Дэлхийн хамгийн баян ази хүн

Хуучирсан мэдээ: 2020.06.25-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн баян ази хүн

Дэлхийн хамгийн баян ази хүн

Азийн хамгийн чинээлэг эрхэм Мукеш Амбани (Mukesh Dhirubhai Ambani) дэлхийн хамгийн баян 10 хүний нэг болсон билээ. Тэрбээр Энэтхэгийн хамгийн үнэ цэнтэй компаниудын нэг болох “Reliance Industries” компанийн тэргүүн.

Мукеш Амбанийн хөрөнгө 64.5 тэрбум ам.долларт хүрснээр Америкийн “Oracle” компанийн тэргүүн Ларри Эллисон, Францын “L’Oreal” компанийн өв залгамжлагч Франсуаза Беттанкур-Майерс нарыг гүйцэж, жагсаалтын есдүгээрт бичигдэж эхэлснийг “Bloomberg Billionaires Index” харуулав. Тэрбээр хамгийн чинээлэг 10 хүний жагсаалтад багтаж буй цорын ганц ази хүн юм.

Мукеш Амбанийн удирдлага дор “Reliance” компани нефть, эрчим хүчний компаниас жижиглэн худалдаа, өргөн зурвасын сүлжээ, дижитал платформын охин компаниуд бүхий конгломерат болон өргөжин тэлжээ. Сүүлийн үед "Reliance” компанийн нефтийн бизнес олон сорилттой тулгарсныг үл харгалзан тус компанийн дижитал технологийн “Jio Platforms” охин компанийн хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй холбоотойгоор Мукеш Амбанийн хөрөнгө өссөн байна. Бид энэ удаа “ХҮМҮҮС” буландаа Мукеш Амбанийг онцоллоо.


Хүүхэд нас

Мукеш Амбани 1957 оны дөрөвдүгээр сарын 19-нд Йемений Аден хотод мэндэлжээ. Эцэг Дирубхай Амбани нь энэтхэг гаралтай бөгөөд Бүгд найрамдах улсад ажиллахаар ирсэн байна. Ядуурлаас ангижрахын тулд танкчин, ачигч, худалдаачин зэрэг ажил хийж байсан тэрбээр хөл дээрээ бат зогсмогцоо гэрлэхээр шийджээ. Удалгүй гэр бүлийн бизнесийн ирээдүйн өв залгамжлагч болох ууган хүү Мукеш нь мэндэлжээ. Тэрбээр араасаа Нина, Дипти, Анил гэсэн гурван дүү дагуулсан байна.

Амбанийн гэр бүл түүнийг бага байхад Энэтхэг рүү нүүжээ. Эцэг нь хуримтлуулсан мөнгөө өөрийн бизнестээ зарцуулж, ноос, халуун ногоо худалдаалж эхэлсэн байна. Дирубхай бизнесээ өргөжүүлж, даавууны үйлдвэр байгуулжээ. Түүний “Reliance Industries” компани синтетик материал анх ашигласан бөгөөд энэ нь үйлдвэрлэлийн өртгийг бууруулах боломж олгосон байна.

Дирубхай ууган хүүдээ онцгой анхаарал хандуулж, түүнийг улам сайн хөгжүүлэхийг хичээсээр байсан аж. Мукеш багаасаа спортоор хичээллэж, аялж, байгалиа судалж байжээ. Сургуулиа дүүргэсний дараа хүү нь Мумбай руу явж, химийн бакалаврын зэрэг хамгаалсан байна. Ирээдүйн тэрбумтан улмаар Стэнфордын их сургуульд элсэн суралцжээ.

          Нита, Мукеш Амбани нар залуудаа

Хувийн амьдрал

Амбани эцгийнхээ "заавраар" гэрлэжээ. Дирубхай Энэтхэгийн үзэсгэлэнт бүжигчдийн шоуг үзэж суугаад хүүгээ гэрлүүлж хувийн амьдралыг нь эхлүүлэх цаг нь болсон гэж боджээ. Түүний “сонгосон” бүжигчин бүсгүй Нита хожим нь эдийн засагч мэргэжил эзэмшин, сургуульд багшилсан бөгөөд бизнес хийх чадвартайгаа харуулж, удалгүй гэр бүлийн бизнесээ эхлүүлсэн байна. Гэрлэснээсээ хойш хосууд Ака, Анант гэх хоёр хүү, Иша хэмээх охинтой болжээ.

Мукеш Амбани гэргий Нитагийн хамт

Тэрбумтан Амбани гэр бүлийнхнээ шинэ, том байшинд амьдруулахыг зорьж, тэнгэр баганадсан барилгын ажил эхлүүлсэн байна. Барилга угсралтын ажил дөрвөн жил үргэлжилсэний эцэст Амбанийн гэр бүл 27 давхар, 173 метр өндөр “Антилия” цамхагт нүүн оржээ.

Тэрбээр аавынхаа нэгэн адил өв залгамжлагчдадаа анхаарал хандуулж, тэдэнд хамгийн сайн сайхан бүхнийг өгөхийг хичээх болсон байна. Иша гэрлэхээр шийдсэнийг мэдмэгцээ бизнесмен эр охиныхоо хуримыг маш тансаг тэмдэглэхээр шийджээ. Хуримын ёслол “Taj Lake Palace”-т эхэлж, гэртээ үргэлжлүүлэн тэмдэглэсэн байна.

Дуучин Бейонсе зочноор уригдан дуулсан бөгөөд зочдын дунд Энэтхэгийн нэрт жүжигчин Приянка Чопра, АНУ-ын улс төрч Хиллари Клинтон нар байсан аж.

Бизнес

Дирубхай ухаалаг хүн байсан тул амьддаа компанийн удирдлагыг том хүүдээ шилжүүлж, өөрөө албан ёсны эзэмшигч нь хэвээр үлджээ. Тэр үед Мукеш зохих боловсрол эзэмшсэн байсан тул аавынхаа ажлыг үргэлжлүүлэхэд бэлэн байгаад зогсохгүй өөрийнхөө санаа бодлыг хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн байна. Улмаар харилцаа холбооны салбарт бизнесээ өргөжүүлж, анхны нефть боловсруулах үйлдвэрээ байгуулжээ.

2002 он Амбанийн хувьд хүнд жил болж өнгөрсөн байна. Эцэг нь компанийнхаа шинэ захирлыг албан ёсоор томилж амжилгүй өөд болжээ. Мукеш том хүүгийн хувьд компанийн ТУЗ-ийн даргын албан тушаалд, дүү Анил нь дэд ерөнхийлөгчийн суудалд суусан байна. Гэхдээ энэ нь “Reliance Industries”-ийг олон чиглэлээр хөгжүүлэхийг хүссэн ах, дүү хоёрт таалагдаагүй аж.

Тэдний хоорондын үл ойлголцол гүнзгийрч, эрх мэдлийн төлөөх "дайн" эхэлсэн байна. Ээж нь асуудлыг шийдэхийг оролдож, хөвгүүд нь компанийг өөр өөрийн хүссэнээр хуваахыг санал болгожээ. 2005 онд шүүхийн шийдвэрээр залуус эцгийнхээ компанийг тэнцүү хуваан эзэмшихээр болсон байна. Тодруулбал, Мукеш газрын тос боловсруулах, нэхмэл эдлэлийн чиглэлийг өвлөн авсан бол Анил эрчим хүч, харилцаа холбооны салбарыг эзэмших болжээ. Тэдний хоорондын тэмцэл дахин гурван жилийн турш үргэлжилсэн бөгөөд үүний дараа өв залгамжлагчид тохиролцож чадсан байна.

2008 онд “Форбс” сэтгүүл Амбаниг Энэтхэгийн хамгийн баян хүнээр өргөмжилжээ. Өөрийн бизнесийн тактикийн ачаар санхүүгийн эрх чөлөөнд хүрч чадсан тэрбээр хамгийн сүүлийн үеийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэхийн тулд судалгаанд анхаарлаа төвлөрүүлжээ. Мөн үйлдвэрлэлээ өргөжүүлж, 50 орчим шинэ аж ахуйн нэгж байгуулсан байна.

 

Мукеш Амбани, охин Ишагийн хамт

Бизнесмен эр бусад салбарт өөрийн нөлөөг аажмаар нэмэгдүүлсээр байжээ. Тэрбээр хийн үйлдвэрлэл, биотехнологийн чиглэлээр ажилласан бөгөөд 2013 онд улсаа үнэгүй хөдөлгөөнт холбоо, интернетээр хангахаа мэдэгдсэн байна. Гэхдээ “Jio Platforms” нэртэй охин компани нь 4G үйлчилгээ эхлүүлсэн бөгөөд түүнээс хойш долоон сарын дараа төлбөртэй болж, тэр хэрээр тэрбумтны хөрөнгийн хэмжээ өсчээ.

Амбани нийгмийн шинжтэй арга хэмжээнүүдэд оролцож, нөлөө бүхий хүмүүстэй нягт харилцаа холбоотой байдаг ч тэдгээрийг ажил төрөлдөө ашиглахаас татгалздаг аж. Түүний найз нөхдийн дунд улс төрчид, шоу бизнесийн одод, тамирчид олон байдаг байна.

Аль болох эерэг, нээлттэй байхыг хүсдэг ч Мукешийг шүүмжлэл тойрсонгүй. Вэб хэрэглэгчид болон сэтгүүлчдийн сэтгэл дундуур байгаа шалтгаануудын нэг нь тэрбээр өмнө нь асрамжийн газар барина хэмээн худалдаж авсан газартаа тэнгэр баганадсан барилга барьсан явдал аж.

"Антилия" цамхаг

Бизнесменийг мөн ядууст туслахын оронд спортын баг, барилга байшин худалдаж авах зэргээр мөнгөө дэмий “үрдэг” хэрэгт буруутгажээ. Гэргий Нита нь түүний нэр хүндийг сэргээх оролдлого хийсэн бөгөөд нөхрөө буяны үйлсэд оролцдог талаар мэдэгдэж, 2008 онд ядууст тусалсан буяны үйлсийнх нь бичлэгийг үзүүлжээ. Нита нөхрөө төлөв даруу, шударга, хайраар дүүрэн аав, итгэлт хань хэмээн онцолсон байна.

Мукеш Амбани нь бусдын санаа бодолд нөлөөлж, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, өөрийн төлөө бусдыг ажиллуулж чаддаг төрөлхийн хосгүй чадвартай. Юмыг түргэн шуурхай хийхээс илүү сайтар бодож боловсруулах хэрэгтэйг тэр алхам тутамдаа бусдад сануулдаг нь амьдралдаа баримталдаг гол зарчим нь аж.

Тэрбээр "Бурхан чөтгөрийн аль нь ч энэ ертөнцөд байдаггүй. Хүн болгонд сансар огторгуйгаас эхлэлтэй эрчим хүч, бодит боломж байх бөгөөд хэн түүнийгээ цаг алдалгүй мэдэрч чадна тэр амжилтад хүрдэг. Харин өөрийн боломжийг үл хайхрах аваас чи хэн ч биш болно. Тиймээс ямагт бусдаас илүү сэтгэж, бүтээлчээр амьдрах нь хүний туйлын зорилго мөн" гэж хэлжээ.


“Bloomberg Billionaires Index” зургадугаар сарын 22-ны байдлаар

    1. Жефф Безос 160 тэрбум ам.доллар
    2. Билл Гейтс 112 тэрбум ам.доллар
    3. Марк Цукерберг 90.6 тэрбум ам.доллар
    4. Бернар Арно 87.4 тэрбум ам.доллар
    5. Уоррен Баффет 71.5 тэрбум ам.доллар
    6. Стив Баллмер 70.5 тэрбум ам.доллар
    7. Ларри Пэйж 68.1 тэрбум ам.доллар
    8. Сергей Брин 66 тэрбум ам.доллар
    9. Мукеш Амбани 64.5 тэрбум ам.доллар
    10. Франсуа Беттанкур Майерс 62 тэрбум ам.доллар

Эх сурвалж: BLOOMBERG, SECRETMAG, PEOPLE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж