Давхар автобус зөвшөөрлөө хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2020.06.24-нд нийтлэгдсэн

Давхар автобус зөвшөөрлөө хүлээж байна

Давхар автобус зөвшөөрлөө хүлээж байна

Нийслэлийн иргэд давхар автобусаар зорчихыг “мөрөөдөөд” 10 хонож байна. Давхар автобус туршилтаар явж эхэлсэн өдрөөс буюу зургадугаар сарын 14-нөөс эхлэн “Ямар хүн автобусыг жолоодох бол”, “Монголын нөхцөлд  тохирох уу”, “Яг хэзээ үйлчилгээнд явах юм бэ” зэрэг асуулт хөвөрч бас хүлээлт үүсээд байгаа билээ. Тиймээс энэ удаад давхар автобус хэзээ үйлчилгээнд явж эхлэхийг сурвалжиллаа.

Цагтай уралдан ажил төрлөө амжуулдаг нийслэлчүүд түгжрэлд өдрийн ихэнх цагийг “алдаж” түүнээс шалтгаалан уцаарлаж, бухимдах нь бий. Замын түгжрэлийг бууруулах олон арга байдгийн нэг нь нийтийн тээврийг хөгжүүлэх. Иймд 2020-2021 оныг нийтийн тээврийн салбарт дорвитой шинэчлэл хийхээр нийслэлийн удирдлагууд төлөвлөөд байгаа билээ. Тухайлбал, шинэ 300 автобустай болох, хүүхдийн зориулалтын 200 автобус болон хоёр давхар автобус, стандартад нийцсэн 1000 таксийг үйлчилгээнд нэвтрүүлнэ.

Давхар автобусыг туршилтаар явж байхтай нь өчигдөр /2020.6.23/ таарлаа. Тус автобус нь нэг давхартаа 20, хоёр давхартаа 50 хүний суудалтай. Хамгийн түрүүнд хоёр давхарт гарсан юм. Хоёр давхрын урд талын суудлууд хамгаалалтын бүсээр тоноглогдсон байв. Мөн хяналтын нэг камер суурилуулжээ.

Харин нэгдүгээр давхарт “U money” карт уншуулах төхөөрөмж, дөрвөн камер суурилуулжээ. Давхар автобусаар бусад энгийн автобустай адил 500 төгрөгөөр зорчих аж.

Тус автобусны урьдчилгаа 20 хувийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр, 80 хувийг Монголын Хөгжлийн банк болон БНХАУ-ын Хөгжлийн банкны зургаан жилийн хугацаат зээлээр авч байгаа юм. Эхний ээлжид хоёр давхар цахилгаан автобус 10, энгийн цахилгаан автобус 36, нийт 46 цахилгаан автобус, 15 ширхэг цэнэглэх төхөөрөмж, эрчим хүчний дөрвөн дэд станц худалдан авч, техникийн паркаа шинэчлэхээр бэлтгэл хангажээ. Мөн давхар автобусны нэг бүрийнх нь үнэ 200 мянган ам.доллар юм.

 АВТОМАТ АРААТАЙ БОЛОХООР ЯВДАЛ ЗӨӨЛӨН, БИЕД ИЛҮҮ ЭВТЭЙХЭН

Жолооч Ж.Нацагаас тус автобусыг жолоодоход ямар асуудал үүсч байгааг тодруулсан юм.

-Та хэдэн жил автобус жолоодож байна вэ?

-Миний хувьд 2001 онд жолооч болсон, B, C, D, DE ангиллын жолооч. 2003 оноос хойш 17 жил тасралтгүй автобус жолоодож байна.

-Та 17 жил тасралтгүй автобус жолоодсон юм байна. Давхар автобус жолоодох нь бусад автобуснаас ямар ялгаатай байна вэ?

-Автомат араатай болохоор явдал зөөлөн, биед илүү эвтэйхэн санагдсан. Дээд талаа хянаж явах ёстой. Троллейбусны шугам шүргэхээргүй зайтай байдаг ч анзаарч явж байгаа.

-Хоёр давхарт байгаа хүн буухад цаг орох тул бусад автобустай харьцуулахад буудлууд дээр арай удаан зогсох уу?

-Одоохондоо чиглэл нь тодорхойгүй байгаа болохоор автобусны буудлууд дээр хэдэн минут зогсох нь тодорхойгүй байна. Хоёр давхрын зорчигчид бууж суухдаа анхааралтай байх хэрэгтэй. Эхний ээлжид дээд давхартаа хянагчтай явах төлөвлөгөөтэй байгаа.

НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР ЗӨВШӨӨРӨЛ ӨГВӨЛ ҮЙЛЧИЛГЭЭНД ЯВАХАД БЭЛЭН

“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмонгоос тус автобусны талаар зарим зүйлийг тодрууллаа.  

-Давхар автобусны жолооч тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай юу?

-Давхар автобус жолоодох жолоочид “D” ангиллын зөвшөөрөлтэй, мэргэшсэн байх шаардлага тавьж байгаа. Монгол Улсын автотээврийн стандартад автобусны жолооч нь ерөнхий боловсролын суурь болон бүрэн дунд боловсролтой, автобусны жолооч бэлтгэх тусгай дамжаа дүүргэсэн, жолоочийн мэргэжлийн “D” ангилалтай, мэргэшсэн, 21-аас дээш насны хүн байна гэж тусгасан. Угсраа автобусны жолооч нь дээрх шаардлагыг хангасан байхаас гадна “D” ангиллын тээврийн хэрэгслийг гурваас дээш жил жолоодож дадлагажсан, мэргэшсэн жолооч байна гэж заасан байдаг. Энэ шаардлагыг хангасан жолооч тус автобусыг жолоодно.

-Туршилтын хугацаанд ямар нэгэн дутагдал гарсан уу?

-Энэ автобус нь БНХАУ-ын “Nanjing Golden Dragon Bus” компанийн “Skywell” нэрийн автобус. Тус үйлдвэрийн дан автобусыг 2019 оны долдугаар сард оруулж ирж, туршилт, судалгаа хийсэн. Шаардлагад нийцсэн тул давхар автобусыг нь оруулж ирсэн юм. Төслийн хүрээнд давхар 10 автобус, дан 36 автобус оруулж ирэх төлөвлөгөөтэй байгаа.

-Давхар автобус туршилтаар яваад 10 хонож байна. Хэзээ үйлчилгээнд явах вэ?

-Туршилтын хугацаанд Зүүнсалаа, Налайх, Баянхошуу зэрэг нэлээд олон чиглэлийн дагуу явсан. Давхар автобус нь нэг цэнэглэлтээр 400 км орчим зам туулж байгаа. Нийслэлийн тээврийн газраас байцаагчид ирж дүгнэлт хийсэн. Тэндээс зөвшөөрлөө өгчихвөл үйлчилгээнд явахад бэлэн.

-Туннельтэй газраар явуулж болохгүй тул автобусыг аль чиглэлд явуулах вэ?  

-Бидний тооцоолж буйгаар эхний ээлжид Таваншараас Офицеруудын ордон чиглэлд явуулах төлөвлөгөөтэй байгаа.

ДАВХАР АВТОБУСАНД ЗӨВШӨӨРӨЛ ӨГӨХ БОЛОМЖГҮЙ БАЙНА

Ингээд нийслэлийн Тээврийн газартай холбогдож давхар автобусанд зөвшөөрөл өгөх эсэхийг тодруулахад “Давхар автобусыг нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах зөвшөөрлийг шууд өгөх боломжгүй байна” гэхээс өөр тайлбар өгөхөөс татгалзав.

ХОЁР ДАВХАР АВТОБУСНЫ ТҮҮХ

Хоёр давхар автобусны түүх Англитай салшгүй холбоотой бөгөөд анх 1820 онд хоёр давхар автобусны түүх эхэлсэн гэдэг. Үүнээс өмнө 1662 онд францууд хоёр давхар морин тэрэг зохион бүтээсэн ч амжилт олоогүй англичууд амьдралд хэрэгжүүлж чаджээ. “Адамс ба  К” компани 1847 онд хоёр давхар автобусыг (дээвэр нь онгорхой ) үйлчилгээнд нэвтрүүлэв. Энэ автобусыг Лондонгийн тээврийг удирдах газар захиалсан бөгөөд мориор чирдэг байв. Сонирхолтой нь энэ автобусны хоёрдугаар давхар нь хоёр дахин хямд үнэтэй байжээ. Компани иргэдийг татахын тулд ийм үнэ санал болгосон бөгөөд өмнө нь хоёр давхар морин тэрэг осолдоход хоёрдугаар давхарт байсан хүмүүс амь насаа алдсан гашуун түүхтэй байжээ. Эхний хоёр сард хоёрдугаар давхарт нь суух хүн олдсонгүй. Удалгүй хотын дарга уриалснаар иргэд суух болсон байна. Гэсэн ч олны сонирхлыг татаж чадсангүй. Харин 1852 онд Жон Гринвуд хоёр давхар автобусны эх биеийг сайжруулснаар хотын иргэд үйлчлүүлэх нь нэмэгджээ. 42 хүн багтах боломжтой болсон бөгөөд хоёрдугаар давхарт нийтийн урт суудал бус тусдаа суудал гаргасан нь бүсгүйчүүдэд ихэд таалагдсан гэдэг. Эх бие хөнгөн болсон учир ердөө гурван мориор чирч байжээ.

Харин анхны хөдөлгүүрт хоёр давхар автобус 1924 онд үйлчилгээнд нэвтэрчээ. Битүү дээвэртэй байсан учир бороо их ордог Англид иргэдийн хүсэл сонирхолд нийцэж эрэлт нь нэмэгджээ. Модон суудлыг сольж зөөлөн болгосон байна. Тав тух сайжирсан тул трамвайгаар үйлчлүүлэгчдийг ч татаж чаджээ. Зохион бүтээгчдийн ачаар автобусны дизайн жил ирэх тусам сайжирч 1954 оноос  гал улаан өнгөтэй алдарт  “Routemaster” загвар үйлчилгээнд гарснаар хоёр давхар автобусны брэндийн нэр хүндийг улам өсгөсөн түүхтэй.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж