Төрийг жолоодох сонгуульдаа идэвхтэй оролцоорой

Хуучирсан мэдээ: 2020.06.24-нд нийтлэгдсэн

Төрийг жолоодох сонгуульдаа идэвхтэй оролцоорой

Төрийг жолоодох сонгуульдаа идэвхтэй оролцоорой

Монгол Улсын иргэн та ирэх дөрвөн жилд төр түшилцэх түшээдээ сонгох хуулиар олгогдсон хэн ч халдашгүй эрхээ эдлэх өдөр өнөөдөр /2020.06.24/ тохиож байна.

УИХ-ын найм дахь удаагийн 2020 оны сонгууль Улаанбаатарын цагаар өглөөний 07.00 цагт орон даяар эхэллээ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээгээр улсын хэмжээнд 2 сая 624 сонгогч 606 нэр дэвшигчээс сонголтоо хийж, сонгуульд оролцох юм.

Улс даяар санал авах 2070 байр байгуулснаас нийслэлд 451 нь ажиллах бөгөөд эдгээр байрны дотор, гаднахыг камераар хянаж, дотор талд нь бүх нам, эвсэл, бие даагчдын төлөөлөл болсон ажиглагчид ажиллана. Мөн албан ёсны нэг ажиглагч, иргэний бүртгэлийн ажилтан, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтнээс гадна цагдаагийн алба хаагчид газар дээр нь ажиллах юм. Сонгогч та өөрийн харьяалах санал авах байрандаа иргэний үнэмлэхээ авч очоод хурууны хээгээ дарж, иргэний бүртгэлийн цахим сан дахь өөрийн мэдээллийг үнэн зөв эсэхийг баталгаажуулсны дараа сонгуульд санал өгөх эрхээ эдлэх боломжтой юм. Санал хураалт оройны 22.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Covid-19-ийн тархалт дэлхий нийтийг түгшээж буй энэ цаг үед ээлжит сонгууль товлоод байсан улс орнууд цаг хугацаанд нь сонгуулиа зохион байгуулах уу, эсвэл хойшлуулах уу гэдэг сорилттой тулгарч байгаа. Манай улсын хувьд covid-19-ийн нийт 215 тохиолдлын 158 нь эдгэрч бүгд гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн буюу дотооддоо халдвар гараагүй учраас ийнхүү Монгол Улс УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиа цаг хугацаандаа хийж байна.

Энэ удаагийн сонгууль 29 тойрог, 76 мандаттай буюу нийслэлийг ес, аймгийг 20 тойрог болгон хуваасан. УИХ-ын 2020 оны сонгуульд 15 нам,  дөрвөн эвсэл 121 бие даагч гээд нийт 606 нэр дэвшигч өрсөлдөж байна. Сонгуульд 121 хүн бие даан өрсөлдөж байгаа нь хамгийн их бие даагчтай сонгууль болж буй. Нийт нэр дэвшигчдийн 341 нь орон нутагт, 265 нь нийслэлийн тойргуудад өрсөлдөж байгаа юм. Мөн одоогийн УИХ-ын гишүүдээс 52 нь сонгуульд нэр дэвшээд байна.

Улс төрийн намуудаас АН болоод МАН 29 тойрогт 76 нэр дэвшигчээ дэвшүүлсэн. Та бидний эвсэл, Шинэ эвсэл-ээс мөн 76 хүнийг нэр дэвшүүлсэн. "Зөв хүн электорат эвсэл"-ээс 59 нэр дэвшигч, "Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам"-аас 13 тойрогт 16 нэр дэвшигч, "Эх орончдын нэгдсэн нам"-аас нэг, "Дэлхийн монголчууд нам"-аас нэг, "Хөгжлийн хөтөлбөр нам"-аас долоо, Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл 70, "Зон олны нам"-аас 30, "Ард түмний олонхийн засаглал нам 25, "Гэр хороолол хөгжлийн нам"-аас таван  нэр дэвшигч гэх зэргээр нэр дэвшжээ.

УИХ-ын 2020 оны сонгуульд Баянзүрх дүүргийн 23 дугаар тойрогт мөн Баянгол дүүргийн 26 дугаар тойрог, Сүхбаатар дүүрэгт хамгийн олон буюу тус бүр 35 нэр дэвшигч өрсөлдөж байна. Сүхбаатар аймгийн 12 дугаар тойрогт хамгийн бага буюу 11 нэр дэвшигч хоёр мандатын төлөө өрсөлдөж байгаа юм.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд тухайн тойргийн 50 хувиас дээш сонгогчдын ирцтэйгээр сонгууль хүчинтэй болдог. Тавин хувь дээр нэмээд нэг сонгогч саналаа өгөхөд ирц бүрдэнэ гэсэн үг. Тиймээс залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцож ирцээ өндөр бүрдүүлэхийг СЕХ-ноос уриалж байна.

Үндсэн хуулинд заасан эрхээ эдэлж сонголтоо хийсний маргааш өдрөөс л бид хийсэн сонголтынхоо сайн муу үр дагаврыг хүртэнэ. Түүнчлэн энэ удаагийн сонгууль нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дараа явагдаж байгаа учраас Ерөнхий сайдаа сонгох сонгууль гэж ойлгож болно.

Сонгуулийн ирцийн мэдээг 12.00, 17.00, 21.00 цагуудад СЕХ-нд хүлээн авч, нэгтгэсний хойно нэг цагийн дараа олон нийтэд мэдээлнэ.

САНАЛ ӨГӨХӨД ЗАЙЛШГҮЙ МЭДЭХ ЁСТОЙ ЗҮЙЛС:

  • Сонгогч та 07.00-22.00 цагийн хооронд харьяа санал авах байрандаа очиж санал өгнө.
  • Дөрвөн жилд нэг удаа явагддаг сонгуульд оролцож, саналаа өгөх нь иргэн таны үүрэг асар хариуцлагатай ажил юм. Иймд та заавал саналаа өгөх ёстой.
  • Таныг сонгуульд оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн ч албадан нөлөөлж, саад учруулах ёсгүй. Өөрөөр хэлбэл, таныг саналаа өгөхийг эсвэл өгөхгүй байхыг хэн нэгэн хүчээр тулгах учиргүй.
  • Сонгогч та сонгуульд шууд сонгох эрхийнхээ үндсэн дээр ямар нэг төлөөлөлгүй оролцож, саналаа өөрөө өгөх ёстой.
  • Сонгуулийн санал хураах өдөр бүх нийтээр амрахаас гадна дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Мөн захууд ажиллахгүй.
  • Зайлшгүй шалтгаанаар санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчдод тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэйг санаарай.
  • Сонгогч та саналын хуудас авч, санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар гаргах бөгөөд саналын хуудсанд саналаа тэмдэглэхдээ холбогдох зааврын дагуу тэмдэглэгээг хийнэ. Санал бэлтгэх бүхээгт тухайн сонгогчоос өөр хүн байхыг хориглодог.
  • Сонгогч нь нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгосон нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг сонгож зааврын дагуу дүрсийг дүүргэн будсан тэмдэглэгээг хийнэ.
  • Сонгогч дээр дурдсаны дагуу саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж (саналын хайрцаг)-д хийнэ.
  • Сонгогч санал өгөхдөө алдаа гаргаж, саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж (саналын хайрцаг)-д хийхээс өмнө энэ тухайгаа мэдэгдэж, алдаатай хуудсыг шалгуулан хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, саналаа гаргах боломжтой.

ДАРААХ ТОХИОЛДОЛД ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ

  • Тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөхөөр завдвал
  • Өөр хүний бичиг баримт, эсхүл хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдвол
  • Тухайн санал авах байрнаас олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглавал,
  • Санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарвал,
  • Саналын хуудаст тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийвэл,
  • Саналын хуудаст хийсэн тэмдэглэгээг бусдад харуулбал,
  • Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах үйлдэл хийх нь хориотой.

Эдгээр хориглосон заалтуудыг зөрчвөл Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 10 сая төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай.

Сонгогч танд амжилт хүсье, таны санал ирэх дөрвөн жил Монгол Улсын төрийг жолоодох чухал үүрэг гүйцэтгэнэ.

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж