МАН-ын 62-т хяналт тавих 14

Хуучирсан мэдээ: 2020.06.26-нд нийтлэгдсэн

МАН-ын 62-т хяналт тавих 14

МАН-ын 62-т хяналт тавих 14

Монголын ард түмэн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, хууль тогтоох дээд байгууллагыг шинээр байгууллаа.

Сонгогчдын сонголтоор МАН 62 суудал авснаар Монгол Улс нэг намын дарангуйлал дор дөрвөн жилийг өнгөрөөх боллоо. Харин энэ дарангуйллын эсрэг сөрөг хүчин болж ажиллах үүрэг 14 хүнд ногдож байна.  Энэхүү 14 суудлын 11 нь Ардчилсан намаас ялалт байгуулсан С.Одонтуяа, О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа, Ж.Батсуурь, Н.Ганибал, Д.Бат-Эрдэнэ, Д.Ганбат, Ц.Туваан, А.Адъяасүрэн, Б.Бейсен нар хамаарна. Та бидний эвслээс өрсөлдсөн С.Ганбаатар, Зөв хүн электорат эвслээс өрсөлдсөн Т.Доржханд, бие дааж өрсөлдсөн Н.Алтанхуяг нар хэр зөв ажиллаж чадахаас 62 кнопыг хянаж чадах эсэх шийдэгдэнэ. Хэт олонхийн суудлын эсрэг 14 кноп чамлалттай сонсогдох ч бурууд хурц, зөвийг нь дэмжиж ажиллаж чадвал ард нь Монголын 3 сая иргэний итгэл найдвар бий.

Сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх 14 нэр дэвшигчээс Н.Алтанхуяг нь УИХ-д хамгийн олон удаа буюу дөрөв дэх удаагаа сонгогдоод байна.

Тэрбээр 1996 онд УИХ-д сонгогдон ажиллаж байсан бөгөөд 2012 онд Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд, 1998 онд Хүнс хөдөө аж ахуйн сайд, 2004 онд эвслийн Засгийн газрын Сангийн сайдаар, 2008 онд С.Баярын Засгийн газарт Тэргүүн шадар сайдаар тус, тус ажилласан. АН-ын даргаар мөн ажиллаж байв.

Харин парламентад хоёр дахь удаагаа сонгогдон ажиллах болж байгаа таван нэр дэвшигчийн дөрөв нь АН-ын гишүүд юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа, Д.Бат-Эрдэнэ, Д.Ганбат нар болно.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нь 2016 оноос Ховд аймгаас хоёр дахь удаагаа сонгогдоод байна.

С.Одонтуяа нь нийслэлийн Баянгол дүүргээс 2012 онд УИХ-д сонгогдож, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд даргаар ажиллаж байв. 2016 оны сонгуульд ялагдсан ч орон нутгийн сонгуульд өрсөлдөн, Баянгол дүүргийн Засаг даргаар томилогдсон. Улмаар энэ удаагийн сонгуульд сонгогчид итгэл хүлээлгэснээр хууль тогтоох дээд байгууллагад ажиллах виз аваад байна.

УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ 2012 онд Өмнөговь аймгаас сонгогдож байсан. Н.Алтанхуягийн Засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар ажилласан.

УИХ-ын гишүүн асан Д.Ганбат нь 2012 онд Баянхонгор аймагт ялалт байгуулан, УИХ-ын гишүүнээр сонгогдож, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байв.

Та бидний эвслээс нэр дэвшин ялалт байгуулсан С.Ганбаатар 2012 онд Дархан-Уул аймагт бие даан өрсөлдөж, УИХ-д сонгогдож байсан. 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсний дараа МАХН-ын гишүүн болж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, явсан.

2020 оны УИХ-ын сонгуульд Та бидний эвслээс Орхон аймагт өрсөлдсөнөөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өрсөлдөж, өвдөг шороодсон тойргоос ялалт байгуулаад байна.

Ж.Батсуурь, Н.Ганибал, Ц.Туваан, А.Адъяасүрэн, Б.Бейсен, О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, Т.Доржханд нарын хувьд анх удаа УИХ-д ажиллана.

Ж.Батсуурь Сүхбаатар аймгийн Засаг дарга байсан бол Н.Ганибал нь Хүнс хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байв.

А.Адъяасүрэн “Номгон санчир” группийн, О.Цогтгэрэл "Тэсо" группийн захирал юм. Харин Ц.Туваан нь Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бол Ш.Адьшаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх.

Зөв хүн, зөв электорат эвслээс нэр дэвшин ялалт байгуулсан Т.Доржханд нь Сангийн яаманд ажиллаж байсны зэрэгцээ ХҮН-ын ерөнхий нарийн бичгийн дарга байв.

Л.ОЮУ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж