Ялалтын баярын ардах улс төр

Хуучирсан мэдээ: 2020.06.24-нд нийтлэгдсэн

Ялалтын баярын ардах улс төр

Ялалтын баярын ардах улс төр

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тавдугаар сарын 9-ны уламжлалт Ялалтын баярын цэргийн сүрт жагсаалыг коронавирусийн халдвараас болж хойшлуулсан нь өнөөдөр /2020.6.24/ болж байна. COVID-19 цар тахлаар дэлхий дахинаа 10 сая орчим хүн халдварлаж, хагас сая шахам хүн нас бараад байна. ОХУ-д 580 мянга орчим хүн коронавирусийн халдвараар өвчилж, 8000 гаруй хүн нас барсан юм. Гэсэн ч Ялалтын баяр бол оросуудын хувьд чухал өдөр учраас огт тэмдэглэхгүй өнгөрөх ёсгүй. Владимир Путин Ялалтын баярыг зургадугаар сарын 24 рүү хойшлуулахдаа 1945 онд анх Улаан талбайд Зөвлөлтийн цэргүүд жагссан өдрийг сонгосон аж. Энэ жил Эх орны дайны Ялалтын баярын 75 жилийн ой тохиож буй учраас илүү өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх хүлээлттэй байсан. Гэвч уламжлал ёсоор тавдугаар сарын 9-нд цэргийн сүрт жагсаал болоогүй. Харин нисэх хүчний 79 байлдааны онгоц үзүүлбэр үзүүлж, баярын тоглолтыг телевизээр дамжуулан, цахимаар хурал зохион байгуулж, гар утсаараа дайн болсон газруудаар аялуулах виртуаль маршрутыг боловсруулсан байв. Үүнээс гадна дэлхийн II дайнд тулалдаж, нас барсан хүмүүсийн ар гэрийнхэн тэдний гэрэл зургийг барин жагсдаг уламжлалт арга хэмжээ ч хойшилсон юм. Олон сая хүн оролцдог тус арга хэмжээ энэ жил долдугаар сарын 26-нд болохоор товлосон. Түүнчлэн коронавирусийн халдвараас шалтгаалан ОХУ-ын 10 орчим хотод Ялалтын баярын гол арга хэмжээ цэргийн сүрт жагсаалыг цуцлах буюу хойшлуулжээ. Тухайлбал, Белгород, Орёл хотуудад Ялалтын баярын цэргийн жагсаалыг долдугаар сарын 12 ба наймдугаар сарын 5 хүртэл хойшлуулсан байна. Мөн Курскийн тулаан дууссан наймдугаар сарын 23-нд тус бүс нутагт цэргийн жагсаалыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Москва хотын зүүн хэсэгт орших Пермь хотод коронавирусийн халдварын тархалт өндөр байгаа учраас есдүгээр сарын 3 хүртэл олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэжээ.

ЯЛАЛТЫН БАЯРТ ХЭН ОРОЛЦОЖ, ХЭН ИРСЭНГҮЙ ВЭ?

ОХУ-ын хувьд Ялалтын баяр бол дэлхийн II дайн дууссаныг тэмдэглэхээс гадна армийн сүр хүч, зэвсэг техник, дипломат ур чадвараа гайхуулах ач холбогдолтой. Ялалтын баярт АНУ, Япон, Хятад, Энэтхэг, Франц, Герман зэрэг их гүрний удирдагчид, төр, засгийн тэргүүн нар оролцдог учраас дэлхий дахины анхаарлыг татдаг. Энэ жил багадаа 12 орны төр, засгийн тэргүүн Москвад айлчилсан бөгөөд тэдний олонх нь хуучин Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүний орны удирдагчид аж. Тухайлбал, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, Армян улсын Ерөнхий сайд Никол Пашинян нар Ялалтын баярт оролцож байна. Гадаадын төлөөлөгчдөөс Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Ражнат Синх зургадугаар сарын 22-нд хамгийн түрүүнд Москвад очжээ. Тэрбээр Ялалтын баярыг үзэхээс гадна ОХУ-ын талтай хоёр орны цэргийн хамтын ажиллахаар ярилцахаар төлөвлөсөн аж. Ялалтын баярт оролцсон гадаадын орны төр засгийн тэргүүн нартай ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тусгай уулзалт хийхээ мэдэгдсэн юм.

Харин коронавирусийн халдварын нөхцөл байдлаас шалтгаалан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын оронд түүний үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О’Брейн, Германы канцлерыг төлөөлөн Москва хотод суугаа Элчин сайд Геза Андрей вон Гейр болон Венесуэлийн Гадаад хэргийн сайд Засгийн газрын төлөөлөгчдийг тэргүүлэн Ялалтын баярт оролцож байна. Өмнө нь Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Москвад айлчлах байсан ч хэдхэн хоногийн өмнө өөрчлөгдөж, түүний оронд ОХУ-д суугаа Элчин сайд Тоёохиса Козуки Ялалтын баярт оролцохоор болжээ. Түүнчлэн Туркменистаны төрийн тэргүүн Гурбангулы Бердымухамедовын 63 насны төрсөн өдөр давхцаж байгаа учраас оролцохгүй гэдгээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд утасдаж мэдэгджээ.

ЦЭРГИЙН СҮРТ ЖАГСААЛ

Цэргийн сүрт жагсаалд 19 орны цэргийн анги, нэгтгэл оролцож байгаагийн дунд Монгол Улсаас 100 орчим цэрэг багтжээ. Мөн Энэтхэгийн армийн гурван анги, Хятадын Ардын армийн 105 цэрэг дотооддоо үйлдвэрлэсэн “Y-20” тээврийн нисэх онгоцоор Ялалтын баярт оролцохоор зургадугаар сарын 13-нд хүрэлцэн иржээ. Москва хотын Улаан талбайд 14 мянга орчим цэргийн жагсч, “Тосочка” галаар шүршигч, “T-90M” ба “T-34” танкууд, “БУК-М3” газар-агаар ангиллын пуужингийн систем гэх мэт 20 гаруй зэвсэг, техникийн үзүүлбэрийг үзэх юм. Ерөнхийлөгч Владимир Путин Ялалтын баярын үеэр хүрэлцэн ирсэн хүндэт зочид, цэргийн жагсаалд оролцож буй олон орны цэргүүд, бусад оролцогч нарыг халдвар авахаас сэргийлэх бүх арга хэмжээг авахыг холбогдох сайд нарт даалгажээ.

ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ, ХҮЧ ЧАДАЛ, ЭВ НЭГДЛИЙН БЭЛГЭДЭЛ

Төр, засгийн тэргүүнээр ээлжлэн ажиллаж, сүүлийн 20 жил ОХУ-ыг удирдаж буй Ерөнхийлөгч Владимир Путин жил бүр биечлэн Ялалтын баярын сүрт жагсаалыг үздэг. Харин энэ оны хувьд Владимир Путин цар тахал гарснаас хойш анх удаа Ялалтын баяраар олон нийтийн арга хэмжээнд оролцохоор гарч иржээ. Өмнө нь тэрбээр зургадугаар сарын 12-нд туг өргөх ёслолд оролцсон ба Ялалтын баярыг угтан дайнд амь үрэгдсэн нэргүй цэргүүдийн булшинд цэцэг өргөн, үг хэлсэн юм. Тэрбээр ирэх 12 жил үргэлжүүлэн Ерөнхийлөгчөөр ажиллах боломжийг олж авахаар Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар бүх нийтийн санал асуулга Ялалтын баярын дараа болно. Хэдийгээр Владимир Путины рейтинг 20 жил ОХУ-ыг удирдах хугацааны хамгийн доод түвшинд очсон ч 59 хувь орчим байна. Энэ цаг үед Ялалтын баяр бол цэргийн сүр хүчээ харуулах, эх оронч үзэл, эв нэгдлийг нэмэгдүүлэх боломж юм. Мөн ОХУ-ын цэрэг, армийн сүр хүчийг харуулах нь олон улсын харилцаа, хүчний тэнцвэрт чухал нөлөөтэй гэж Владимир Путин үзжээ. Ялалтын баярын үдэш Владимир Путин хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд, Их Британи, АНУ, Франц зэрэг орнууд руу баярын захидал илгээн, дэлхийн II дайнд хүчээ нэгтгэн ялалт байгуулсан шиг орчин цагийн зөрчил, асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах санал тавьдаг байна.

ЕВРОПЫН ХУВЬД ЯЛАЛТЫН БАЯР ЯМАР УТГАТАЙ ВЭ?

Ялалтын баяр бүгдэд фашизмын муу муухай бүхнийг эргэн сануулдаг. Нацист Герман, ЗХУ-ын хооронд байгуулсан харилцан үл дайрах гэрээг зөрчин Тэнхлэгийн гүрнүүдийн олон сая цэрэг 1941 оны зургадугаар сарын 22-нд дайрсан. Харин 1945 оны наймдугаар сарын 8-ны шөнө, Оросын цагаар тавдугаар сарын 9-нд нацист Герман нөхцөлгүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаар дайн дууссан юм. Энэ өдрийг дайнд 27 сая орчим хүнээ алдаж, их хохирол амссан ОХУ нь Эх орны дайны Ялалтын баяр болгон тэмдэглэсээр ирсэн. Ялалтын баярын цэргийн жагсаал 1991 онд ЗХУ задарснаар зогссон байсныг 1995 онд сэргээжээ. Өдгөө эх орны дайнаас эсэн мэнд үлдсэн олонх дайчид 90 гарсан буурлууд болжээ. Харин Герман тэргүүтэй Европын орнуудын хувьд Ялалтын баярын өдөр бол фашизмыг жигшиж, энх тайвныг хичээх ёстойг сануулдаг үйл явдал юм. Дэлхийн II дайнд гурван тивийн 61 улс, дэлхийн хүн амын 80 орчим хувь, 110 сая хүн цэрэгт оролцсон юм. Дайны уршгаар 50-70 сая орчим хүн амь насаа алдсан бөгөөд энэ тоог өнөө болтол эцэслэн тогтоож чадаагүй байна.

МОНГОЛЧУУДАД ЯЛАЛТЫН БАЯР ЯМАР ХАМААТАЙ ВЭ?

Дэлхийн II дайн Монгол Улсын тусгаар тогтнолд нөлөөлснөөрөө бидэнд хамааралтай түүхэн үйл явдал билээ. Хэдийгээр бид энэхүү дайнд гар бие оролцоогүй ч Монгол Улсын хөгжил дэвшил, тусгаар тогтнолыг ЗХУ-тай шууд холбон үзэж байсны хувьд дайн эхэлсэн өдрөөс Германы эсрэг Зөвлөлтийн ард түмний хийж буй тэмцэлд нэгдэн орсон. Монгол Улс Монгол-Зөвлөлтийн 1936 оны харилцан туслалцах протокол гэрээгээр хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлсэн. Ийнхүү Монгол Улс эх орны дайны үед ЗХУ-ын талд баттай зогсч, фашизмын эсрэг эвсэлд  оролцох байр сууриа дэлхий дахинд эн тэргүүнд албан ёсоор зарласан анхны улсын нэг болжээ. Монголын ард түмэн Зөвлөлтийн улаан армид сайн дураар туслах хөдөлгөөнийг энэ цаг үеэс “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” гэсэн уриан дор дайны жилүүдэд  ажиллаж, амьдарч эхэлсэн юм. Дайн эхэлсэн тэр үеэс үйлдвэрийн ажилчид төлөвлөгөөгөө 400 хувиас доошгүйгээр давуулан биелүүлэх, ээлжийн амралтаа авахгүй ажиллах, өдөр бүр хоёроос таван цаг илүү ажиллах, амралтын өдрөөр ажиллан Улаан армид туслах хөрөнгө хуримтлуулах санаачилга гаргасныг бүх л үйлдвэрийн ажилчид дэмжиж, улмаар амралтын өдрөөр ажилладаг байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХөөрхөнХөөрхөн
18
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж