Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл /2020.06.25/ хийж байна. Тус намын дарга С.Эрдэнэ ажлаа хүлээлгэн өгч буйгаа мэдэгдлээ.
АН-ын дарга С.ЭРДЭНЭ:
-Энэ удаагийн сонгуулийн дүнгээс харахад Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна. Сонгуулийн төлөөллийн зарчим хангагдахгүй байна. Нөгөөтэйгүүр ардчилсан хүчний намууд нэгдэж байж үр дүнд хүрэхээс биш тархай бутархай байвал бидний хүсээгүй дүн гарна гэдгийг харуулсан сонгууль боллоо. Сонгуульд толгойлж оролцсон хүний хувьд надад алдаа оноотой шийдвэрүүд байсныг хүлээн зөвшөөрнө. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөж ажиллаж чадаагүй нь сонгуулийн боломжийг алдсаных.
Ардчилсан намын даргын хувьд нийт ард түмнээсээ уучлалт гуйж байна. Өнөөдөр биднийг дэмжээгүй ч цаашид сонгогчдынхоо итгэлийг хүлээсэн хүчин нам болно гэдгийг илэрхийлж байна. Хэрэв ардчилсан хүчний намууд нэгдэж сонгуульд оролцсон бол 55 хувийн санал авах боломж байлаа. 30 жил энэ намын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Намын үндсэн дүрмийн хүрээнд даргын түр эрх, тамгыг УИХ-ын гишүүнээр сонгогдсон Туваанд шилжүүлж байна.
АРДЧИЛСАН НАМ ЦАГ ҮРГЭЛЖ ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ ИРСЭН
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ сонгуулийн саналыг хар машинаар тоолж буй асуудлыг цэгцэлж, цаашид мэргэжлийн түвшинд хийх ёстой гэж үзэж буйгаа илэрхийлээ. Учир нь санал тоолох машинд олон нийт төдийгүй намын гишүүд ч бас эргэлзэх асуудал цөөнгүй гарсныг тодотгов. Тус намын зүгээс энэ удаагийн сонгуулийн дүнг хоёр хувилбараар харж байсны нэг нь мөрийн хөтөлбөр байжээ.
Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд ялалт байгуулсан бол цар тахлын үед эдийн засгийн хямралыг даван туулах мөрийн хөтөлбөр, дээр нь иргэн өрх рүү чиглэсэн мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байжээ. Хоёрдугаарт, эвслийн Засгийн газар байгуулагдах болов уу гэж харж байсан аж. Гэвч УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд Ардчилсан нам ялагдал хүлээсэн тул дүрмийн дагуу намын дарга С.Эрдэнэ ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ. Түүний оронд томилогдох намын даргын сунгаа 90 хоногийн хугацаанд үргэлжлэх юм.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэлэхдээ “Намын даргын сунгаа амархан асуудал биш. Нийт 21 аймаг, 9 дүүргээр тойрч намын даргын сунгаа явагдана. Нийт гишүүдээс сонгогдож гарч ирдэг тул нэлээн их санхүү, хүн хүч шаардсан ажил. Тиймээс гурван сарын хугацаанд намын даргын сунгаа болж, энэ хугацаанд намын дарга тодорно. Ерөнхийдөө Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жил өөрсдөдөө шинэчлэл хийсэн. Огт шинэчлэл хийгдээгүй гэж хэлж болохгүй. Цаашид ч шинэчлэл хийгдэнэ” гэв.
Ардчилсан намаас мэдээлэл хийж байна
Ардчилсан намаас мэдээлэл хийж байна
Posted by News.mn on Thursday, June 25, 2020
Холбоотой мэдээ