АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хууль сахиулах байгууллагуудад холбооны өмч, газар нутаг дээрх соёлын дурсгалт газар, хөшөөг сүйтгэсэн хэнийг ч бай баривчилж, арван жил шоронд хорих үүрэг өгчээ. Үүнд өмнө нь хөшөө нураасан этгээдүүд ч хамаатай гэнэ.
Тэрбээр твиттертээ цаашид холбооны өмч сүйтгэгдэхийг зүгээр хараад сууж чадахгүйгээ илэрхийлж “Би хууль сахиулах байгууллагуудад ямар нэг хөшөө дурсгал гэх мэт холбооны өмчийг нураан сүйтгэсэн этгээдүүдийг баривчилж, 10 жил хорих ял оноохыг даалгасан. Баривчлагдсан этгээдэд өршөөл гэж үгүй” хэмээн жиргэжээ. Тэрбээр мөн энэ тушаал нь даруй хэрэгжиж эхлэх бөгөөд өмнө нь хөшөө нураасан хэргүүдэд ч хамаатай хэмээн анхааруулсан байна.
Өмнө нь тэрбээр цагаан ордны эсрэг талд байдаг Эндрью Жэксоны хөшөөнд халдсан, гэгээн Жоны түүхэн сүмийг сүйтгэсэн этгээдүүдэд олон жил хорих ял онооно гэж анхааруулж байсан билээ.
Энэ сарын 22-нд цагаан ордны эсрэг талд байрлах Эндрью Жэксоны хөшөөнд жагсагчид халдаж, нураахыг завдсаныг цагдаа нар шуурхай ажиллан зогсоосон. Мөн ойролцоо байрладаг сүмийн ханан дээр танхай этгээдүүд шүршдэг будгаар үг бичсэн аж. Үүнээс гадна маш олон хөшөө дурсгалууд АНУ-д сүйтгэгджээ. Харамсалтай нь, Трампын шинэ тушаал зөвхөн холбооны өмчид хамаатай тул өөр олон түүхэн дурсгалт баримлуудыг нураасан хэрэгтнүүд шийтгэл амсахгүй үлдэх бололтой.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ