НЭМЭЛТ: 09.05 ЦАГ
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ОХУ-д суралцдаг оюутнуудыг татан авах тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:53 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор 114 оюутан эх орондоо ирээд байна. Оюутнуудыг Монголын үндэсний их сургуулийн дотуур байранд 21 хоног тусгаарлах аж.
ОХУ-ААС ӨНӨӨДӨР 120 ОЮУТАН, ЯЛАЛТЫН ПАРАДАД ЖАГССАН 75 АЛБА ХААГЧ ИРНЭ
Дэлхийн өнцөг булан бүрээс Монголдоо буцах хүсэлт гаргасан 11.600 гаруй иргэн байна. Энэ тоо өдөр ирэх тусам нэмэгдэж буй. Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хилээ хааснаас хойш 10 мянга орчим иргэн эх орондоо ирснийг холбогдох албаны хүмүүс мэдээлсэн. Цар тахлын улмаас улс орнууд хилээ хааж, хөл хорио тогтоосон ч Засгийн газраас хилийн чанадад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ шат дараатай татан авч байгаа юм. Тэднийг тусгай нислэг болон газраар татан авах ажлыг шат дараалан зохион байгуулсаар байна.
Эх орондоо буцах хүсэлтэй 120 орчим оюутныг өнөөдөр /2020.06.25/ ОХУ-аас тусгай үүргийн нислэгээр авчрахаар УОК шийдвэрлэсэн билээ.
Мөн Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн хувиар оролцсон Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид болон парадад жагссан Зэвсэгт хүчний 75 алба хаагч ирнэ.
Дашрамд дурдахад, энэ сард хийгдсэн арван удаагийн тусгай үүргийн нислэгээр 2400 гаруй иргэнийг эх оронд нь авчраад байна.
Ирэх долдугаар сарын эхний хагаст Сөүл, Токио, Истанбул хот руу таван удаагийн нислэг үйлдэж, 1300 орчим иргэнийг татан авна гэж УОК-оос мэдээлсэн.
Тухайлбал, хамгийн сүүлд гэхэд зургадугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Засгийн газраас АНУ-д нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр халдварын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулан хувийн хамгаалах хэрэгсэл хүргэх онгоц АНУ-ыг зорьсон билээ. Тус онгоц өчигдөр /2020.06.24/ 10:45 цагт “Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардсан бөгөөд уг нислэгээр нийт 255 иргэн эх орондоо ирсэн юм. Үүнд:
- Хөгжлийн бэрхшээлтэй 4,
- Оюутан 17,
- Өндөр настан 15,
- Эрүүл мэндийн шалтгаантай 26,
- Бага насны хүүхэдтэй гэр бүл 103,
- Жирэмсэн 3,
Бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 98 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Багабаян” амралт, “Тоёоко Инн”, Эрхэс зочид буудалд 21 хоног тусгаарлах юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ