Иргэд тооцоотой болж, бизнесийн орчин эрүүлжинэ

Хуучирсан мэдээ: 2016.01.05-нд нийтлэгдсэн

Иргэд тооцоотой болж, бизнесийн орчин эрүүлжинэ

Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээр иргэд тооцоотой болж, бизнесийн орчин эрүүлжиж, улс эдийн засгийн зөв бүртгэл, хяналтын тогтолцоотой болно гэж эдийн засагчид харж байна. Хуулийг хэрэгжүүлэхэд жижиг худалдаа эрхлэгчдийн дэмжлэг ихээхэн хэрэгтэй байгаа. Тэдний хувьд нууцлалын код бүхий баримт хэвлэдэг кассын машин худалдан авч, программыг нэвтрүүлэх шаардлагатай, ннгэж гэмээнэ жижиг худалдаа эрхлэгчид үйлчилгээ, худалдааны борлуулалтаа хурдтай нэмэгдүүлж, бизнесийн орчинд эрүүлээр өрсөлдөх боломж нээгдэнэ гэж эдийн засагч Л.Оюун зөвлөлөө. Тооцоогүй хүн ядуу, ядуу хүн тооцоололгүй байдаг гэсэн бодит эдийн засгийн судалгаа байдаг. Харин тав хоногийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын тухай хууль, урамшууллын тогтолцоо нь Монгол Улс эдийн засгаа иргэдийн худалдан авалтдаа суурилан бүртгэж, бодитоор тооцох эхлэл болсон, эерэг өргөн хүрээтэй механизм гэж Ж.Дэлгэрсайхан эдийн засагч тайлбарлалаа.

Татварын системийг ингэж шинэчилсэнээр татвар хураалтад иргэд хяналт тавьдаг болох юм. Мөн татварын бүртгэлийн систем нэг удирдлагатай болж, хэрэглэгч, аж ахуйн нэгж хооронд эдийн засгийн зөв харилцаа бий болох аж. Иргэд татварт хяналт тавьж эхэлснээр татварын орлого 100 хувиасаа давж биелнэ. Татвар төлөхгүйгээр зах зээлд нууц ноёнтны дүрээр тоглодог дүрэм зогсоно. Мөн мөнгөний урсгал нэгтгэгдэнэ. Татвар зөв системтэй болоод ирвэл Монголоос гарах хөрөнгө гадагшаа биш дотооддоо үлдэнэ. Одоогийн бизнесийн задгай буй зах зээлийг зангидах эрх, хөрөнгийг захиран зарцуулах эрх зөвхөн дотоодын компанид ирнэ зэрэг Монгол Улсын эдийн засаг, худалдаа үйлчилгээний салбарт олон эерэг гарц авчирна гэж МҮХАҮТ-ын дарга Б.Лхагжав тайлбарлалаа. Энэ нь дэлхийн томоохон орнуудын хэрэгжүүлдэг улсынхаа эдийн засгийг хянах, балансаа барьж болдог алхам руу урагшлах нэг алхам болох юм. Мөн татварын нэгдсэн систем, НӨАТ-ын урамшууллын системийг дагаад Монгол Улсын айл, өрхийн амьжиргааны түвшний судалгаа, бүртгэл илүү чамбайрч, нарийвчлалтай гардаг болох аж.

Хуулийн өөр нэг эерэг өөрчлөлт нь эрүүл аюулгүй, баталгаат үйлчилгээг иргэд авдаг болох явдал. Мөн НӨАТ-ын урамшууллын систем хууль бус татварын дарамтыг зогсоох эерэг талтай гэж бизнес эрхлэгчийн төлөөлөл хэллээ. Нөгөө талдаа хугацаа алдахгүйгээр худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд хуулийнхаа хүрээнд нягтлан бодох бүртгэл, тооцооны машин зэрэг технологио стандартад нийцүүлэн шинэчлэхгүй бол төвлөрсөн зах зээлээ алдах эрсдэлтэй гэдгийг албаныхан сануулж байна. Учир нь, НӨАТ-ын урамшуулал хэрэгжээд иргэд худалдан авалт бүртээ баримт шаардаж эхэлнэ. Иймээс үйлчилгээ үзүүлэгч тал хариуцлагаа нэмэгдүүлэх учиртай юм.

Өнгөрсөн долдугаар сард УИХ-аар батлагдсан НӨАТ-ын тухай хууль, урамшууллын систем хэрэгжсэнээр иргэд төлсөн татварынхаа 20 хувь буюу үнийн дүнгийнхээ хоёр хувийг буцаан авч, сугалаанд оролцдог болж байгаа. Жишээлбэл, иргэн та жижиг дэлгүүр, ресторан, томоохон худалдааны төв, гоо сайхны үйлчилгээ гэдгээс үл хамааран мөнгөөр өөртөө үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн авч буй зардлынхаа хоёр хувийг буцаан авдаг болж байгаа юм. Ингэхдээ заавал нууцлалын кодтой төлбөрийн баримтаа худалдаа, үйлчилгээ эрхлэгчээс шаардан авах ёстой. Дараа нь тухайн баримтаа жилийн турш хадгалж, цуглуулах эсвэл Татварын ерөнхий газрын www.ebarimt.mn цахим сайтад баримтынхаа дугаарыг бүртгүүлж, худалдан авалт бүрээ хянах боломжтой. Энэ нь сард нэг удаа зохион байгуулагдах урамшуулалт сугалаанд оролцож азтан болох, тухайн жилийнхээ худалдан авалтын нийт үнийн дүнгийн хоёр хувийг төрөөс буцаан авах эрхтэй болно гэсэн үг. Хэрэв таны үйлчилгээ авсан аж ахуйн нэгж, байгууллага НӨАТ төлдөггүй бол иргэн та сугалааны тусгай код бичигдсэн төлбөрийн баримтаараа зөвхөн сард нэг удаа явагдах урамшууллын сугалаанд оролцох эрхтэй байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж