Улаанбаатар хотод өнгөрсөн хоёр хоногт орсон түр зуурын бороо нийслэлийн авто замын чанарыг шалгав. Авто зам битүү усаар дүүрч, явган хүн байтугай авто машинтай хөдөлгөөнд оролцоход ч бэрх болсон. Тухайлбал, Улаанбаатар хотод энэ сарын 24-нд буюу сонгуулийн өдөр орсон түр зуурын хүчтэй борооны улмаас гудамж талбай их хэмжээний усанд автаж, автомашин явах боломжгүй болсон. Үүний нэг нь Баянгол дүүрэг дэх Чингүнжавын гудамжны авто зам. Зарим иргэд замын нөхцөл байдлын талаар бичлэг хийж, фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн. Энэ мэт түр зуурын борооноор авто зам усанд автаж, иргэдэд хүндрэл учруулсан хэвээр. Сурвалжлагаараа энэ асуудлыг хөндөхийг зорилоо.
“ЗАМ НҮХЭЛЧИХЭЭД, ХУРДАН ШУУРХАЙ ЗАСАХГҮЙ БАЙНА”
Биднийг өглөөний 10.00 цагийн орчимд 25 дугаар эмийн сангийн уулзвар хэсэгт очиход борооны усанд идэгдсэн авто замын хэсгийг хусч цэвэрлэсэн байв. Машинууд замын дунд болон зах хэсэгт үүссэн нүхийг аль болох тойрч явахыг хичээх аж.
Замын голд ТҮК-ийн хоёр ажилтан усархаг бороонд урсаж ирсэн шороог шүүрдэнэ. Уг зам дагуу энд тэндгүй нүх үүсчээ. Учрыг ТҮК-ийн ажилтнаас асуувал, “Өглөө биднийг цэвэрлэгээндээ гарахад зам руу их хэмжээний шороо урссан байсан. Энэ уулзварын замыг засч, нөхөлт хийхээр ухаж онгорхой үүсгээд удаж байна. Ухсан нүхийг хайргаар дүүргэхээр борооны усанд урсаад замаар нэг тарчихдаг. Зам засварын ажлаа хурдан шуурхай хийж болдоггүй юм байх даа. Замын эвдрэл гэмтэл бидний ажилд их хүндрэл учруулж байна” гэлээ.
Жолооч А.Бадрал “Би өчигдрийн борооноор энэ замаар яваагүй. Өнөө өглөөний байдлаар зам борооны усанд автаж, зарим газраа эвдэрч гэмтсэн харагдана. Сая замд хоёр, гурван нүх тааралдлаа. Ер нь ус зайлуулах шугам хоолойгүйгээс замын эвдрэл гэмтэл үүсэх нэг шалтгаан нь болдог байх. Өмнө нь зүгээр байсан зам нэг өдрийн усархаг борооноор энд тэндгүй нүх үүсч байна. Эргээд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын аюулгүй байдал давхар яригдана шүү дээ” гэсэн юм.
“НИЙТ 152 М2 ЭВДЭРСЭН АСФАЛЬТБЕТОН ХУУЛЖ, ШОРОО АЧСАН”
Энэ талаар Авто замын хөгжлийн газраас тодруулахад “Чингүнжавын гудамжны авто замыг 2009 онд шинэчилсэн. Тухайн авто зам дээр үерийн уснаас үүссэн эвдрэлийг өнгөрсөн шөнө /2020.06.24/ “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын инженер техникийн ажилтан хоёр, 12 замчин, ачааны авто машин гурав, нэг ачигч бобкат, нэг портер машинтай шуурхай арга хэмжээ авч ажилласан. Нийт 152 м2 эвдэрсэн асфальтбетон хуулж, зорчих хэсэгт хуримтлагдсан 28 м3 шороог ачиж цэвэрлэн зайлууллаа. Мөн “Баянгол шинэ өргөө ” ОНӨААТҮГ-ын 12 ажилчин, ачааны автомашин-1 бүрэлдэхүүнтэйгээр 500 м2 талбайн цэвэрлэгээг хийж гүйцэтгэсэн” тухай мэдээллээ.
Гурав, дөрөвдүгээр хорооллын замын ус Чингүнжавын гудамжаар урсан ирж Энхтайваны өргөн чөлөөний борооны ус зайлуулах шугамын нэгдүгээр коллекторт усаа зайлуулдаг. Энэ коллектор нь явсаар Москва хорооллын зүүн талын баруун уулын суваг руу усаа хаядаг гэдгийг мэргэжилтэн нь тайлбарлаж өгөв
“ЗУРГААН ДҮҮРЭГТ ЗАМЫН УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМЫН 15 ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ”
Улаанбаатар хотын хэмжээнд 840 гаруй км хатуу хучилттай авто зам байдгаас зөвхөн 184 км зам борооны ус зайлуулах шугам сүлжээтэй гэх мэдээлэл ч бий. Үлдсэн авто замууд ус зайлуулах шугам сүлжээгүй учраас борооны усанд автахаас ч өөр аргагүй юм. Нэг үеэ бодвол сүүлийн жилүүдэд шинээр тавигдаж буй авто замуудад ус зайлуулах шугам хоолойг заавал барих шаардлагыг тавьдаг болсон тухай Геодизи, усны барилга байгууламжийн газрын Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ц.Тагарваа учирласан юм.
Тэрбээр “2020 онд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийслэлийн зургаан дүүрэгт авто замын борооны ус зайлуулах шугамын өргөтгөл засвар, шинэчлэлтийн 15 төсөл арга хэмжээ хэрэгжинэ.
Үүнд, авто замын борооны ус зайлуулах шугам болон насост худгуудын засвар, гурав болон дөрөвдүгээр төв коллекторын засвар шинэчлэлт, Зайсангийн гудамжны авто замын борооны ус зайлуулах шугамын холболт, Монелийн авто замын борооны ус зайлуулах шугам угсралт, шүүрт болон үзлэгийн худгийн засвар нөхөн сэргээлт 11 хэсэгт тус тус төлөвлөгдөөд байна.
Өнөөдрийн байдлаар нэгдүгээр хорооллын 1а байрны ар талын авто замын борооны ус зайлуулах шугам худгийн угсралтын ажил бүрэн дуусч, Сүхбаатар дүүргийн хоёр хороо, орон сууцны хороолол доторх авто замын борооны ус зайлуулах шугамыг Нарны замтай холбох хэсэг, Монелийн авто замын борооны ус зайлуулах шугамын ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжлэн хийж байна. Мөн жил бүр тогтмол хийгддэг борооны ус зайлуулах шугам, шүүрт болон үзлэгийн худгийн засвар нөхөн сэргээлт, урсгал засварын ажлууд нийслэлийн зургаан дүүрэгт хийж байна” гэлээ.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ