АН-ын залуучууд: Дүрэмгүй аашилдаг ах нарыг шинэчилье!

Хуучирсан мэдээ: 2020.06.25-нд нийтлэгдсэн

АН-ын залуучууд: Дүрэмгүй аашилдаг ах нарыг шинэчилье!

АН-ын залуучууд: Дүрэмгүй аашилдаг ах нарыг шинэчилье!

Ардчилсан намын залуучууд нэгдэж, намаа шинэчлэх шаардлагыг Намын төв байрандаа хүргүүллээ. Тус намын 100 гаруй залуу  гишүүн хуралдаж, есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр Ардчилсан намын дотоод ардчиллыг хангуулах түр хороог байгуулжээ. Тус намын залуучуудын төлөөлөл АН-ын одоогийн удирдлагыг дүрмийн дагуу хариуцлага хүлээх шаардлага тавьж буйгаа өнөөдөр /2020.06.25/ мэдэгдлээ. Залуучуудын төлөөллөөс УИХ-ын ээлжит сонгуульд хоёр ч удаа ялагдал хүлээсэн намаа шинэчлэх ёстой хэмээн үзэж байгаа юм.

Ардчилсан намын түр хороо дараах ажлыг хийнэ гэдгээ танилцууллаа. Үүнд:

  • Ардчилсан намын дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг 2020 оны зургадугаар сарын 24-ний орой огцорсныг тав хоногт багтаан албажуулах ажлыг АН-ын Үндэсний бодлогын хороо хийж чадах эсэхийг хянах
  • Намын Үндэсний бодлогын хорооны хурлыг 15 хоногийн дотор хуралдуулахыг шаардах
  • АН-ын дүрмийн хэрэгжилт дотоод ардчиллыг хангуулах бусад ажлыг зохион байгуулах.

Ардчилсан намын үндсэн дүрэмд нам сонгуульд олонхийн санал аваагүй тохиолдолд намын дарга болон дэд дарга огцрох ёстой гэж заасан. Энэ дагуу АН-ын Үндэсний бодлогын хороо нэн даруй хуралдаж, намын даргыг огцруулах тогтоол гаргахыг шаардаж байгаа юм. АН бол дотоод дүрэмтэй нам бөгөөд хэрвээ дүрмээ биелүүлээгүй тохиолдолд дараа дараагийн арга хэмжээг авна хэмээн мэдэгдлээ.

ОЛОН НИЙТ АРДЧИЛСАН НАМД СЭТГЭЛ ДУНДУУР БАЙНА

АН-ын гишүүн М.ТУЛГАТ:

-Ард түмэн МАН-ыг дэмжиж, үнэмлэхүй ялалт өгсөнгүй. АН сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүй, дотоод ардчилалгүй байсан учраас ялагдлаа. Тиймээс бид намаа шинэчлэх хэрэгтэй. Олон нийт АН-д сэтгэл дундуур байна. Ардын нам нийт сонгогчдын 30 гаруй хувийн саналыг авсан. 60 гаруй хувийн санал гээгдсэн. Тиймээс бид АН-аа шинэчлэх ёстой. Бид шаардлагаа шат дарааллын дагуу тавина. Намын үндсэн дүрмийн дагуу сонгуулийн дүн гарсан даруйд намын дарга, дэд дарга ерөнхий нарийн бичгийн дарга нар огцорно. Тиймээс ҮБХ-г хуралдуулах шаардлагыг хүргүүлж байгаа юм. Залуучууд бидний бодол бол дүрмийн дагуу явдаг, дүрэмтэй намыг бий болгоод, дүрэмгүй аашилдаг ах нарыг шинэчлэх зорилготой юм.

ТҮР ХОРОО БАЙГУУЛСНАА ЗАРЛАЖ БАЙНА

АН-ын гишүүн Б.ГАН-ЭРДЭНЭ:

-УИХ-ын ээлжит сонгуулийн дүнгээр АН парламентад 11 суудал авч, хоёр сонгууль дараалан үнэмлэхүй ялагдал хүлээлээ. Энэ нь АН-ыг олон жилийн турш ардчиллыг дэмжиж ирсэн олон нийтийн итгэлийг алдсан хариуцлагагүй үйл явдал боллоо. Ардчилсан намын гишүүд бид энэ байдлыг хараад зүгээр суух эрхгүй болжээ. Намыг ялагдалд хүргэсэн одоогийн дарга дүрмийн дагуу хариуцлага хүлээж, дотоод ардчиллыг хангаж чадах эсэх нь эргэлзээтэй юм. Иймд цаашдын үүрэгт хяналт тавих, шинэчлэлийг сууриар нь зөв зохион байгуулах нь намын төдийгүй Монголын ардчилалд чухал ач холбогдолтой гэж бид үзэн, түр хороо байгуулснаа зарлаж байна.

 МАШ БОГИНО ХУГАЦААНД ШИНЭЧЛЭЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.БАЯНМӨНХ: 

-Ардчилсан намын зарчмаар олонхоор сонгосон дарга сонгууль дуустал солигддоггүй. УИХ-ын ээлжит сонгуульд ялалт байгуулж чадаагүй бол сонгуулийн дараа хариуцлагаа тооцох ёстой. Тэгэхээр дараа дараагийн сонгуулиас өмнө бид маш хурдан хугацаанд шинэчлэл хийх хэрэгтэй.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж