THE ASSOCIATED PRESS: ЭДИЙН ЗАСГИЙН САНАА ЗОВООСОН АСУУДЛУУД ДУНД МОНГОЛ УЛС ПАРЛАМЕНТЫН СОНГУУЛЬ ЯВУУЛЖ БАЙНА
Монгол Улсад өнөөдөр буюу зургадугаар сарын 24-нд парламентын сонгууль болж байна. Орос, Хятадын авторитар дэглэмийн дунд хавчуулагдсан өргөн уудам нутаг, сийрэг хүн амтай Монгол Улс нь сүүлийн 30 орчим жил ардчилсан системээр явж ирсэн. Шинэ коронавирусийн халдварт өвчний цар тахлын үед Өмнөд Солонгосын дараа парламентын сонгууль явуулж буй хоёр дахь орон нь Монгол. Тус улс нь халдвараас сэргийлэн хилээ хааж, иргэдээ гэрт нь хорьсон. 60 гаруй жилийн дараа коммунист дэглэмийг халж, шинэ Үндсэн хуулиа 1992 онд баталснаас хойших найм дахь удаагийн сонгууль. Өнгөрсөн 2016 оны парламентын сонгуулиар нэг нэр дэвшигч-нэг дүүргийн системийн дор Улсын их хурлын 76 суудлын 65-ыг нь авч ялалт байгуулсан Монгол Ардын нам энэ удаад ч олонхын суудлаа авч үлдэхийг хичээж байна. Сонгуулийн хуулийг энэ жил өөрчилснөөр хоёроос гурван нэр дэвшигч нэг дүүргээс сонгогдох боломжийг олгосноор 606 нэр дэвшигч өрсөлдөж байна. Захын дүүргүүд, алслагдсан хөдөө орон нутагт өрсөлдөөн хүчтэй явагдах бөгөөд хүн амын тал хувь нь амьдардаг Улаанбаатар хотын нэг дүүрэгт л гэхэд 28 нэр дэвшигч өрсөлдөж байна. Монголчуудын 30 гаруй хувь нь ядуу, орлогын тэгш бус хуваарилалт, нийгмийн шударга бус байдал нь эрх баригчид, гол намуудын эсрэг сөрөг сэтгэгдлийг өдөөжээ. Энэ нөхцөл байдал нь “Зөв хүн, зөв электорат” намаас нэр дэвшигч Б.Мөнхсоёл гэх мэт хүмүүсийг өргөх магадлалтай. Тэрбээр МАН болон өрсөлдөгч Ардчилсан намын эдийн засгийн муу удирдлага, авлига дээрх нөхцөл байдлыг бий болгосон гэж мэдэгджээ. Монголын хөрс доорх байгалийн баялгийн арвин нөөцтэй. Гэвч түүхий эдийн үнийн уналт, Засгийн газар-Рио Тинто компанийн дундах маргаанаас болж гадаадын хөрөнгө оруулалтыг татахад асуудал үүсчээ. Авлига, улсын өрийн хэмжээ 23 тэрбум ам.доллар орчим хүрч, жилийн эдийн засгийн үйлдвэрлэлээс хоёр дахин их болсон нь гол асуудал болж байна.
МАН болон АН-аас парламентын суудлын тоогоор нэр дэвшигчдээ сойжээ. Араас нь МАХН, Иргэний зориг-Ногоон намууд бүх дүүрэгт өрсөлдөж байгаа бол Хөдөлмөрийн үндэсний нам, Шинэ эвсэл нам зэрэг бусад нам, эвслүүд, голдуу залуу, гадаадад боловсрол эзэмшсэн бие даасан олон нэр дэвшигч байна. МАН-ын хувьд энэ сонгууль нь өнгөрсөн дөрвөн жилийн ажлаа ард түмнээр шүүлгэх шүүлт юм хэмээн Канадын Бритиш Колумбиа их сургуулийн Монголын улс төр судлалын экспер Жулиан Диеркэс дүгнэжээ. “Харин бусад намууд, нэр дэвшигчдийн хувьд сонгуулийг урт хугацааны шилжилт, трендийн санал хураалт гэж харж байна. Давамгайлагч хоёр намтай зэрэгцэн анх удаа сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчдийн хувьд ялах магадлал бага гэж үзэж байна. Хэрэв тэдний оролцоо улс төрийн соёлыг илүү асуудалд төвлөрсөн, бодлогын мэтгэлцээн рүү өөрчилж чадвал монголчуудад ашигтай байж болох юм” хэмээн Жулиан Диеркэс хэлжээ.
Сонгуулийн хуулийн дагуу нам, эвслийн нэр дэвшигчдийн 20 хувийг эмэгтэйчүүд эзлэх ёстой. Гол намууд улс төрийн санхүүжилтийг давуу талаа болгож, олонд танигдаагүй нэр дэвшигчид олон нийтийн сүлжээг ашиглан танигдахыг хичээж байна. Мөн төрийн удирдлагыг улстөржилтөөс ангижруулахын тулд сонгуулийн шинэ хуульд парламентын дөрвөн гишүүн л Засгийн газрын сайдын албыг давхар хаших боломжтой гэж заажээ. Коронавирусийн халдварт өвчний эсрэг тэмцэл МАН-д давуу тал болох магадлалтай.
AGENCE FRANCE PRESSE: КОРОНАВИРУСИЙН ҮҮЛЭН ДОР МОНГОЛД СОНГУУЛЬ БОЛЖ БАЙНА
Олон мянган хүн гадаадад санал өгөх эрхгүй гацсан маргаан, хөл хорионы дэглэмийг нэр дэвшигчид муулсан коронавирусийн үүлэн дор Монголд Лхагва гаригт сонгууль эхэллээ. ОХУ, Хятадын дунд гуравхан сая хүн амтай Монгол Улс нь коронавирусийн эсрэг хамгийн хатуу арга хэмжээнүүдийг авч, дотооддоо алдахгүй хамгийн удаан тэсч байна. Монгол нь өнгөрсөн гуравдугаар сард хамгийн түрүүнд хилээ хаасан орнуудын нэг болж, бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сар хүртэл зогсоосон. Гэхдээ парламентын сонгуулийн 2000 гаруй санал авах байрыг нээжээ. Сонгуулийн сурталчилгааны үеэр гол хоёр нам 30-аас дээш тооны хүнийг нэг дор цуглуулахгүй байх журмыг зөрчсөн нь ард түмний эгдүүцлийг төрүүлсэн байна. Тэд бусад зай барих дүрмийг үл тоосон хэр нь хаалга тогшин сурталчилгааны хуудас тараахыг хориглосон. Зориг сангийн ахлах зөвлөх С.Болд хэлэхдээ “Хүмүүс ажилгүйдэл, ядуурлаас илүү коронавируст санаа зовж байна” хэмээжээ. Парламентын 76 суудлын төлөө 600 гаруй нэр дэвшигч өрсөлдөж байна. Шийдэмгий арга хэмжээнийхээ ачаар халдварыг тогтоон барьснаараа эрх барих нам давуу талтай байна. Монголд коронавирусийн 200 гаруй тохиолдол бүртгэгдсэн ч бүгд импортолсон буюу дотооддоо алдаагүй. Гэвч гадаадад олон мянган Монголчууд гацжээ. Тэдний зүгээс сонгуулийг хойшлуулах саналыг олон удаа тавьжээ. Засгийн газрын зүгээс гадаадаас чартер нислэгээр зарим иргэдээ татан авсан. “Ерөнхий сайд У.Хүрэлсүх хилээ хэзээ нээхийг мэдэхгүй байна гэж хэлэхэд бид бүгд уйлсан” хэмээн Монголд өнгөрсөн гуравдугаар сард чартер нислэгээр ирсэн н.Долгорсүрэн ярьжээ. Үүний зэрэгцээ чартер нислэгт багтах тусгай болзлыг хангаагүй “The Hu” хамтлаг Австрали улсаас чартер нислэгт багтан ирсэн нь сонгуулийн систем авлигад идэгдсэн гэх сэжиг таамгийг нэмэгдүүлжээ.
Үүний дээр МАН-аас өнгөрсөн хоёрдугаар сард 230 мянган ахмадын тэтгэврийн зээлийн тэглэж, зээлгүй 200 мянган ахмадад сая төгрөгийн ваучер амласан нь Олон улсын валютын сантай байгуулсан гэрээг зөрчжээ.
EAST ASIA FORUM: АРДЧИЛЛААС УХАРЧ БУЙ БАЙДЛЫГ МОНГОЛЫН СОНГУУЛЬ ӨӨРЧИЛЖ ЧАДАХ УУ?
Монгол Улс 1992 онд ардчилсан Үндсэн хууль баталснаас хойш найм дахь удаагийн парламентын сонгуулиа явуулж байна. Гэвч энэ удаагийн сонгууль нь дэлхий дахинд ардчилал аюулд орсон үетэй давхцаж буй учраас чухал ач холбогдолтой. Энэ сонгууль нь суларч буй шинж тэмдэг ажиглагдсан Монголын ардчиллыг үнэлэх, ардчиллаас ухарч буй олон улсын трендээс сугарч чадах эсэхийг шийднэ. Парламентын сонгуульд 121 бие даагч, 13 нам, дөрвөн эвслээс нийт 606 хүн нэр дэвшчээ. Өнгөрсөн удаагийн сонгуульд УИХ-ын 76 суудлаас 65-ыг нь хожсон МАН болон сөрөг хүчний АН хоёул 76 суудалд бүрэн нэр дэвшүүлсэн. Монголын намын систем бүтэлгүйтсэний илрэлийг рекорд тооны буюу 121 бие даагч нэр дэвшсэнээс харж болно. Хоёр гол нам болон парламентад итгэх ард түмний итгэл буурсан. Парламентын гишүүдийн чадваргүй байдал, тэдний төрийн сангаас мөнгө идсэн зэрэг нь нийгмийн бухимдал дургүйцлийг өдөөжээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард МАН давамгайлсан парламент 1992 оны үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж парламентын систем, засаглал, хуулийн хараат бус байдал, засаглалын тогтвортой байдлыг бэхжүүлэхийг оролдсон. Ерөнхийлөгч Х.Баттулга парламентын ардчилал, шүүхийн хараат бус байдалд илүүтэй халдах болсон учраас энэ хуулийн нэмэлт өөрчлөлт нь чухал байв. Эдгээр нэмэлт өөрчлөлтүүдийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд дараагийн парламент хуулиудыг батлах хэрэгтэй. Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш МАН-ын хоёр, АН-ын гурван нэр дэвшигч хоригдсон. Эдгээр нь улс төрийн зорилготой бөгөөд У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын зөрчлийн бай болжээ. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн эрхийг зөрчсөн байхад хариу үйлдэл үзүүлээгүй. Сонгуулийн сурталчилгааны үеэр нэр дэвшигчдийг барьж хорьсон тохиолдол Монголд өмнө нь байгаагүй бөгөөд ардчилалд заналхийлсэн хүчин зүйл болжээ. Ялангуяа 2019 оны гуравдугаар сард парламент нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шүүгч нарыг халах эрхийг өгсөн нь улам их санаа зовоож байна. Олон хүн үүнийг шүүхийн хараат бус байдалд заналхийлсэн гэж үзжээ.
Парламент өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сард сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, олон нэр дэвшигчийн мажоритар системд шилжсэн. Энэ системийг ашигласан 1992, 2008 онуудад МАН олонхын суудлыг авчээ. Санал өгөх эрхтэй 2,3 сая сонгогчийн сая орчим нь нийслэл Улаанбаатарт оршин сууж байхад ердөө 24 суудлын мандаттай. Түүхэндээ, бие даагчид, гуравдагч хүчнүүд голдуу нийслэлд илүү дэмжлэг авч иржээ. Гэвч энэ систем нь хоёр гол намд давуу талыг олгоно. Өмнөх сонгуулиудтай харьцуулахад энэ жил сөрөг тактик харьцангуй бага байв. Гэсэн ч гол намуудын дарга нарын хооронд телевизийн мэтгэлцээн болоогүй.
Холбоотой мэдээ