А.Гансүх мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2016.01.05-нд нийтлэгдсэн

А.Гансүх мэдээлэл хийлээ

Зам, тээврийн яамны Төрийн нариын бичгийн дарга асан Б.Батзаяа, Өмнөд Солонгосын “Самсунг СТ” компанийн захирал Ли Жон Гё нарыг “Бусадтай бүлэглэн их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Энэ хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарыг Эрүүгийн цагдаагийн хэлтсийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс сэжигтнээр татан байцааж эхэлсэн талаарх мэдээлэл цацагдсан. Уг мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Төмөр замтай холбоотой хэргийг шалгах нь зүйтэй гэж би үзэж байна. 2013 онд намайг энэ хэрэгт холбож байсан. Тиймээс би АТГ-т хүсэлт гаргаж өөрийгөө шалгуулсан. 2013 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр АТГ-ын дарга тэргүүн комиссар Н.Ганболдын гарын үсэгтэй албан бичиг ирсэн. Энэхүү албан бичигт “Самсунг” компанитай Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих ажил гүйцэтгүүлэх гэрээг байгуулахдаа таныг албан тушаалын эрх мэдлээ ашиглан ажлын төсөвт өртгийг өндөр үнэ тогтоолгон онц их хэмжээний хөрөнгийг завшсан гэх үйлдлийг шалгахад дээрх асуудалтай холбоотой гэмт үйлдэл тогтоогдоогүй болохыг мэдэгдье” гэсэн байсан. Мөн энэ хэрэгтэй холбоотойгоор иргэн Л.Даваапил гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараагаад зогсохгүй, цагдаагийн байгууллагад хандаж, намайг шалгуулсан. Энэ хэргийг прокурор хянаад 2013 оны арваннэгдүгээр сард Нийслэлийн прокурорын тогтоол гарч байсан. Прокурорын дүгнэлт дээр тодорхой бичсэн “Энержи Ресурс рэйл” компани болон Солонгосын “Самсунг Си энд Ти” коропрацитай байгуулсан төмөр замын суурь бүтэц байгуулах гэрээнд заасан үнийн дүнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. А.Гансүх албан тушаалаа ашиглан их хэмжээний хөрөнгийг завшсан үйлдэл тогтоогдоогүй байна. Иймд иргэн Л.Даваапилээс гаргасан гомдолд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байхгүй байна” гээд Нийслэлийн Прокуророос Хяналтын прокурор Хууль цаазын зөвлөх Б.Уранчимэг гэдэг хүний гарын үсэгтэй тогтоол гарч шалгагдсан хэрэг байгаа юм. Энэ асуудлаар АТГ-т өөрийн биеэр хоёр удаа очиж байцаалт өгч, тайлбар, нотлох баримтуудыг хүлээлгэж өгсөн. Одоо энэ шалгагдаж байгаа асуудалтай холбоотой Засгийн газрын удаа дараагийн шийдвэр, тогтоол, тэмдэглэл, үндэсний аюулгүй байдлын зөвлөмжүүд УИХ-ын тогтоолууд гарсан байдаг. Төрийн эрх байгууллагуудын тогтоол шийдвэрийг хувилбарлан хууль хяналтын байгууллагуудад хүргүүлж хамтран ажиллаж байна. Миний хувьд ердийн журмаар ажил үүргээ гүйцэтгэж байна. Ялангуяа найман хувийн ипотекийн зээлтэй холбоотой асуудлууд дээр ажлын хэсгийнхэнтэй хамтран ажиллаж байна. Мөн найман хувийн зээлийн хүү буух эрхзүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр УИХ-ын ажлын хэсэг ажиллаж байна” хэмээлээ.

Т.ДАВААНЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж