Ж.Батзандан: Хариуцлагаа хүлээж, намын даргын ажлаа өгч байна

Хуучирсан мэдээ: 2020.06.25-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан: Хариуцлагаа хүлээж, намын даргын ажлаа өгч байна

Ж.Батзандан: Хариуцлагаа хүлээж, намын даргын ажлаа өгч байна

ШИНЭ эвслээс 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус эвслийн гишүүд "Шинэ эвсэл" нэгдэж нягтраагүйнхээ горыг амслаа хэмээн санал нэгдэж буйгаа илэрхийлэв.

ХАРАМСАЛТАЙ НЬ БИД НЭГ Ч СУУДАЛ АВЧ ЧАДСАНГҮЙ

Шинэ эвслийн дарга Ж.БАТЗАНДАН:

-УИХ-ын найм дахь удаагийн сонгууль өчигдөр болж өнгөрлөө. Шинэ эвсэл энэ удаагийн сонгуульд оролцож, 200 гаруй мянган иргэний санал авсан байна. Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой элдэв маргаан нэлээд гарсан. Хууль хяналтын байгууллага, иргэд, оролцсон байгууллагаас гарсан зөрчлүүдийг хянаж шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Шинэ эвслийн төлөө саналаа өгсөн 230 мянга гаруй иргэддээ талархал илэрхийлье. Мөн дэмжээгүй мянга, мянган иргэдийн саналыг авахын төлөө хичээн ажиллана.

Миний бие Баянзүрх дүүргийн 23-р тойрогт нэр дэвшиж, 20 гаруй мянган иргэний санал авлаа. Гурван мандаттай, дөрөвт орлоо. Б.Жаргалсайхан дарга маань Чингэлтэй дүүрэгт дөрөвт орлоо, Л.Болд дарга маань олон мянган хүний санал авлаа. Хөдөө орон нутагт, нийслэлийн дүүргүүдэд нэр дэвшигчид маань ч олон санал авлаа. Харамсалтай нь, бид нэг ч суудал авч чадсангүй. Энэ маань бид үйл хэрэг, үзэл санаагаа улам өргөжүүлэх нь зүйтэй юм байна гэж бодож байна.

Шинэ эвсэл нэг ч суудал авч чадаагүй тул би хариуцлагаа хүлээн, эвслийн болон намын даргын суудлаа хүлээлгэн өгч байна.

ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭН УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛААСАА ОГЦРОХ БОЛСНОО ЗАРЛАЖ БАЙНА

Шинэ намын Төв зөвлөлийн дарга Л.БОЛД:

-Ардчилалд халтай сонгууль боллоо. Хэдийгээр Шинэ эвсэл УИХ-д суудал авч чадаагүй ч шударга ёсны төлөө тэмцсэн таван гишүүний гурав нь дахин УИХ-ын гишүүн болохоор боллоо. Тиймээс хариуцлага хүлээн улс төрийн албан тушаалаасаа огцрох болсноо зарлаж байна.

ОФФШОРТОЙГОО, ЖДҮ-ТЭЙГЭЭ ЭВЛЭР. ОДОО ИНГЭЭД ДУУГАЙ АМЬДАР!

Бүгд найрамдах намын дарга Б.ЖАРГАЛСАЙХАН:

-Коронавирусээс эхлээд МАН олонх болох бүхий л нөхцөл бүрдсэн үе байлаа. Ахмадуудын зээлийг тэглэсэн. Ахмадууд үр ачдаа приус аваад өгчихсөн, байрны зээлийн урьдчилгаа болгосон байсан тул төрийн минь сүлд өршөө гээд бүгд үр хүүхэдтэйгээ очоод саналаа өгчихсөн. Мөн энэ удаагийн сонгуулийн санал 60-100 мянган төгрөгийн үнэтэй байсан. Дээлээ өмсөж саналаа өгөөд 100 мянган төгрөг ав гээд нээлттэй зар тавьчихсан, саналаа өгсөн залуус банкин дээр дугаарлаж байсан.

Би ишиг шиг майлдаггүй, хурга шиг дуугай босоод явдаг. Манайх шиг шившигтэй сонгууль хийж байгаа улс дэлхий дээр алга. Эрх чөлөө, тусгаар тогтнолоо 100-хан мянган төгрөгөөр худалдчихаад танд саналаа өгсөн шүү гэж худлаа ярьдаг. Фэйсбүүк, твиттер, вэб сайтаар ороход таныг дэмжиж байгаа шүү, танд саналаа өгнө шүү гэдэг хэр нь хэн нь ч дэмжээгүй. Офшортойгоо, ЖДҮ-тэйгээ эвлэр. Одоо ингээд дуугай амьдар.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж