Их Британийн таван иргэнийг цаазалсан “Исламын улс” бүлэглэлийн шинэ зандалчин хэн болохыг тогтоохоор тус улсын тагнуулын албаныхан ажиллаж байна. “Шинэ Жихади Жон” хочийг аваад буй нүүрэндээ багтай зандалчин Мохаммед Эмвазитай ижил англи аялгатай аж. Жихади Жон нэрээр алдаршсан Мохаммед Эмвазийг өнгөрсөн арваннэгдүгээр сард АНУ-ын агаарын цохилтоор устгасан байна.
Сиддхартха Дарр
Их Британийн тагнуулынхан “Исламын улс” бүлэглэлийн шинэ зандалчныг 32 настай Сиддхартха Дарр гэгч байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа аж. Сиддхартха Дарр нь Лондоны зүүн хэсэгт худалдагч хийдэг байсан аж. Түүнийг 2014 оны есдүгээр сард “аль-Мухажироун” гэх шариатын хуулийг дагадаг бүлэглэлийн гишүүн байхад нь баривчилж байжээ. Шүүхээс түүнийг батлан даалтад сулламагц Их Британиас явж Сирид очсон гэнэ. Эцэг эх нь Сиддхартха Даррыг хинди шашинтан болгож хүмүүжүүлсэн боловч исламын шашин руу урвасан байна. Улмаар эхнэр Айша нь хэт даврагч болсон гэнэ.
“Исламын улс” бүлэглэлийн цацсан видео бичлэгт буу барьсан зандалчин Их Британид халдаж, шариатын хуулийг тогтооно хэмээн заналхийлжээ. Мөн тэрбээр Их Британийн ерөнхий сайд Дэвид Камероныг “Цагаан ордны боол”, “еврейн эрлийз” гэх мэтээр доромжилсон байна.
Иса Даре
Үүний зэрэгцээ бичлэгт гарсан 4-5 насны балчир хүүг ээжтэйгээ хамт Сири рүү зугтсан Иса Даре гэгч болохыг гэр бүлийнхэн нь таньжээ. Исламын хэт даврагчдад “тархиа угаалгасан” балчир хүү “тэнд очиж итгэгч бус хүмүүсийг хөнөө” хэмээн ярих бичлэгт гарсан байна. Хүүгийн ээж Грэйс Даре нь Нигери улсаас ирсэн христийн гэр бүлд өссөн ч исламын шашин руу урваж 2012 онд Сири рүү зугтсан аж.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS