Х.Баттулга: УИХ-ын 76 гишүүнээ цензуртэй сонгоорой

Хуучирсан мэдээ: 2020.06.24-нд нийтлэгдсэн

Х.Баттулга: УИХ-ын 76 гишүүнээ цензуртэй сонгоорой

Монгол Улсын УИХ-ын сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 17.40 цагт буюу тахиа цагт Баянзүрх дүүргийн 48-р сургуулийн санал өгөх байранд саналаа өглөө. Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа өгч гарч ирээд, олон нийтэд хандан мэдээлэл хийв.

Тэрбээр "Монгол Улсын их хурлын найм дахь удаагийн сонгууль өнөөдөр болж байна. 1990 онд ардчилсан улс болсноо дэлхий даяар зарласнаасаа хойш 30 гаруй жил болж байна. Энэ хугацаанд алдаж, онож олон замыг туулсан. Энэ удаагийн сонгуульдаа ард түмэн маань идэвхтэй оролцож ялангуяа залуус минь идэвхийлэн оролцож, саналаа өгөөрэй гэж хүсье. 17.00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгуулийн ирц 40 гаруй хувьтай, нийслэл хот арай илүү идэвхтэй 50 гаруй хувьтай байгаа талаарх мэдээ авсан. 22.00 цагт санал хураалт хаагдана. Залуустаа хандаж, та нарын санал улс орны хөгжилд их чухал шүү гэдгийг хэлмээр байна. Бид бараа бүтээгдэхүүн сонгохдоо хаана үйлдвэрлэсэн, хэзээ үйлдвэрлэв гэдэг гарал үүслийг нь сайн харж худалдан авалт хийдэг.

УИХ-ыг бага ард түмэн гэж хэлдэг. Тиймээс энэ 76 гишүүнээ бараа сонгодгоос илүү цензуртэй сонголтоо хийгээрэй гэж та бүхнээсээ хүсье.Зарим тойрогт санал худалдан авах асуудал яригдаж байна. Энэ бол үе үеийн сонгуулийн үеэр яригддаг. УИХ-д уул уурхайн бизнес эрхэлдэг хүмүүс олноор орж ирдэг. Энэ хүмүүс энэ их мөнгөөр санал худалдан авах мөн гэмт хэрэг хийсэн бол УИХ-д орж ирээд толгой хорогдох нөхцөл байдал сүүлийн үед сонгуулиудаар ажиглагдах болсон” гэдгийг ард түмэндээ дахин дахин хэлье” гэв.

Дараа нь тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

– МАН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч Г.Амартүвшинг 2014 онд Монгол Улсын иргэншлээс хасагдсан тухай мэдээлэл гарсан. Энэ талаар танд мэдээлэл байна уу?

– 2014 онд Монгол Улсын иргэншлээс хасагдсан эсэхийг би мэдэхгүй байна. Үүнийг зохих байгууллагууд нь архиваас гаргаж ирэх ёстой байх. Ер нь бол гадаадын иргэншилтэй гэсэн паспортын дугаарууд нэлээд харагдаж байсан.

-Ардчилсан парламентын сонгууль болохтой зэрэгцэн нэр бүхий нэр дэвшигчдийг цагдан хорьсон. Тэд өнөөдөр шоронгоос нэр дэвшиж байна. Ардчилсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд та юу хэлэх вэ?

-Энэ шүүх эрх мэдлийн асуудал. Ажиглахад 2013, 2014, 2015, 2016 онуудад гэмт хэрэгт холбогдож байсан, шүүхээс тодорхой ялын дүгнэлтээ авчихсан хүмүүстэй холбоотой асуудал байна лээ. Үүнийг бид ажиглаж байгаа.

– Эдийн засгийн нөхцөл байдал таатай биш байгаа. Та шинээр бүрдэх УИХ, Засгийн газартай хэрхэн хамтарч ажиллах вэ?

– Дэлхий даяар цар тахалтай холбоотойгоор эдийн засаг ямар байдалтай байгааг бид хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Манай улсын хувьд эдийн засгийн хувьд төрөлжөөгүй, хэдхэн төрлийн экспорт дээр суурилдаг. Энэ сонгуулиар байгуулагдсан УИХ, Засгийн газартай маш шуурхайгаар эдийн засгийг босгох, ард иргэдээ ядуурлаас гаргах чиглэлд шуурхайлан хамтарч ажиллана. Би өөрөө бизнес хийж байсан хүн учраас энэ салбарын зовлон, жаргалыг илүүтэй ойлгодог.

– Та яагаад саналаа үдээс хойш өгч байна вэ?

– Би ирцийн мэдээллийг харж байгаад залуусыг уриалах зорилгоор 17.00 цагийн ирцийн мэдээг харж байгаад ирлээ. Ер нь цаг заадаггүй байх аа.

 

Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа өгч байна

Ерөнхийлөгч Х.Баттулга саналаа өгч байна

Posted by News.mn on Wednesday, June 24, 2020

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж