ФОТО: Ялалтын парадын эргэн тойронд

Хуучирсан мэдээ: 2020.06.25-нд нийтлэгдсэн

ФОТО: Ялалтын парадын эргэн тойронд

ФОТО: Ялалтын парадын эргэн тойронд

Аугаа эх орны дайнд ялсны 75 жилийн ойд зориулсан цэргийн парад өнгөрсөн Лхагва гариг (2020.06.24)-т Москва хотын Улаан талбайд боллоо. 1945 оны тавдугаар сард Идрицкийн 150 дугаар буудлагын дивизийн дайчид Рейхстагийн орой дээр мандуулж байсан ялалтын туг болон ОХУ-ын Төрийн далбааг Преображенскийн хорооны хүндэт харуулын батальоны цэргүүд барин Улаан талбайд орж ирэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, ахмад зүтгэлтнүүд, хүндэт зочид талбайн төв индэр дээр байрласан юм. Энэ жилийн ялалтын баярт зориулсан арга хэмжээнд Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков, Молдавын Төрийн тэргүүн Игорь Додон, Сербийн Ерөнхийлөгч Александар Вучич, Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон, Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, Өмнөд Осетийн Ерөнхийлөгч Анатолий Бибилов, Абхазын Ерөнхийлөгч Аслан Бжания нар хүрэлцэн ирсэн байна. Мөн хэд хэдэн орны Элчин сайдууд оролцжээ.

Ялалтын парадыг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хүлээн авч, Оросын зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн ерөнхий командлагч Олег Салюков удирдав. Энэ жил Ялалтын парадад 14 мянга орчим цэргийн албан хаагч 200 гаруй нэгж түүхэн болон орчин үеийн зэвсэг, цэргийн техник хэрэгсэл, 75 агаарын хөлөг оролцлоо.

Ялалтын парадын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Улаан арми дэлхий дахиныг хамгаалаагүй бол юу болох байсныг төсөөлөхөд бэрх” хэмээн мэдэгдэв. Тэрбээр “Улаан армийн цэргүүдэд дайн дажин, улс орон, алдар нэр хэрэгтэй байгаагүй. Тэд дайснаа дарж, ялалт байгуулаад гэртээ харихыг зорьж байсан. Тэд Европын эрх чөлөөний төлөө нөхөж баршгүй ихийг төлсөн” хэмээн онцлон тэмдэглэжээ.

ОХУ-ын Төрийн тэргүүн “Зөвлөлтийн ард түмэнд нацизмтай өрнүүлэх тэмцлийн хамгийн хүнд ачаа ирсэн бөгөөд тэд л хамаг муу муухайг ялан дийлж чадсан” гэдгийг дурсан санаж явахыг уриалав. Тэрбээр хурдацтай өөрчлөгдөж байгаа өнөө үед шаардагдаж буй нийтийн аюулгүй системийг бий болгох зорилгоор яриа хэлэлцээ хийх, хамтран ажиллахад Орос улс нээлттэй. Улс орнууд хамтдаа дэлхий дахиныг шинэ аюулаас хамгаалж чадна” хэмээн Путин хэлэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Аугаа эх орны дайнд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж, “Нэр нь үл мэдэгдэх дайчны шарил”-ын ойролцоох Мөнхийн галд цэцэг өргөсөн юм.

Ялалтын баярын 75 жилийн ойг тохиолдуулсан цэргийн парадын төгсгөлд Путин парадад оролцсон анги салбарын захирагч нарт баяр хүргэж, ахмад зүтгэлтнүүдтэй ярилцжээ. Үүний дараа тэрбээр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн хамтаар Александрын цэцэрлэгийг зорив.

ОХУ-ын Төрийн тэргүүн жил бүрийн тавдугаар сарын 9-нд Нэр нь үл мэдэгдэх дайчдын шарилд цэцэг өргөдөг бөгөөд энэ арга хэмжээ ихэвчлэн парадын дараа болдог билээ.

Ялалтын 75 жилийн ойн баярт зориулсан пиротехникийн шоу тоглолт Москва хотноо 23.00 цагт эхэлж, 15 минут үргэлжлэв.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж