Эрсдэлээ тооцож тусгаарлах байраа бэлд!

Хуучирсан мэдээ: 2020.06.25-нд нийтлэгдсэн

Эрсдэлээ тооцож тусгаарлах байраа бэлд!

Эрсдэлээ тооцож тусгаарлах байраа бэлд!

Цар тахлын улмаас гадаадын улс орнуудаас иргэдээ татан авч буй цөөн улсуудын нэг нь Монгол Улс. Хэдийгээр тусгаарлах байрны нөөц боломж хомс ч чартер нислэг хийж эхэлснээс хойш хагас жил гаруйн хугацаанд 10 мянга орчим иргэнээ татан аваад байна. Цаашид ч энэ тоо нэмэгдэнэ. Энэ сард хийгдсэн арван удаагийн тусгай үүргийн нислэгээр 2400 гаруй иргэнээ эх оронд нь авчраад байна. Тухайлбал, өчигдөр /2020.06.24/ гэхэд л АНУ-аас 255 иргэн "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардсан бол өнөөдөр ОХУ-аас 114 оюутныг мэргэжилтнүүд хүлээн авлаа. Ирэх долдугаар сарын эхний хагаст Сөүл, Токио, Истанбул хот руу таван удаагийн нислэг үйлдэж, 1300 орчим иргэнийг татан авах тооцоо бий.

Засгийн газраас гадаадад гацсан иргэдээ татан авч байгаа нь сайн мэдээ боловч тусгаарлах байр хүрэлцээтэй юу гэдэг асуудал хөндөгдөж буй. Хамгийн сүүлд гэхэд л цагдаагийн байгууллагаас АНУ-аас ирэх 255 иргэнээ яах вэ гэдэг асуудлыг хөндөж, эх орондоо ирж буй иргэнээ багтаачхаар тусгаарлах байр хүрэлцэхгүй байгаа тухай бодит нөхцөл байдлыг нууж хаалгүй хэлсэн нь ч үнэний ортой.

Харин энэ мэдээллийг Улсын онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабаас үгүйсгэж, тусгаарлах байрны хүрэлцээг тооцоолж  чартер нислэгийг үйлдэж байгаа гэх мэдээллийг өгөөд байгаа юм. Энэ талаар УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр хэлэхдээ “Бид чартер нислэгээр иргэдээ татан авах асуудлыг хариуцан ажиллаж байна. Тусгаарлах байр хүрэлцээтэй тул чартер нислэгийг үргэлжлүүлж байна. Иргэдийн тусгаарлагдах 21 хоногийн хугацаа дуусч, гэрийн ажиглалт руу шилжсэний дараа чартер нислэгээр ирж буй иргэдийг тусгаарлах байдлаар зохион байгуулж байна. Тиймээс тусгаарлагдаж буй иргэдийг хугацаанаас нь өмнө гэрийн ажиглалт руу шилжүүлсэн, чартер нислэгээр ирж байгаа иргэдэд тусгаарлах байр хүрэлцэхгүй байх гэсэн асуудал байхгүй” гэсэн тайлбар өгсөн юм.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд нийт 2458 иргэн эмнэлгийн ажиглалтад байгаа юм. Тэднийг ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэг, сувилал, эмнэлэг, зочид буудалд тус тус хуваарилан тусгаарлаж буй. Хэдийгээр Улсын онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабаас тусгаарлах байрны хүрэлцээ нөөц боломжийг тооцоолж, чартер нислэгийг үргэлжлүүлж байгаа гэх боловч халдварыг дотооддоо алдахгүй байх эрсдэлээ тооцох ёстой юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж