Хуучирсан мэдээ: 2020.06.24-нд нийтлэгдсэн

VS

УИХ-ын сонгуулийг хуулийн хүрээнд зохион байгуулах ёстой байтал хууль зөрчсөн үйлдлүүд гаргаж, сонгогчдын саналыг худалдан авах оролдлогыг ч давхар гаргаж байна гэсэн мэдээллийг МАН-аас өчигдөр /2020.06.23/ хийсэн. Харин АН-ын зүгээс МАН-ын мэдээлэл нь худал гүтгэлэг хэмээн няцаалт хийж, шударгаар өрсөлдөхийг уриалсан.

News агентлаг энэ удаагийн VS буландаа МАН, АН-ын сонгуулийн штабаас хийсэн мэдээллийг онцоллоо.

Ү.Амарбат:
МАН-ын хуульч

УИХ-ын сонгуулийн 22-р тойрогт АН-аас нэр дэвшсэн З.Энхболдын штабаас такси үйлчилгээний гэрээ гэдэг гэрээ байгуулж байна. Хууль зүйн хувьд халхавчилж хийж байгаа гэж үзнэ. Бидэнд иргэний нэр, машины дугаар, тээврийн хэрэгслийн өнгө, гаднах байдал агуулсан бүртгэлийн тухай мэдээлэл ирсэн. Нэг биш хэд хэдэн удаа автомашиныг нь шатахуунаар цэнэглэж өгч байна.

Сонгуулийн тухай хуульд “нэг нэр дэвшигч сонгуулийн нэг хэсэгт дөрвөн автомашин ашиглаж болно” гэж зааж өгсөн. Энэ нь УИХ-ын сонгуулийн 22-р тойрогт 188 машин ашиглах боломжтой гэсэн үг. Автомашинаа бүртгүүлээд гадна талд нь нэр дэвшигчийн зураг хөрөг наагаад ашиглаж болно. Гэтэл УИХ-ын сонгуулийн 22-р тойрогт бие даан нэр дэвшиж байгаа Ц.Хулангийн олон нийтэд хандсан мэдээллээр 1800 орчим жолоочтой такси үйлчилгээний гэрээ гэж хийгээд шатахуунаар машиныг цэнэглэж байна.

Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна. Шатахууны талоноор бусдын саналыг худалдаж авах гээд байна.

Шатахуун тарааж байгаа хүний үйлдэл, бичлэг, шатахууны талоноор бусдын санал худалдаж авах гээд байна гэдэг нь тогтоогдож байгаа. Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч хууль зөрчсөн нь тодорхой баримтаар батлагдсан тохиолдолд нэр дэвшигчээс татна гээд заасан байгаа.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд “намууд сонгуулийн зардлыг тодорхой эх үүсвэрээс бүрдүүлнэ. Бүрдүүлсэн эх үүсвэрээсээ зардлаа гаргана. Сонгуулийн санал хураалт болохоос гурав хоногийн өмнө зардлын тайлангаа нэгдүгээрт цахим хэлбэрээр сонин вэб сайтад мэдээлэх ёстой. Хоёрдугаарт, ямар зардал гаргасан бэ гэдэг тайлангаа нэгбүрчлэн бичээд, нэр дэвшигч ч тэр, төв нам нь ч тэр Үндэсний аудитын газар/ҮАГ/-т хүргүүлсэн байх ёстой. Хэвлэлийн хурал хийхийн өмнө бид ҮАГ-аас тодрууллаа. Одоогоор АН энэ тайлангаа өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл, АН УИХ-ын сонгуулийн зардалтай холбоотой заалтыг аль хэдийнэ зөрччихсөн.

Дээрээс нь өөрийн албаны эх сурвалждаа сонгуулийн зардлын тайлангаа мэдүүлээгүй байна. Энэ нь өөрөө Зөрчлийн хуульд заасан хувь хүнийг 20 сая, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгох маш тодорхой зөрчил болж байгаа.

Н.Ариунболд:
АН-ын хуульч

МАН-ын сонгуулийн штабаас АН сонгуулийн санхүүжилтийн дүн, зардлын мэдээгээ Үндэсний аудитын газар/ҮАГ/-т хүргээгүй гэдэг мэдээлэл хийлээ. Аль ч сонгуульд оролцож байгаа нам эвсэл, эрх баригч нэг намд тайлан мэдээгээ гаргадаггүй, төрийн байгууллагын зохих газар нь захидал шуудангаар хүргүүлдэг. АН ҮАГ-т тайлангаа хүргүүлчихсэн байхад тайлангаа гаргаагүй, хүргүүлээгүй гэж худал мэдээлэл цацсан нь буруу, эрс эсэргүүцэж байна.

Нэр дэвшигч нь хууль зөрчсөн нь тогтоогдсон гэсэн асуудлыг ярилаа. Хууль зөрчсөн асуудлыг нэг намын сонгуулийн штаб шийддэгүй юм. МАН-ын сонгуулийн штабын өнөөдрийн мэдээлэл нь Сонгуулийн ерөнхий хороо, цагдаа, прокурор, шүүхийн өмнөөс шийдвэр гаргаад байгаа юм уу гэсэн ноцтой эргэлзээ төрүүллээ.

УИХ-ын сонгуулийн 22-р тойрогт нэр дэвшигч З.Энхболдын менежер н.Мөнхжаргал:

МАН их сандарч байна. Манай нэр дэвшигчийн ухуулагч, ажиглагч нарт олгосон шатахууныг хууль бусаар олгож байгаа мэтээр тайлбарлаж, гүтгэж, харлуулж, хоёр гурав хоног явлаа. Өнөөдөр бүр хууль зөрчсөнийг нь тогтоосон мэтээр зарлалаа. Ийм зүйл огт байхгүй.

Сонгуулийн тухай хууль, Аудитын газраас гаргасан зардлын хүрээнд ухуулагч нартаа олгосон шатахууныг иргэд сонгогчдод өгч байгаа мэтээр тайлбарлаж, үүндээ Улсын мөрдөн байцаах газрыг татан оролцуулсан. Улсын мөрдөн байцаах газар нь энэ асуудлыг шалгаж байгаа нэрээр ухуулагч нарыг дуудаж, манай нэр дэвшигчийн сонгуулийн кампанит ажлыг хоёр хоног тасалдууллаа. Өөрсдийн харъяаллын бус гэж үзэж байгаа хэргийг шалгаж, ухуулагч нарыг татан оролцуулж байгаа мөрдөн байцаагч нарыг бид Авлигатай тэмцэх газарт өгсөн. Энэ хүмүүс хуулийн хүрээнд хариуцлагаа хүлээнэ гэдгийг мэдэгдэхийг хүсч байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж