермерүүдэд туслах хүчин чадал бүхий 250 тоннын багтаамжтай агуулах барих ажил эхлүүлсэн аж. Харин Турк, Орос хоёр улс төвөгтэй харилцаатайгаас гадна Сири, Ливийн мөргөлдөөнд өөр өөр талыг дэмжиж байгаа билээ.

Цаашилбал, Путин АНУ-ын Монголд нааштай хандаж байгааг сайн мэдэж байгаа. Вашингтон Монгол Улсыг "Номхон далай дахь чухал түнш" хэмээн дахин нотолж, хамтдаа "эрх чөлөө, ардчилал ба хүний ​​эрхийн хамтын хэлэлцээр" -д гарын үсэг зурсан билээ. Тиймээс Оросын Монголтой харилцаж буй нь зөвхөн Хятадын эсрэг гэхээс илүү Турк, АНУ зэрэг бусад өрсөлдөгчдөөсөө өрсөж төв Азийн бүс нутагт дангаар нөлөөлөх гэсэн оролдлого юм.

Ялангуяа өнөө үед Орос өмнөд хөрштэйгээ эерэг харилцаатай байх нь урьд өмнөхөөс илүү чухал зүйл болоод байна. Учир нь хэрвээ Орос Монголд нөлөөлж чадахаа байвал орыг нь эзлэхийг өөр олон улс санаархаж байгаа юм.

Эх сурвалж: THEDIPLOMAT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
61
ЗөвЗөв
18
ТэнэглэлТэнэглэл
7
ХөөрхөнХөөрхөн
6
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж