ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар жилийн орлого нь таван сая рублиэс илүү хүмүүст ногдуулах татварыг нэмсэн. Энэ нь зөвхөн эхний алхам, цаашид өндөр орлоготой хүмүүсээс татах татвар улам нэмэгдэх байх хэмээн хуулийн Tax Compliance компанийн өмгөөлөгч Михаил Бегунов хэллээ.
Шинэ татварыг ирэх 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс ногдуулах бөгөөд жилдээ таван саяас дээш рублийн орлоготой хүмүүс 15 хувийн татвар төлөх юм. Ингэснээр улсын төсвийн орлого 60 тэрбум рублиэр нэмэгдэнэ. Гэхдээ энэ татварыг тусгай зориулалтаар буюу ховор өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд зарцуулах юм.
Михаил Бегуновын хэлснээр жилдээ таван саяас дээш рублийн орлоготой хүмүүсийн дийлэнх нь Москва болон Санкт-Петербургт амьдарч байна.