Мэргэжлийн талбайн теннисийн дэлхийн номер нэг тамирчин болох Новак Жокович шинэ коронавирусийн халдвар авчээ. Тэрбээр халдвар авснаа мэдсэн даруйдаа Белград хотод гэр бүлийнхэн, багийнхантайгаа тусгаарлагдсан гэнэ. Одоогоор түүнд өвчний ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байгаа аж.
Новак Жокович саяхан төрөлх Серби улсынхаа нийслэл Белград хотод өөрийн нэрэмжит Адриа хэмээх талбайн теннисний цуврал тэмцээнээ зохион байгуулсан боловч тус тэмцээнд оролцсон Григор Дмитров, Борна Горич, Виктор Тройцки зэрэг тамирчид халдвар авсан нь мөн тогтоогджээ. Харин Александр Зверев, Марин Силич, Андрей Рублев зэрэг тамирчдын шинжилгээний хариу сөрөг гарсан ч тэднийг 14 хоног өөрсдийгөө тусгаарлахыг зөвлөжээ.
Белградад зохион байгуулагдсан энэхүү тэмцээнийг нийт 4000 гаруй хүн үзэж сонирхсон бөгөөд тэмцээний орой шөнийн клубд тамирчид болон дэмжигчид баяраа тэмдэглэжээ
Новак Жокович твиттер хуудсаараа дамжуулан “Бидний зохион байгуулсан тэмцээн бусдад хор хөнөөл учруулсанд хүлцэл өчье. Бидний буруу” хэмээн жиргэжээ.
Новак Жоковичийг тэмцээн зохиож, шинэ коронавирусийн халдвар авсан талаар Их Британийн теннисчин Энди Маррей “бидэнд том сургамж боллоо” гэж тодорхойлсон бол Австралийн теннисчин Ник Киргиос “бодлогогүй шийдвэр” хэмээжээ.
Холбоотой мэдээ