2020 оны УИХ-ын сонгууль амжилттай зохион байгуулагдаж, 73.64 хувийн ирцтэйгээр өндөрлөв. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 15 нам, дөрвөн эвсэл, бие даагчдаас бүрдсэн 606 нэр дэвшигч өрсөлдөж, МАН 62, АН 11, Зөв хүн электорат эвслээс 1, бие даагч 1, та бидний эвслээс нэг нэр дэвшигч сонгогдов. 606 нэр дэвшигчээс 13 эмэгтэй нэр дэвшигч ялалт байгуулав. 2020-2024 оны парламент 13 эмэгтэй гишүүнтэй байх бөгөөд Ардчилсан намаас нэг эмэгтэй гишүүнтэй болов.
Сонгуульд нэр дэвшигчид:
- 1992 онд 293 нэр дэвшигч өрсөлдсөн.
- 1996 онд 302 нэр дэвшигч өрсөлдсөн.
- 2000 онд 602 нэр дэвшигч өрсөлдсөн.
- 2004 онд 244 нэр дэвшигч өрсөлдсөн.
- 2008 онд 356 нэр дэвшигч өрсөлдсөн.
- 2012 он 544 нэр дэвшигч өрсөлдсөн.
- 2016 онд 498 нэр дэвшигч өрсөлдсөн.
- 2020 онд 606 нэр дэвшигч өрсөлдсөн.
Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд нийт 13 нам, дөрвөн эвслээс нэр дэвшсэн 485 хүн, бие даан нэр дэвшсэн 121 хүнийг бүртгэж, үнэмлэх олгосон юм. МАН-аас 76, АН-аас 76, Монголын ногоон намаас 15, Та бидний эвсэл, МАХН, ИЗН, МУНН-ын эвслээс 74, Шинэ нам, БНН, Үнэн ба зөв нам, МҮАН-ын эвслээс 72, Зөв хүн-Электорад эвслээс 53, Ард түмний намаас нэг, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас 13, Хөгжлийн хөтөлбөр намаас долоо, Эх орончдын нэгдсэн намаас нэг, Сахигтун-Үндсэн хуулийн 19 эвслээс 34, “Ард түмнээ хайрлая” намаас нэг, “Зон олны нам”-аас 30, “Дэлхийн монголчууд нам”-аас гурав, “Ард түмний олонхын засаглал” намаас 24, “Их эв” намаас нэг, “Гэр хороолол, хөгжлийн намаас дөрөв, бие даагч 121 нэр дэвшигч өрсөлдсөн.
Мөн энэ удаагийн сонгууль хамгийн өндөр буюу нийт сонгогчдын 73.64 хувь нь саналаа өгсөн. Хэдийгээр цаг агаарын хувьд хур бороотой, зарим газар үерт авсан, коронавирусийн халдварын хорио цээрийн дэглэмтэй цаг үед зохион байгуулагдсан сонгогчид идэвхтэй байлаа.
МАН-ЫН ДАРГА У.ХҮРЭЛСҮХИЙН ПИ-АР ХҮЧТЭЙ БАЙВ
2016 онд үнэмлэхүй ялалт байгуулсан 65-ын бүлэг энэ удаад 62-уулаа болж үнэмлэхүй олонх болов. Түүхэндээ МАН хоёр удаагийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан нь анх удаагийнх байлаа. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрүүдээс эхлээд МАН-ын дарга У.Хүрэлсүх “Одоогийн хийж буй ажлыг нь үргэлжлүүлж, багаар нь дэмжээрэй” хэмээн бүх тойрогт өөрийн биеэр уулзалт хийсэн. Түүний энэ уулзалтууд, багаар дэмжих уриалга сонгогчдод онцгой нөлөөлөв.
Мөн нэр дэвшигчдээ тодруулахдаа ЖДҮ-д холбогдсон зарим хүмүүсийг хасах, шинэ залуучуудыг дэвшүүлсэн нь оновчтой сонголт байлаа. 2016 оны сонгуулиар шинэ нэр дэвшигчид олон тодорч гарч ирсэн шиг энэ удаад ч мөн МАН-аас шинэ нэр дэвшигчид олон болж байна.
АН-ЫН ДАРГА С.ЭРДЭНЭ “СУЛ” БАЙВ
Харин өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сөрөг хүчин байсан Ардчилсан намын хувьд зангидсан бодлоготой гэхээс илүү хувь нэр дэвшигчид “амиа бодсон” тоглолтуудтай, намаас квот авч чадаагүй нь өөр нам элсэх, бие даах байдлаар сонгуулийг эхлүүлсэн нь саналын дүнд нөлөөлсөн болов уу. Мөн намын дарга нь сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхээс илүү өөрийн тойрогтоо анхаарсан хэмээн учир мэдэх хүмүүс ярьж буй. Ямар ч гэсэн АН энэ удаагийн сонгуульд 11 суудал авч, Сүхбаатар аймагт дангаараа ялалт байгуулав.
Тойрог бүрт нэр дэвшээгүй гишүүдээрээ нэр дэвшигчдэд дэмжлэг өгөх бус намын дарга нь өөрөө тойргоо зорьж, хүчтэй байсангүй.
ГУРАВДАГЧ ХҮЧИНГҮЙ СОНГУУЛЬ
Өнгөрсөн долоон удаагийн сонгуульд АН, МАН гэсэн хоёр том нам сонгуульд ялалт байгуулж, төр барьж ирсэн. Харин энэ удаагийн сонгуульд гуравдагч хүчин, бие даагчид хамгийн олон нэр дэвшсэн. Гэхдээ тэдний дуу хоолой, хүч сонгогчдод хүрээгүй бололтой. Тиймдээ хоёр эвслээс нэг, нэг бие даагчтай парламент бүрдэв. Ялангуяа Зөв хүн электорат эвсэл, бие даагчид маш ихээр сонгогдох болов уу гэсэн таамаг сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд өрнөж байсан. Тэдний дунд ч хуульч, эдийн засагч зэрэг салбартаа танигдсан лидерүүд ч байсан. Гэхдээ сонгогчид МАН, АН-даа “хайртай” хэвээр, гуравдагч хүчний орон зай нутагшаагүй байгаагийн илрэл сүүлийн хоёр сонгуулиар харагдав.
ХОРИХ 461-Р АНГИАС НЭГ НЭР ДЭВШИГЧ СОНГОГДОВ
Энэ удаагийн сонгуулийн нэгэн онцлох үйл явдал нь хорих 461-р ангид хоригдож буй нэр дэвшигч тойрогтоо хамгийн өндөр санал авсан явдал. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн 13-р тойрог 3 мандаттай бөгөөд нэр дэвшигч Ж.Эрдэнэбат ялалт байгуулж, Сэлэнгэчүүдийн итгэлийг дахин хүлээв.
Ж.Эрдэнэбатаас гадна УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр, Ардчилсан намаас Сэлэнгэ аймагт нэр дэвшигч С.Баярцогт, Хөвсгөл аймагт нэр дэвшигч Д.Ганболд, Дархан-Уул аймагт нэр дэвшигч Б.Бямбасайхан, УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт “Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл”-ээс нэр дэвшигч Х.Бат-Ялалт нар хорих 461-р ангиас сонгуульд оролцов.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ