Гиннессийн амжилтын эзэн уран нугараач Э.Цацрал

Хуучирсан мэдээ: 2020.06.26-нд нийтлэгдсэн

ШИНЭ НЭР

Гиннессийн амжилтын эзэн уран нугараач Э.Цацрал

NEWS" агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноор уран нугараач бүсгүйг онцолж байна. Түүнийг Эрдэнэбилэгийн Цацрал гэдэг. Тэрбээр Монголдоо төдийгүй дэлхийд уран нугаралтын гайхамшгийг таниулж яваа чадварлаг уран бүтээлч юм. Шүдэн дээрээ тогтох үзүүлбэрээр дэлхийн Гиннесийн амжилтыг эзэмшдэг тэрбээр одоо АНУ-ын “Нарны цирк”-ийн жүжигчнээр ажиллаж байна.

“Монгол уран нугараачдын ур чадвар дэлхийд номер нэгт бичигддэг. Уран нугаралт гэдэг зүйлийг монгол нугараачид хөгжүүлж, дээд зэрэглэлд аваачсан. Тийм учраас дэлхийн циркийн урлагт нугаралт маш том байр суурийг эзэлдэгталаар онцлон хэлж байсан юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.


ЭРДЭНЭБИЛЭГ ЦАЦРАЛ 1989.12.22

Төгссөн сургууль:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 31 дүгээр дунд сургууль /2007 он/

АНУ-ын “Los Angeles beauty” коллеж /2020 он/

Мэргэжил:

Уран нугараач, гоо сайханч

Одоо эрхэлж буй ажил:

АНУ дахь “Нарны цирк”-ийн Лас Вегас хотод байрлах салбарын жүжигчин 

Сошиал хуудас: 

Tsatsral Erdenebileg  /фэйсбүүк/

ХҮҮХЭД НАСНЫХАА ТУХАЙ ЯРИАЧ. АНХ ААВААРАА УРАН НУГАРАХЫГ ЗААЛГАСАН ГЭЖ СОНССОН?

-Би анх дөрвөн настайдаа уран нугаралтыг ааваараа заалгасан. Миний аав ачааны машины жолооч байсан. Хүүхэд байхдаа аавынхаа хөлөн дээр нь дээшээ харан хэвтээд дүүжин даажин гээд савлаж тоглодог байсан сан. Тэр үед аав маань зурагт үзэж байгаад нугардаг хүн хараад охиныгоо уран нугараач болгоно гэж шийдсэн гэдэг. Хэдийгээр аав минь урлагийн хүн биш ч зурагтаар харсан зүйлсээ надад зааж өгдөг байлаа. Муу шар охиноо их эрхлүүлдэг байж.

Аав минь бараг хоёр жил гаруй хугацаанд нугаралт заасны дараагаар намайг мэргэжлийн багшид шавь оруулсан. Миний хүүхэд нас Эрдэнэт хотод өнгөрсөн. Тийм болохоор Эрдэнэтийн Дэлгэрцэцэг гэх уран нугаралтын багшаар жил орчим заалгаж, хичээллэсэн. Дараа нь Монгол Улсын циркийн нугаралтын гурван том багшийн нэг болох Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Мажигсүрэн багшид шавь орсон юм.

АНХНЫ АМЖИЛТ

-Өнгөрөгч 2013 оны дөрөвдүгээр сарын 9-нд Унгарт тоглолтоор явж байхдаа шүдэн дээрээ удаан тогтох үзүүлбэрээрээ өөрийн анхны амжилтыг тогтоосон. Энэ тоглолтын үеэр 2 минут 34 секундийн амжилтыг тогтоож байсан. Миний өмнө Оюунгэрэл гээд монгол эмэгтэй яг энэ төрлөөр 55 секунд тогтсон байсан амжилтыг эвдсэн.

Дараа нь Турк улсын Истанбул хотод болсон Гиннесийн дээд амжилтыг бүртгэх нэвтрүүлэгт сонгогдож, урилгаар оролцсон. Ер нь телевизийн шоунд урилгаар орно гэдэг тийм амар биш л дээ. Тухайн үед миний аз таарч, надад “Та өөрийнхөө амжилтыг дахин эвдэж чадах уу?”  гэсэн санал тавьсан. Би ч дуртайяа саналыг нь хүлээн авч, нэвтрүүлэгт оролцон өмнөх амжилтаа бараг хоёр дахин ахиулсан.  Ингэснээр өөрийнхөө амжилтыг 2013 оны долдугаар сард 4 минут 34 секунд болгож шинэчилж тогтоосон. Өөрөөр хэлбэл, би Гиннесийн хоёр удаагийн амжилтын эзэн болсон гэсэн үг. Одоо болтол миний рекордыг эвдсэн хүн байхгүй.

ЭНЭ АМЖИЛТЫГ ТОГТООХЫН ТУЛД ХЭР БЭЛТГЭЛ ХИЙСЭН БЭ?

-Ер нь циркчин хүн байнгын бэлтгэлтэй байх ёстой. Яг л олимпийн тамирчид шиг. Хар багаасаа л уран нугаралтын бэлтгэл хийж ирсэн. Гэхдээ шүдэн дээрээ удаан тогтох үзүүлбэрийн бэлтгэлийг яг нэг жил тасралтгүй бэлдсэн.

Миний багш Д.Мажигсүрэн нь анх шүдэн дээрээ тогтох техникийг дэлхийд гаргасан. Тийм болохоор бэлтгэл хийх бүрдээ л тодорхой хэмжээнд бэлддэг байсан л даа. Ер нь энэ төрөл их хүнд. Тоглолтын үеэр бол бид ихдээ л 5 секунд орчим хугацаанд шүдэн дээрээ тогтдог. Энэ хугацааг уртасгахын тулд маш шаргуу бэлтгэл хийсэн.

ЦИРКИЙН УРЛАГ ЭРХЭМСЭГ ХЭДИЙ Ч МАШ ИХ ТЭВЧЭЭРИЙГ ШААРДДАГ. ТАНД ШАНТРАХ ҮЕ ОЛОН ГАРЧ БАЙВ УУ?

-Циркийн урлаг байнгын бэлтгэл, хөдөлмөр, итгэлцэл шаарддаг урлаг. Шантрах үе гаралгүй яах вэ. Эх орноосоо хол хүний нутагт өвдөж, бэртэл авах болгондоо сэтгэлээр унана. Тайзан дээр гараад үзүүлбэрээ үзүүлж, үзэгчдийн алга ташилтыг сонсоод бүх зүйлээ мартаж, маш сайхан мэдрэмжийг авдаг даа.

УРАН НУГАРААЧ ХҮН ХАТУУ ХООЛНЫ ДЭГЛЭМ БАРЬДАГ УУ?

-Тийм ээ. Уран нугардаг бүсгүйчүүд тогтмол жингээ барих ёстой. Хатуу хоолны дэглэм барьж, тайзан дээр гоё сайхан харагдана. Өөртөө итгэлтэйгээр олон орны жүжигчдээс ялгарч, эх орон болон монгол эмэгтэйчүүдийнхээ үзэсгэлэн гоо, хүчирхэг байдлыг сурталчилдаг.

ОДОО АЖИЛЛАЖ БУЙ ЦИРКТ НЬ ӨӨР МОНГОЛ УРАН БҮТЭЭЛЧ АЖИЛЛАДАГ УУ?

-Би АНУ-н Лас Вегас хотод байрладаг “Нарны цирк”-т ажилладаг. Манай цирк 36 жилийн түүхтэй. Зургаан сууринд зохион байгуулдаг шоуны нэг болох Зуманити гэх шоунд харьяалагдаад одоо зургаа дахь жилдээ ажиллаж байна. Энэ циркт надаас гадна нэг монгол уран нугараач бүсгүй ажилладаг. Тэр хүн маань хамгийн анхны “Нарны цирк”-ийн монгол уран нугараач бөгөөд маш мундаг ур чадвартай эмэгтэй бий.

МОНГОЛЫН УРАН НУГАРААЧДЫН ЧАДВАРЫГ ХЭРХЭН ҮНЭЛДЭГ ВЭ. ДЭЛХИЙД УР ЧАДВАРААРАА ТАНИГДСАН ХЭДЭН УРАН НУГАРААЧ БАЙДАГ БОЛ?

-Монгол уран нугараачдын ур чадвар дэлхийд номер нэгт бичигддэг. Уран нугаралт гэдэг зүйлийг монгол нугараачид хөгжүүлж, дээд зэрэглэлд аваачсан. Тийм учраас дэлхийн циркийн урлагт нугаралт маш том байр суурийг эзэлдэг. Энэ төрөл нь гадаад улсад маш нэр хүндтэй бөгөөд олон орны хүмүүс нугаралт сурах гэж монгол багш нарт ханддаг. Бүр цаашилбал, зөвхөн нугаралт сурахаар Монгол Улсыг зорих хүмүүс жилээс жилд нэмэгдсээр байна.

ГЭР БҮЛЭЭ БИДЭНД ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ?

-Манайх ам бүл дөрвүүлээ. Би айлын бага охин. Дээрээ нэг ахтай. Миний ээжийг Оюунчимэг гэдэг.  Эх орондоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Аавыг минь Эрдэнэбилэг гэдэг. Хайрт аав минь бурхан болоод олон жил болж байна. Гэсэн хэдий ч охиныхоо зүрх сэтгэлд үргэлж хамт байдагт итгэдэг.

ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ХЭЧНЭЭН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ, ХЭРХЭН АМЖИЛТ ГАРГАЖ БАЙВ?

-Циркийн урлаг нүүдлийн урлаг болохоор очиж үзээгүй орон цөөн үлдсэн. Хүүхэд байхдаа уран нугаралтын бүхий л тэмцээн, уралдаанд оролцож, тэргүүн байрын шагнал авч байсан. Олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс нэг ёсондоо циркийн олимпиос авсан шагнал гэвэл 2004 онд ОХУ-ын Москва хотод болсон циркчдийн тэмцээнээс мөнгөн цом давхар дөрөвдүгээр байр, 2005 онд БНХАУ-д зохион байгуулсан тэмцээний мөнгөн цом болон ивээн тэтгэгч байгууллагын шагнал, 2006 онд Франц улсад болсон тэмцээнээс хүрэл медаль, 2012 онд мөн тус тэмцээнээс хүрэл цом хүртсэн.

Үргэлжлүүлэн 2011 онд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, 2013 онд Унгар улсад шүдэн дээр удаан тогтох үзүүлбэрээрээ анхны амжилтаа тогтоосон бөгөөд долдугаар сард нь Гиннесийн амжилтаа шинэчлэн тогтоосон. Одоо ч гэсэн энэ амжилтынхаа эзэн хэвээрээ. Мөн тухайн үед Монгол Улсын циркийн залуу жүжигчин өргөмжлөлөөр шагнуулж, 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одон тус тус авч байсан.

ЧӨЛӨӨТ ЦАГААРАА ЮУ ХИЙХ ДУРТАЙ ВЭ?

-Чөлөөт цагаараа ууланд гарч, зодооны урлагаар хичээллэх дуртай. Мөн фитнесс модель болох гээд фитнессийн бэлтгэлээ идэвхтэй хийх болсон.

ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Ойрын төлөвлөгөө гэвэл гэр бүлтэйгээ хамт байх. Эхнэрийнхээ үүргийг сайн гүйцэтгэнэ. Удахгүй гэр бүл маань өнөр өтгөн олуулаа болж, жаргалтай амьдарна.

ТАНЫ ИРЭЭДҮЙН ЗОРИЛГО, ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ

-Гэр бүлийнхээ бизнесийг АНУ-ын Лас Вегас хотод эхлүүлэх хүсэлтэй. Бүх хайртай хүмүүсээ аз жаргалтай амьдруулахын тулд эрүүл байж, эцэг, эхийнхээ ачийг хариулах хүсэл мөрөөдөлтэй.

МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ХАНДАЖ ХЭЛЭХ ЗӨВЛӨГӨӨ

-Монголын ирээдүй болсон залуус маань надаар хэлүүлэлтгүй их мундаг болжээ. Залуустаа хандаж хэлэхэд хэн ч юу гэж хэлсэн мөрөөдлөө л дагаарай. Амьдрал золиослох хэрэгтэй зүйл маш их гардаг. Тэр үед бусдыг биш өөрийгөө бодож байгаарай. Тэгээд хүнд тус болж амьдарвал тусалсан тус чинь эргээд бороо шиг асгардаг юм билээ. Мөн хэзээд өөрийнхөөрөө байж чадвал стрессгүй амьдарна. Тиймээс та бүхэндээ улам их амжилтыг хүсье.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж