Шинэ баримтаар үйлчлээгүй аж ахуй нэгжийг торгоно

Хуучирсан мэдээ: 2016.01.04-нд нийтлэгдсэн

Шинэ баримтаар үйлчлээгүй аж ахуй нэгжийг торгоно

Өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор "Мини хайпер маркет"-д очиж худалдан авалт хийж баримтаа ebarimt.mn-д бүртгүүлэн баталгаажуулсан. Үүний дараар тэрбээр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ тухай хуулийг өнгөрсөн долдугаар сард УИХ шинэчлэн баталсан билээ. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн тус хуулиар татвар төлөгчид нийт төлсөн татварынхаа 20, худалдан авалтын үнийн дүнгийнхээ хоёр хувийг урамшуулал, сугалаа хэлбэрээр буцаан авах боломжтой болж байгаа юм.

НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэхдээ үйлчилгээний шинэ баримт гаргаж байгаа юм.  Шинээр баталсан төлбөрийн баримтад тухайн худалдагч байгууллагын нууцлалын бар код, байгууллагын лого, татвар төлөгчийн дугаар, худалдан авалтын үнийн нийт дүн зэрэг мэдээллийг багтаасан байна. Төлбөрийн бүх баримт шинэ загварын дагуу хэвлэгдэх аж. Уг төлбөрийн баримтад үндэслэн иргэд, аж ахуйн нэгжүүдийн НӨАТ-ын хорин хувь буюу нийт зарцуулсан мөнгөн дүнгийн хоёр хувийг буцаан олгож, урамшууллын сугалаанд оролцуулах аж. Татварын буцаан олголтод дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн татвар хамаарах юм. Мөн үүнээс гадна иргэд хоёр долоо хоног тутам сугалаанд оролцох боломжтой болж байна. Сугалааны сан 22 тэрбум төгрөг бөгөөд сард хоёр удаа сугалаанд оролцох аж. Хэзээ ямар сугалаанд оролцох ёстойг ebarimt.mn-ээр байршуулах юм байна.

Энэ талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлэхдээ "Иргэн бүр худалдан авалтынхаа баримтыг үйлчилгээний байгууллагаас шаардан авах хэрэгтэй. Худалдан авалтынхаа баримтыг авснаар татварын хөнгөлөлт эдлэх болохоор зөвхөн татварын байцаагч нар бус Монгол Улсын гурван сая иргэн бүгд татварын хяналт тавих боломжтой болж байгаа юм. Энэ хууль хэрэгжсэнээр иргэдийн оролцоотой эдийн засгийг ил тод болгож байгаагаараа давуу талтай юм. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гарч, далд, бүртгэлгүй байсан эд хөрөнгө бүртгэлтэй болж байна. Үүний араас Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ тухай хууль хэрэгжиж эхэлж байгаа нь бүртгэлгүй байсан зүйлүүд ил тод болох юм. Тиймээс иргэд үйлчлүүлж байгаа газраасаа татварын баримт авъя, түүгээрээ худалдан авалтынхаа хоёр хувийг буцаан авч, сугалаанд оролцоё гэж нэхэж авах хэрэгтэй" гэв.

Иргэд цахим хаягаараа ebarimt.mn-д бүртгүүлж, дансны дугаараа бүртгүүлэх юм байна. Иргэн худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлэхэд тэр дор нь баталгаажуулж өгөхгүй, гурав хоногийн дотор багтан баталгаажуулах юм. Буцаан олголтыг жилд нэг удаа буюу аж ахуйн нэгжүүдийн тайлан гарсны дараа,  шинэ оны эхний сард олгох аж. Өөрөөр хэлбэл 2016 оны НӨАТ-ын буцаан олголтыг 2017 оны нэгдүгээр сард багтаан олгоно. Буцаан олголт тухайн хүний бүртгүүлсэн данс руу оны эхний сард автоматаар шууд орох юм байна. Тус сайтад одоогоор 330000 аж ахуйн нэгж холбогдсон байна. Гэхдээ иргэд НӨАТ төлдөг байгууллагаар үйлчлүүлсэн тохиолдолд хоёр хувийн буцаан олголт авах боломжтой юм. Тиймээс зах худалдааны төв, хувиараа хөдөлмөр эрхлэгчид НӨАТ төлдөггүй учраас тус хуульд хамрагдах боломжгүй гэдгийг тодотголоо.  

Дашрамд дуулгахад НӨАТ төлдөг аж ахуй нэгжүүд энэ сарын 18 хүртэл шинэ баримттай болох шаардлагатай. Хэрэв тогтсон хугацаанаас хэтэрвэл нийт орлогын  хоёр хувиар торгох юм байна.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж