"Мөнгөтэй айлын хүүхэд гадаадад сурдаг гэсэн ойлголт хоцрогдсон"

Хуучирсан мэдээ: 2020.06.24-нд нийтлэгдсэн

"Мөнгөтэй айлын хүүхэд гадаадад сурдаг гэсэн ойлголт хоцрогдсон"

"Мөнгөтэй айлын хүүхэд гадаадад сурдаг гэсэн ойлголт хоцрогдсон"

Техник, технологийн хөгжил банк, санхүүгийн салбарт хүчтэй нэвтэрч эхэлснээс хойш цахим мөнгө, финтекийн компаниуд олноор бий болсон. Монгол Улсад ч гэсэн энэ үзэгдэл хоёр жилийн өмнөөс ажиглагдаж эхэлсэн бөгөөд өнөөдөр та бидний хэрэглээний салшгүй хэсэг болжээ. Тэгвэл технологийн хөгжил дэвшил, хиймэл оюун ухаан боловсролын салбарт хүч түрэн орж ирж байна. Энэ нь бидэнд боломж байхгүй гоншгоноод суух бус монгол оюун ухааныг дэлхийд гаргах боломж хажууд ирээд буйг илтгэж байна. Үүний нэг тод жишээ бол боловсролын технологийн компани болох Tomyo юм. Энэ талаар тус компанийн захирал COO, Б.Энхжаргалтай (Eja Batbold) ярилцлаа.


-Техник, технологийн хөгжил дэвшил бидний амьдралын салшгүй нэг хэсэг болж байна. Өнөөдөр бид банк орох шаардлагагүй гар утсаа ашиглаад санхүүгийн үйлчилгээг цаг алдалгүй авах боломжтой болчихлоо. Тэгвэл энэ үзэгдэл боловсролын салбар руу орж ирж байна гэж харлаа?

-Тийм ээ. Дэлхийн нийтэд технологийн хөгжил банк, санхүүгийн салбарт хөгжиж, улмаар цахим мөнгө, финтек компаниуд олноор бий болж байна. Тэгвэл энэ шилжилт өнөөдөр боловсролын салбар руу хүч түрэн орж ирж, боловсролын технологийн компани буюу Edtech бий болж байна.

Edtech салбарын тоглогчид нь, АНУ, Европ гэхээсээ илүүтэй Ази тивд хамгийн том тоглогчид байна. Byju’s гээд Энэтхэгийн хамгийн том компани нь Softbank болон Facebook –ээс хөрөнгө оруулалтаа авсан. Энэтхэгийн компани бөгөөд дэлхийн хамгийн том компанид тооцогддог.

Энэ салбар хараахан бүүм болтлоо хөгжиж амжаагүй байгаа болохоор дэлхийн хэмжээнд тоглолт хийх боломж монголчууд бидэнд гарч ирж байна. Иймээс боловсролын технологийн компани Tomyo –г байгуулаад эхний аппаа хөгжүүлээд явж байна. Бидний зорилго бол монгол оюун ухааныг дэлхийд гаргах юм.

-Боловсрол бол Монгол Улсын хувьд хамгийн тулгамдсан, нэн тэргүүнд шийдлээ хүлээсэн гол асуудал. Технологийн хөгжил, дэвшил боловсролын салбарт орж ирснээрээ бидэнд ямар боломж гарч ирэх вэ?

Монгол Улсад тулгамдаж буй том асуудал бол боловсролын тэгш бус байдал. Иймээс Tomyo аппликейшнээр дамжуулан эхний ээлжид боловсролын тэгш бус байдлыг арилгах, гадаадад сурах хүсэлтэй хүүхдүүдэд боломжийг нь нээж өгөх, дараа нь компаниа дэлхийд гаргах гэсэн үндсэн зорилготой үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байна. Бид 2019 оны аравдугаар сард төслөө эхлүүлээд, 2020 оны тавдугаар сарын 14-нд зурагтаар нээлтээ хийсэн.

Tomyo  апп боловсролын салбар дахь тэгш бус байдлыг хална гэж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

Нэгдүгээрт, өнөөдөр мөнгөтэй эсвэл боломжтой айлын хүүхдүүд илүү чанартай боловсрол эзэмшиж, тэр нь эргээд амьдралынх нь эх үүсвэр болж байна. Гэтэл хөдөө орон нутагт амьдарч буй хүүхдүүд эсвэл улсын сургуульд сурч буй хүүхдүүдийн эзэмшиж буй боловсрол хоцрогдмол байна. Тэдний эзэмшсэн боловсрол нь их сургуульд орох, гадаад явах, ажилд ороход нь хангалтгүй байгаа нь ажиглагдсан. Өөрөөр хэлбэл, чанартай боловсрол эзэмших нь тухайн хүний амьдралын боломжоос их хамаардаг болчихсон нь асуудал болж байна.

Иймээс чанартай боловсролыг хэрхэн хүн бүрд тэгш хүргэх вэ гэдэг арга зам нь өөрөө технологи. Нэгэнтээ бид хүн бүрд хүрч хичээл зааж чадахгүйгээс хойш технологиор дамжуулж энэ асуудлыг шийдэж болох юм.

Учир нь өнөөдөр аль ч сумын хүүхэд facebook-тэй байна. Хүүхэд болгон гэртээ компьютергүй, лаптопгүй ч ухаалаг утастай байна. 4G датагаа асаагаад facebook рүү нэвтэрч байна. Энэхүү хэрэглээ дээр нь тулгуурлан хувийн сургуульд зааж буй тэр чанартай гэгдээд байгаа боловсролыг хүн бүрд адилхан хүргэе гэж бид Tomyo апп бий болгосон юм. Tomyo бол олон залуусын үсрэнгүй хөгжих талбар болж байгаа юм.

-Тэгэхээр Tomyo  апп-т сургалтын бүх хичээлүүд орчихсон гэж ойлгож болох уу?

-Эхний ээлжид бид гадаадын их дээд сурах хүсэлтэй хүүхдүүдэд зориулсан сегментийг барьж авсан. Үүн дотроо гадаад хэл сурах, гадаад явахад мэдлэгээ хэрхэн дээшлүүлэх вэ зэрэг тест, зөвлөгөө зэрэг хичээлийн асуудлыг цогцоор нь шийдэж өгсөн.

Ерөнхий боловсролын сургуулийн эсвэл хүүхдийн боловсрол руу орохоор тодорхой хэмжээний шаардлага хангах ёстой. Энэ нь старт-ап компанийн хувьд маш их цаг хугацаа шаардана. Харин хөгжье гэсэн стандарт бус боловсрол руу ороход бидний хувьд цаг хугацаа хэмнэсэн ажил болж байна. Гэхдээ Tomyo цаашид боловсролын бүх сегмент руу орох, Монголд ажиллаж байгаа систем технологио лицензлэх, дэлхийн компани болоход чиглэгдэж байна.

-Ажилчдын хувьд дан залуучууд буюу Z үеийнхэн байх шиг харагдлаа?

-Тийм ээ. Анх боловсролын технологийн шийдэл гаргая гэсэн санаа тээж явсан. Гэхдээ юу хийх нь тодорхойгүй байсан. Тухайн үед технологийн баг бүрдүүлэхэд дэлхийн хэмжээний том зүйл хийх юм бол хамтарч ажиллая гэсэн хүмүүс л Tomyo -г сонирхож орж ирж байсан. Иймээс анхнаасаа дэлхийн хэмжээний бүтээгдэхүүн хийе гэсэн зорилготой хүмүүс нэгдсэн гэж хэлж болно. Тэгэнгүүт яагаад ч юм бүү мэд, залуучууд ороод ирсэн. Магадгүй залуучууд илүү өндөр эрсдэл өөр дээрээ үүрэх сонирхолтой, илүү гоё юм хийчихье гэсэн хандлагатай байна.

-Боловсролын технологийн компани буюу Tomyo апп-р дамжуулан чанартай боловсролыг хүүхдүүдэд хүргэнэ. Дэлхийд монгол оюун ухааныг гаргана гэж байгаа. Мэдээж, энэ зорилгодоо хүрэхэд апп нь хурдан, саадгүй ажилладаг байх шаардлагатай байх. Технологийн маш олон асуудлыг Z үеийнхэн маань шийдчихэж байна гэж үү?

-Монголд чадвартай маш олон залуучууд байна. Технологийн мундаг инженерүүд ч байна. Технологийн баг маань анх тал нь оюутан залуус, тал нь туршлагатай хүмүүсээс бүрдсэн. Залуус аливаа зүйлийг маш хурдан сурдаг. Тэгээд хэдхэн сарын дотор нэлээд чадвартай болоод бид ч адилхан сургаад, суралцаад хамтдаа өсөөд улам сайн баг болчихсон.

Технологийн багийг маань Францад старт-ап компани дээр ажиллаж байсан, And Global компанийн технологийн зөвлөхөөр ажиллаж байсан залуу ахалж байгаа.

-Технологийн хэлтсийн дарга Г.Эрхэмбаяр: Tomyo апп-ыг бүтээхдээ Монгол орны өнцөг булан бүрээс саадгүй, хурдтай нэвтэрдэг байх гэсэн үндсэн үзүүлэлтийг харгалзан үзсэн. Яг л facebook мессенжер шиг ажилладаг байхаар хөгжүүлж байна.

Би өөрөө Францын старт-ап компанид ажиллаж байсан төдийгүй Монголд Lendmn дээр ажиллаж байсан тул технологийн ноу-хоуг мэднэ. Мөн tomyo төсөл дээр Австрали, Германд буй монгол залуус маань ажиллаж байна. Технологийн баг маань 12 хүнтэй. Мэргэшсэн гэхээсээ илүүтэй багаараа суръя, хөгжье гэсэн залуучууд манайд цугларсан гэж хэлж болно.

-Францад ажиллаж байсан хүний хувьд технологийн ноу-хоу тухай юу хэлэх вэ? Энэ чиглэлд бидэнд ямар сул тал байна гэж харж байна вэ?

-Би Францад  “la ruche qui dit oui”  буюу "За гэж хэлдэг зөгийн үүр" гэсэн нэртэй компанид ажиллаж байсан. Тус компани нь Европын найман улсад онлайнаар захиалга авч хүргэлт хийдэг. Францтай харьцуулахад сүртэй ялгаа байхгүй. Бид тэднээс дутаад байх зүйлгүй. Тодорхой ажлыг системтэй хийх дадал зуршилд суралцах, мөн манай улсад мемори сервер дутмаг байдагт л ялгаа байгаа байх.

Tomyo дээр хөгжүүлсэн технологийн ноу-хоугаа явцын дунд бид олон нийтэд танилцуулах болно. Харин одоохондоо маш том хөгжүүлүүлтүүдийг хийж байна.

Covid-19 вирусийн цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор ерөнхий боловсролын сургуулийн хичээл цахим хэлбэрт шилжлээ. Иргэдийн зүгээс ч нэлээн шүүмжлэл дагуулсан. Монголын боловсролын анхны технологийн компани Tomyo-гийн зүгээс энэ үзэгдлийг юу гэж харж байна вэ?

-Covid-19 вирустэй холбоотойгоор ЕБС-үүд цахим хэлбэр рүү шилжихэд бэлтгэл муу байсан. Улсын сургуулиуд нь яаж хийхээ мэдээгүй, эцэг эхчүүд хүүхдээ ийм зүйл сурдаг юм уу гэх байдлаар гайхаж хүлээж авсан. Өөрөөр хэлбэл, ийм амархан эсвэл ийм хэцүү зүйл хүүхэд нь сурдаг гэдгийг мэдэж авсан, гэр бүлд боловсролын талаарх яриа өрнөж эхэлсэн нь өөрөө их авууштай тал байсан. Яагаад гэхээр бид өнөөдөр хэрэгтэй, хэрэггүй зүйл сурдаг гэдэг нь ил болсон. Бүтэн цаг үргэлжилж буй хичээлийг хэн ч үзэхгүй. Үүнтэй холбоотойгоор боловсролын чанарын асуудал сөхөгдсөн.

Үүнтэй адил, бид анхандаа боловсролын контент бэлдэнэ гэж бодож байгаагүй. Сургалтын төвүүдтэй хамтраад, тэдгээр төвүүд нь хичээлээ онлайн болгоод бидний хөгжүүлж буй сувгаар олон нийтэд хүргэнэ гэж бодож байсан.

Харамсалтай нь, тэдний бэлдэж буй контент бидний шаардлагад нийцээгүй. Улмаар бид өөрсдөө контент хийх шаардлагатай юм байна гэж үзэж, контентын багаа бүрдүүлсэн.

Бид залуу үед зориулан илүү өгөөжтэй, сонирхолтой дугаар бүр нь 10-15 минутад багтсан контент бэлдэж байна.

Контент, маркетингийн албаны дарга М.Ананд: Технологийн асуудлыг нь шийдээд өгч буй энэ шийдэл дээр апп-р дамжуулан Монгол Улсдаа алсын зайн буюу онлайнаар хэл сурах чиглэлд хувьсгал хийе гэж энэ багт нэгдсэн. Дэлхийн чиг хандлага аль болох онлайнаар сургалт авах, хувь хүмүүс өөрийн эзэмшсэн ур чадвараа бусадтай хуваалцах чиглэлд шилжиж байна. Монгол улсад энэ чиг хандлага дутагдаж байна. Боловсролын өгөөжтэй контент гэдэг зүйл хомсдолтой байна. Энэ цоорхойг бид нөхөхийг хичээж байна.

Та санаж байгаа бол 2010 онд H1N1 вирус дэгдэх үед ЕБС-ийн хичээлүүд цахим хэлбэрт шилжиж, анхны теле хичээлүүд гарч эхэлсэн. Тухайн үед арван жилийн хүүхдүүд сурсан болоод өнгөрсөн. Гэтэл одоогийн, шинэ үеийн хүүхдүүдийн сурах арга барил өөрчлөгдсөн, богино хугацаанд мэдээллийг маш түргэн авч байна. Иймээс энэ удаагийн теле хичээлүүд тийм ч үр өгөөжтэй байж чадаагүй гэж бодож байна. Контентын албанд ихэвчлэн Z үеийнхэн маань ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, залуучууд залуучууддаа зориулан контент бэлдэж байна. Өөрсдийнх нь мэддэг хэлээр контент бүтээж байна гэж хэлж болно.

Tomyo  апп-ын нээлт тавдугаар сарын 14-нд болсон гэж дээр дурдсан. Сарын хугацаанд хандалт хэр байна вэ? Залуучууд хэр сонирхож байна.

-Тавдугаар сарын 14-нд нээлтээ хийхэд 10 мянган хэрэглэгч Тomyo апп-ийг татсан байсан. Одоогийн байдлаар 30 мянга гаруй хэрэглэгчтэй болсон. Тэдний 7000 гаруй нь өдөр бүр апп нээж ашиглаж байна. Өөрөөр хэлбэл маш өндөр хандалттай байна.

Tomyo апп төлбөртэй юу?

Tomyo аап-д 700 гаруй хичээл бий. Тэрхүү цахим хичээлийг бүтээж буй хүмүүсийн хөдөлмөрийг тодорхой хэмжээнд үнэлэх ёстой гэдэг үүднээс бид хэрэглэгчдээсээ төлбөр авч байгаа. Төлбөр нь өдрийн 1000 төгрөг. Анх сонсч, сонирхож буй хүмүүст зориулан 10-15 минут үнэгүй ашиглах хэсэг бий. Түүнээс цааш үзье гэвэл төлбөрөө төлнө.

Бид олсон орлогынхоо ихэнх хувийг контент бүтээж буй хүмүүстээ өгдөг. Үлдсэнийг нь технологийнхоо зардалд шингээдэг. Тиймээс 100 хувь мөнгө харж эхлүүлсэн бизнес биш.

Үүний зэрэгцээ бид контентын стандарт үүсгэхийг хичээж байна. Тодорхой стандарт бий болчихвол улсын болон хувийн сургуулиуд теле хичээлээ илүү сонирхолтой байдлаар бэлдэж, мэргэшиж эхэлнэ. Мөн улсын болон хувийн сургуулийн багш, сургалтын төвүүд бэлдсэн контентоо Tomyo дээр байршуулаад орлого олж байна. Facebook дээр тавиад алдаж байснаас манай дээр илүү аюулгүй орчинд байршуулах боломжтой.

-Ер нь яагаад боловсролын технологийн компани байгуулъя гэсэн санаа гарав. Тэртээ тэргүй финтекүүд Монголд амжилттай явж байна шүү дээ?

Юуны түрүүнд, манай компани Анд системтэй ямар нэгэн холбоогүй гэдгийг хэлье. Tomyo боловсролын технологийн компанийг В.Баярсайхан ах маань үүсгэн байгуулсан. Тэрбээр Дорнодын Мон-Турк сургууль сурч байгаад Турк явж суралцсан. Тэндээсээ АНУ-ыг зорьсон түүхтэй. Энэ замаа ирээдүйн хойч хүүхдүүддээ зааж өгөхийг хүссэн учраас бид энэ төслийг эхлүүлж, амжилттай явж байна.

Миний хувьд ч гэсэн Эрдэнэтэд арван жилийн сургуулиа төгсөөд АНУ явах хүртэл тодорхой хэмжээнд асуудал үүсч байсан. Учир нь манай гэр бүл гадаадад сурч байсан хүн байхгүй, хэнээс асуухаа мэдэхгүй байсан. Ингээд агентлагт 5000 ам.доллар төлөөд АНУ-ыг их сургуулийг зорьсон. Тэднээс олон улсын зөвлөх том компани болох MC Kinsey-д таван жил ажилласан. Гадаадад байх хугацаандаа Монголтойгоо холбоотой юм хийх юмсан гэж бодож явж байгаад “Яакмер” төслийг хэрэгжүүлж, Монголоос хөөвөр экспортолж эхэлсэн. Ингээд Tomyo төсөл дээр ажиллах санал орж ирээд Монголдоо ирсэн.

Монголдоо тэртээ олон жилийн өмнө гадаадад явахад надад тулгамдаж байсан асуудал өнөөдөр бидний дараагийн үед тулгамдаж байсан. Миний төсөөллөөр, тэд энэ асуудлыг мэддэг байх гэж бодож байсан. Өөрөөр хэлбэл, тэд мэдээлэлгүй, мэдлэгийн хомсдолтой байна.

Харин энэ сэдэв надад илүү ойрхон байсан тул энэ төсөл дээр ажиллаж, бусадтай мэдлэг, мэдээллээ хуваалцаж байна. Өнөөдөр мөнгөтэй нь гадаадад сурдаг гэсэн ойлголт хоцрогдсон. Тухайн хүүхэд сургуульдаа тэнцчих юм бол төлбөрөө олох маш олон боломж, тэтгэлэг байдаг гэдгийг санах хэрэгтэй. Манай Tomyo апп-аар ороод гадаадад сурч буй, суралцаж байсан хүмүүсээс зөвлөгөө авах боломжтой.

Өнөөдөр нэг сургалтын төвд сар сурахад 300-500 мянган төгрөг төлж байна. Хaрин Tomyo-р 700 гаруй хичээлээс сонгож өөрт таалагдаж буй багшийн хичээлүүдийг судлах боломжтой. Цаашлаад тухайн багшаасаа гүнзгийрүүлсэн хичээл авъя гэвэл тэрхүү багштайгаа уулзаад хичээлээ авах боломжтой.

Ховд аймгийн төв дээр япон хэлний сургалтын төв байдаггүй юм байна лээ. Гэтэл Ховд аймгийн нэгэн сумд амьдарч буй охин Tomyo апп-ыг ашиглан япон хэл сурч байна. Энэ бол боловсролын тэгш бус байдлыг арилгахыг хичээж буй бидэнд маш том урам юм.

-Сургалтын төв өндөр төлбөр төлж байснаас Tomyo -г ашиглан гадаад хэл сур гээд та хэлчихлээ. Тэгэхээр сургалтын төвүүдийг байхгүй болно гэж ойлгож болох уу?

-Эсрэгээрээ сургалтын төвүүд бидэнтэй хамтарч ажиллах их дуртай байгаа. Нэгдүгээрт, Covid-19-ийн үед сургалтын төвүүд ажиллах боломжгүй боллоо. Биднээр дамжуулан сурталчилгаагаа хийх арга гэж харж байгаатай холбоотой юм. Мөн нэг багш IELTS-ийн сургалтад жилдээ 200 хүүхдэд хүрч чаддаг гэсэн тооцоо бий. Хэрвээ тэр багш IELTS-ийн хичээлээ Tomyo дээр байршуулбал, 20 мянган хүүхдэд хүрэх боломжтой. Магадгүй тэдгээр хүүхдүүдээс илүү гүнзгийрүүлж суралцах хүсэлтэй хүүхэд нь тухайн багшид хандаж эхэлнэ. Энэ мэтчилэн тэр багш олон хүүхдэд зэрэг хүрч чадах юм .

Мөн бид ирэх есдүгээр сард Tomyo ур чадвар апп-ийнхаа нээлтийг хийх гэж байна. Tomyo ур чадвар бол чи заавал их дээд сургуульд дөрвөн жил суран байж ажлын байр дээр гарах шаардлагагүй гэсэн үг. Их дээд сургуульд сураад эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахгүй байгаа хүмүүс олон байна. Мөн хүний нөөцөөр дөрвөн жил сурах шаардлага байна уу гэх мэт асуудлыг энэ апп-раа шийдэж өгөхийг хичээж байна.

-Өөрөөр хэлбэл, их дээд сургуульд сурах шаардлагагүй болно гэсэн үг үү?

-Бараг тийм. Дэлхийн том компаниуд заавал чи дипломтой байх шаардлагагүй, манай компани дээр ирээд энэ хоёр бодлогыг бодоод чадвартай гэдгээ харуул гэдэг шаардлага тавьдаг. Өөрөөр хэлбэл, чи сонирхдог, ажиллах хүсэлтэй мэргэжлээрээ жаахан мэргэшчих , тэгээд ур чадвараа харуулж, компаниуддаа орох боломжтой гэсэн үг юм. Заавал дөрвөн жил сурах шаардлагагүй. Дэлхийн тренд ч тийм болчихлоо шүү дээ. Гэхдээ бид Tomyo ур чадвар апп-наа сертификаттай болгоод тодорхой хэмжээний мэргэжлийн платформ болгоё гэсэн зорилттой байна.

Мөн Tomyo тэтгэлгийн сан байгуулах гэж байна. Гадаад сурахаар зорьж буй хэдий ч санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан хүүхдүүдэд тэтгэлэг олгох сан ирэх есдүгээр сард нээхээр ажиллаж байна.

Таны үсрэнгүй хөгжихөд тань тулгамдаж буй асуудлыг бид шийдэж өгөөхийг хичээж байна. Мөнгөтэй, боломжтой нь гадаадад суралцдаг биш боломжгүй, мэдээлэлгүй байгаа тэр 90 хувьд хүрч ажиллахыг зорьж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж