1072 хувьцааны ногдол ашгийг хэзээ тараах вэ?

Хуучирсан мэдээ: 2020.06.25-нд нийтлэгдсэн

1072 хувьцааны ногдол ашгийг хэзээ тараах вэ?

1072 хувьцааны ногдол ашгийг хэзээ тараах вэ?

“Эрдэнэс Тавантолгой” компани тавдугаар сарын 1-нээс 2.5 сая хувьцаа эзэмшигчид ногдол ашиг тараахаа мэдэгдсэн. Нэгж хувьцааг 90 төгрөгөөр үнэлсэн. Эхэндээ "Эрдэнэс Тавантолгой" компанийн зүгээс "1072 хувьцааны ногдол ашиг тараахад бэлэн ч иргэд хувьцааны данс нээлгэхдээ банкныхаа дансыг баталгаажуулаагүйгээс шилжүүлэг хийхэд асуудал үүссэн" гэсэн тайлбар хийсэн ч өдгөө харин ногдол ашгийн мөнгөн шилжүүлэг дутуу шилжиж ирсэн гэх мэдээлэл цацагдах болов.

Ногдол ашиг хүртээх шийдвэр гарснаас хойш тавдугаар сар хүртэл хэн, хэзээ үнэт цаасны данс, хаана нээлгэснээ тодруулж, дансгүй нь дахин нээлгэн, банкны данстайгаа холбуулж, иргэд тун идэвхийлсэн гэдгийг брокер, дилерийн компанийнхан хэлж буй. Иргэд ногдол ашгаа горьдож хүлээсээр, эцэс сүүлдээ цөхөрч гүйцэж байна. Өнөөдрийг хүртэл ганц ч хүн ногдол ашиг гэж гар дээрээ авсан юм алга. Авах үгүй нь хүртэл тодорхой бус байна.

Энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” компаниас тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөх боломжгүй. Одоогийн байдлаар дансаа нээлгэж, арилжааны банкны данстайгаа холбуулсан, ямар нэгэн асуудалгүй нэг сая орчим иргэний 60 тэрбум төгрөгийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТХТ/-д шилжүүлсэн. Одоо үлдсэн иргэдийн мэдээлэл, бүртгэлийг бүрэн хянаж ирүүлээгүй байгаа учраас хүлээгдэж байна” гэв.

ҮЦТХТ Монгол Улсын хэмжээнд хувьцаа, бонд хадгалдаг, арилжааны дараах төлбөр тооцоог гүйцэтгэдэг төрийн байгууллага. Уг төвөөс мэдээлж буйгаар “Эрдэнэс Тавантолгой” компани Монгол Улсад мөрдөгдөж байгаа Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Компанийн тухай хуулийн дагуу ногдол ашгаа манай байгууллагаар дамжуулан хуваарилна. Засгийн газраас нийт 2.5 сая иргэнээс гадна аж ахуйн нэгжийн хувьцааны ногдол ашгийг нэгэн зэрэг олгоно гэсэн бодлого баримталж байна.

Манай байгууллага Сангийн яамны харьяа байгууллага. Холбогдох хуулиудад тухайн үнэт цаас гаргагч компани манай байгууллагатай ногдол ашиг тараах гэрээ байгуулж, гэрээнийхээ дагуу хувьцааныхаа тоо ширхэгт тааруулсан мөнгийг шилжүүлснээр тарааж эхэлнэ. "Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэнээс үнэт цаасны данстай нэг сая иргэний ногдол ашгийн 60 тэрбум төгрөгийг шилжүүлсэн гэсэн мэдээлэл өгсөн. Манай байгууллагаас тархалтын судалгааг хийж, нийт 2.5 сая иргэний тоо болон хувьцааны тоо ширхэг гаргаж өгсний дагуу “Эрдэнэс Тавантолгой” компани ногдол ашгаа шилжүүлдэг. Хэзээнээс иргэдэд олгох нь тодорхойгүй байна” гэлээ.

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Компанийн тухай хуулийн дагуу мөнгө дутуу орж ирвэл ногдол ашиг тараах боломжгүй. Зохицуулалтын журмаар 1072 хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэний ногдол ашиг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд 100 хувь төвлөрсний дараа ногдол ашгийг шилжүүлэх юм байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж