Д.Батгэрэл: UFC холбоонд орсных аварга болохыг хүсдэг

Хуучирсан мэдээ: 2020.06.25-нд нийтлэгдсэн

Д.Батгэрэл: UFC холбоонд орсных аварга болохыг хүсдэг

Хабиб, Конор хоёроос болж UFC холбоонд өөрчлөлтүүд гарсан

Д.Батгэрэл: UFC холбоонд орсных аварга болохыг хүсдэг

Холимог тулааны урлагийн дэлхийн номер нэг холбоо болох UFC холбоонд тулалдсан Монголын анхны тамирчин Данаагийн Батгэрэлтэй ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Анх хэрхэн холимог тулааны урлагтай холбогдов?

-Анх 2006 онд арван жилийн хүүхэд байхдаа Сүхбаатар аймгаас хотод нүүж ирж байлаа. Өглөө хичээлдээ яваад, орой хийх юмгүй байдаг байсан юм. Тэр үеэс л чөлөөт цагаа зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрүүлье гэж бодоод спортын дугуйлан, секц хайж эхэлсэн. Спортын төв ордонд байрлах жүдо, чөлөөт бөх, бокс гээд бүхий л дугуйланд нь хамрагдаж байлаа. Харин боксын дугуйланд ортол Ж.Нарантунгалаг багш бэлтгэл хийж байхтай анх таараад, боксын спортод орсон. Тэр цаг үеэс л багшдаа шавь орж, бэлтгэл хийж эхэлсэн дээ. Мөн “One team” клубын Ш.Ганбаатар багш, бүнжүкү дожоны Аяро Жүнүчи багш нар маань их тус хүргэсэн.

-Мэргэжлийн холимог тулааны анхны тэмцээн чинь Legend FC шиг байх тийм үү?

Тийм ээ. Гадаадад гарч тулалдсан анхны тулаан маань Legend FC байсан юм. Яг тухайн үед Макаод зохион байгуулагдсан Legend FC тэмцээний нээлтийн тулааныг би хийж, гол тулаанд нь багш маань тулалдсан. Багш болохоор тэмцээн болохоос хэд хоногийн өмнө Макао руу явсан. Би ганцаараа Бээжингээр дайраад, Макао руу явж байлаа. Тухайн үедээ хэл ус мэдэхгүй, ганцаараа явсан болохоор их дурсамжтай санагддаг. Харин тэмцээндээ Хонгконгийн тамирчин, каратегийн хар бүстэй Винсент Сьютэй тулалдаж, нэгдүгээр үед хүнд цохилтоор ялсан. Анхны гадаадад гарч тулалдсан тэмцээн байсан учраас их сайн санаж байна.

-Тулааны спортоор хичээллэдэг хүн бүрийн мөрөөдөл шүү дээ. Дэлхийн хамгийн том холимог тулааны урлагийн холбоо UFC-тэй хэрхэн холбогдов?

-UFC-тэй холбогдохоос өмнө би Legend FC болон RUFF 12 зэрэг тун боломжийн холбоодын тэмцээнүүдэд сайн оролцож, бүх тулаандаа ялаад байсан юм. 2014 онд UFC холбооноос ирээдүйтэй, шинэ залуу тамирчдыг эрин хайх хөгжлийн хөтөлбөр гэж зарласан. Надтай орос менежерээр дамжуулан анх холбогдсон юм.

-UFC холбооны хөгжлийн хөтөлбөрт хамрагдан АНУ руу явахад хүндрэл гарав уу?

-Гаралгүй яах вэ. АНУ-ын визэнд ороод гурав, дөрвөн удаа буцаж байлаа. Бараг явах нь худлаа юм байна гэж бодоод өөрийнхөө оронд Б.Дамланпүрэв болон Отгонтулга ах нарыг санал болгосон ч UFC холбооны зүгээс “Заавал чамайг авна. Визэнд хэд орсон ч хамаагүй” гэж мэдэгдээд, визний маань ангиллыг сольж, оруулж байлаа. Энэ нь ч бүтэж, 2015 онд зургаан сарын хугацаатай хөгжлийн хөтөлбөрт хамрагдахаар АНУ-ыг зорьсон. Тэндээ одоо миний харьяалагдаж буй Jackson Wink клуб дээрээ зургаан сар бэлтгэл хийсэн.

UFC холбоо зарагдаж, хэрэгжүүлж байсан хөгжлийн хөтөлбөрөө зогсоосон. Тэгсэн ч UFC холбоотой байнга холбоотой байж, үргэлж бэлтгэл, тулааныхаа бичлэгийг илгээж байлаа.

-Jackson Wink клубын хувьд шилдэг тамирчдыг бэлтгэн гаргаж ирдэг сайн клуб. Та тэнд ямар дасгалжуулагчтай хамтардаг вэ?

Грег Жэксон хэмээх дэлхийн алдартай дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэлээ хийдэг. Манай дасгалжуулагч Чингис хааныг их сайн мэддэг, шүтдэг. Мөн Майк Уингелжон хэмээх дасгалжуулагч байдаг. Манай клуб дээр олон олон сайн тамирчин бий.

-UFC 248 өдөрлөгийн салхийг нээж, Аргентин тулаанч Гидо Каннетитай тулалдсан. Энэ тулааныхаа сэтгэгдлээс хуваалцаач. Зүүн гарын хүнд цохилтоор ялна гэж бодоогүй хэмээн хэвлэлийн бага хурал дээрээ хэлж байсан?

-Каннети солгой өрөлттэй тулаанч л даа. Хөл нь хүчтэй. Тиймээс аль болох тойрч цохих, хойд буюу баруун гараараа цохихыг урьтал болгож байсан. Үр дүнгээ ч өгч, хэд хэдэн удаа байндаа туссан. Каннети миний баруун гарнаас болгоомжилж эхэлсэн болохоор зүүн гараа ашиглах нь зөв юм байна гэж бодоод л цохисон. Каннетиг би судалсан. Судалгаан дээр Jackson Wink клубын дасгалжуулагч Жое ч сайн заавар, зөвлөгөө өгсөн. Тэр тулааны бэлтгэл үнэхээр сайн хангагдсан л даа. Есдүгээр сарын сүүлээр Америк яваад, 12 дугаар сард Монголдоо ирсэн тэр амралт маань их сайхан сэргэлт болсон.

-UFC 248 өдөрлөг дээр тулалдах мэдээгээ хэрхэн хүлээн авч байв. Тоотой тулаан хийдэг томоохон өдөрлөгийн нэг хэсэг болсон?

-Эхлээд Jackson Wink клубтэй UFC холбооноос холбоо барьж, Гидо Каннетитай намайг тулалдах уу гэж асуусан. Клубын багш нар маань ч надтай зөвлөлдөн Каннетитай тулалдах бүрэн боломжтойг минь ойлгуулсан. Тэгээд л тулалдахаар тохиролцсон. Гидо Каннети “Alpha team” гээд томоохон клубт харьяалагддаг, туршлагатай сайн тамирчин. Лас Вегаст зохион байгуулагдсан UFC 248 тоотой тулаанд оролцоно гэдэг их нэр төрийн хэрэг.

-Тулааны дараа Гидо Каннетитай уулзсан уу?

-Уулзалгүй яах вэ. Зургаа ч даруулаад амжсан. Тулаан болсны дараа тулалдсан тамирчид тусгайлан зассан ногоон өрөөнд орж тэмцээнийхээ үлдсэн тулаануудыг үзэж, хамтдаа хооллодог. Угтаа цэнгэлдэх рүү буцаж орж тэмцээн үздэг байсан боловч Хабиб, Конорын зодооноос болж хориглосон юм билээ. Ер нь Хабиб, Конор хоёроос болж UFC холбоонд өөрчлөлтүүд гарсан. Жишээлбэл, тулаан дууссаны дараа октагоны торон дээр гарахыг хориглосон, хараал хэлэхгүй байхыг сануулсан. Миний хувьд UFC 248 өдөрлөгийн оргил тулааны эзэн Исраэль Адесаньятай хамт нэг өрөөнд орсон. Тамирчид ч чөлөөтэй холбоондоо хандаж, хэнтэй нэг өрөөнд орох үгүйгээ хэлж болдог нь таатай санагдсан.

-Үзэгчид таныг хэр хүлээн авав. Монголчууд цэнгэлдэхэд ирсэн байв уу?

-Миний тулаан UFC 248 өдөрлөгийн нээлтийн тулаан байсан учраас цэнгэлдэх дүүрч амжаагүй байсан. Гэхдээ монголчууд маань цэнгэлдэхэд ирсэн байсан, төрийн далбаатайгаа дэмжихэд дотроос нэг юм огшоод л ирсэн.

-Манай уншигчдад таны UFC холбоотой байгуулсан гэрээ их сонирхолтой байх болов уу. Та гэрээнийхээ талаар товч танилцуулахгүй юу?

-Гэрээ үндсэндээ 20 сарын хугацаанд дөрвөн тулаан хийхээр байгуулагдсан. Гэрээний тухайд UFC холбооны зүгээс нээлттэй зарладаг учир энэ тухай та бүхэн албан ёсны сайтаас нь харж болно. Мөн тус холбооны албан ёсны түнш Reebok брендтэй байгуулсан гэрээ бий. Тулаан хийх бүртээ л өөрийн нэрийн хувцас хэрэглэлийг өмсөнө. Дан ганц намайг биш манай багийнхан, арын албаныхныг хангана гэж заасан байгаа. Гэрээний дагуу хийсэн эхний тулаан маань их хурдан хугацаанд зохион байгуулагдсан. 2019 оны наймдугаар сарын 13-нд гэрээгээ үзэглэж, 18 хоногийн дараа буюу наймдугаар сарын 31-нд анхны тулаандаа орж байлаа. Ер нь мэргэжлийн тулаан тодорхой хугацааны дараалалтай явагддаг. Багадаа л 1-2 сарын өмнө тулаан нь зарлагдаж, өрсөлдөгчид бие биенээ судалдаг. Гэтэл минийх маш шахуу зохион байгуулагдсан. Тэр үед наадмын дараа Америк руу явна гэж төлөвлөчихсөн амраад, бэлтгэл сургуулилтаа хойш тавьчихсан явж байсан чинь UFC холбооноос холбогдож “Байнгын бэлтгэлтэй байгаа юу. Ойрын үед тулалдахад бэлэн үү” гэв. Би ч “Байнгын бэлтгэлтэй байгаа. Хэзээ ч тулалдахад бэлэн” гэж хариулсан. Тэгээд л бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн. Харин сүүлд Гидо Каннетитай тулалдах бэлтгэлээ хоёр сар гаруй хугацаанд хийсэн.

-Таны өдөр тутмын бэлтгэл хэрхэн өнгөрдөг вэ. Одоо биеэ амраахаар хөнгөхөн бэлтгэл хийж байна уу?

-Өглөө 10-12 цаг хүртэл бэлтгэл хийгээд, орой 19-21 цаг хүртэл ихэнхдээ бэлтгэл хийдэг. Өдөр бүр аль болох чанартай бэлтгэл хийхийг зорьдог. Тулаанд бэлтгэх болохоороо өрсөлдөгчөө сайн судлан, зөвхөн тэрхүү ганц тулаандаа төвлөрөн эрчимтэй бэлтгэлээ хийдэг.

Jackson Wink клубын дасгалжуулагч нар системтэй стратеги боловсруулж, шат дараалалтай бэлтгэл хийлгэдэг.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Чөлөөт цагаараа найзуудтайгаа юм юм л хийхийг хүсдэг. Заримдаа Playstation дээр UFC видео тоглоом тоглоно. Усанд сэлнэ. Ингэж л өнгөрүүлдэг дээ.

Сонирхуулахад UFC видео тоглоомыг бүтээгчид өнгөрөгч наймдугаар сарын 31-ний өдөр хийсэн тулаан дээр ирж халаалтын хэсгийн бичлэгийг хийсэн. Харин энэ жилийн тулаан дээр ирж тоглоомын диск хувилбар дээр гарын үсэг авсан.

-Тулаанд орохоосоо өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?

-Өөртэйгөө ярилцаж, 13-р зууны дайчин өвгөдийн удам гэдгээ сануулдаг. Тулааны өмнө хүмүүс сошиалаар их зөв, буруу зөвлөгөө өгдөг учир аль болох сошиалаас зайлсхийдэг л дээ. Олон хүний анхаарлын төвд байж, хүлээлт үүсгэдэг болохоор ялна гэсэн зорилгыг өөртөө тавьдаг.

-Холимог тулааны урлагаар хичээллэх үед хүндрэл, бэрхшээлтэй үе олон тулгарч байсан байх. Энэ спорт өөрөө их хэцүү, шандас сорьсон спорт шүү дээ?

-Анхнаасаа л өөртөө том зорилго тавьж, дотроо шинэ юм хийнэ, бүтээнэ гэсэн зорилт тавьсан. Америкт эхлээд хөгжлийн хөтөлбөрт хамрагдан зургаан сараар, дараа нь нэг сараар, дахиад зургаан сараар явж бэлтгэл хийсэн. Том тэмцээнүүдэд орох гэхээр дэндүү цөөхөн тулаан хийсэн болоод жижиг тэмцээнүүдэд тулалдах гэхээр надтай тулалдах тамирчид намайг мэдчихээд татгалзаад байсан. Хоёр, гурван удаа тулаанд орох гэж жингээ хассан боловч тулалдаж чадаагүй үе бий.

-Тулааны спортоор хичээллэж байгаа юм чинь багагүй бэртэл, гэмтэл авсан байх. Бэртэл гэмтлээс хэрхэн сэргийлдэг вэ?

-Байнга сунгалт сайн хийдэг. Биеэ мэдэрнэ гэдэг их чухал. Бэлтгэл дээр бэртэл, гэмтэл автлаа өөрийгөө хүчилдэггүй. Хийх ёстой бэлтгэлээ хийгээд л явж байдаг. Ер нь тулааны спортоор хичээллэхэд бэртэл гэмтэл гаралгүй л яах вэ. Гэхдээ тамирчин хүний хувиар энэ бүгдийг даваад гарсан. Гэмтлийнхээ талаар өрсөлдөгч тамирчдадаа мэдэгдүүлэхийг хүсдэггүй юм.

-"Нэрийн хуудас" болсон хөдөлгөөн, цохилт бий юу?

-Би ер нь заавал энэ цохилт, энэ өшиглөлтийг хийнэ гэж боддоггүй. Бүх зүйлээ жигд хөгжүүлэхийг эрмэлздэг. Холимог тулааны урлагт гар, хөл, босоо барилдаан, хэвтээ барилдаан гээд бүхий л талуудаа хөгжүүлж, сул талгүй болохыг хүсдэг. Амжилтад маань ч нөлөөлнө гэж боддог. Манай монгол залуу тамирчид нэг зүйлээ л хэт их давтаж байгаа харагддаг. Юуны тулд холимог тулааны урлаг гэж нэрлэсэн билээ. Бүх зүйлээ л хольж, жигд хөгжүүлэх хэрэгтэй. Үндсэн техникүүдээ сайн давтаж, сууриа сайн тавих нь амжилтын үндэс. Элдэвтэй байх хэрэгтэй л дээ. Байнга хийдэг зүйлээ хийгээд байвал тодорхой амжилт үзүүлээд зогсоно шүү.

-Үлгэр жишээ авдаг тамирчдынхаа талаар яриач. Ж.Нарантунгалаг багшаасаа их дуурайлал авдаг биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Legend FC болон One FC холбооны аварга, гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг багшаасаа их үлгэр дуурайлал авдаг. Харин UFC холбооны тамирчдаас 93 килограммын аварга Жон Жонесоос суралцдаг. Бид хоёр нэг клубт бэлтгэлээ хийдэг. Их нээлттэй, мундаг аварга.

-Холимог тулааны тамирчдаас хэнтэй тулалдахыг хүсдэг вэ? 

-Алдарт Жозе Алдотой нударга зөрүүлэхийг хүсдэг. 10 гаруй жил ялагдал гээчийг амсаагүй явж байгаад Конор МакГрегорт харамсалтай ялагдсан даа. Надад бол тулалдах боломж бүрэн бий гэж харж байгаа. Учир нь одоо Жозе Алдо манай жин рүү ороод ирсэн. Удахгүй дахин аваргын төлөө ч тулалдах байх.

-Цар тахлаас шалтгаалан дараагийн тулаан хараахан товлогдоогүй байгаа гэж дуулсан?

-Тийм. Уг нь ирэх долоо, эсвэл наймдугаар сард ээлжит тулаанаа хийх байсан. Даанч цар тахлаас болж хойшилчихлоо. Хөл хорио гайгүй болж, хил нээгдвэл ойрын хугацаанд Америк руу буцаж, бэлтгэлдээ ормоор байна.

-Таны зорилго, мөрөөдөл гэвэл?

-Мэдээж холимог тулааны урлагийн дэлхийн хамгийн том UFC холбоонд орсных аварга болохыг зорьдог. Мөн Монголд дараагийн үеийн олон олон сайн тулаанч төрөн гараасай гэж мөрөөддөг. Ер нь Монголд мэргэжлийн спортууд хөгжин дэлгэрээсэй гэж хүсдэг.

-Тулааны спортоос та юу олж авав. Анхны олон улсын тулаанаа хийснээс хойш есөн жилийн хугацаа өнгөрсөн байна?

-Юуны түрүүнд тэсвэр, тэвчээр олж авсан. Удаах нь найз нөхөд олж авлаа. Амьдралд минь эерэг өөрчлөлтүүд авчирсан бүхий л зүйлийг тулааны спортоос олж авлаа. Цаашдаа ч олон зүйл олж авах байх.

-Хүүхэд залуустаа хандаж юу хэлмээр байна вэ?

-Том зорилго тавьж, түүнийхээ төлөө тууштай тэмцээрэй гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж