Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр тусгай үүргийн нислэгийг үе шаттайгаар зохион байгуулж буй. Зургадугаар сар гарснаас хойш нийт дөрвөн удаагийн нислэгээр Австрали, Япон, Энэтхэг, Казахстан улсаас 1000 гаруй иргэнээ татан авч, эмнэлгийн тусламж үзүүлээд байна. Маргааш АНУ-аас 260 орчим иргэн эх орондоо ирэх юм. Гэвч тусгаарлах байр хүрэлцээтэй юу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
Цагдаагийн ерөнхий газрын мэдээлснээр тусгаарлах байрны хүрэлцээ хангалтгүй байгаа тул АНУ-аас маргааш эх орондоо ирэх 200 гаруй иргэнийг байрлуулах газаргүй байна гэх мэдээллийг өнөөдөр /2020.06.23/ өгсөн юм.
Тодруулбал, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан хэлэхдээ “Тусгаарлах байрны буудлуудын хүрэлцээ маш муу байгаа. Одоо Америкаас ирж байгаа хүмүүсээ багтаахгүй балрах гээд хүнд байна. Маргааш ирнэ гээд сандарч байна. Буудлууд байхгүй. Тухайлбал, Хандгайтад байдаг нэг амралтын газарт 100 гаруй хүн авна гээд төлөвлөчихсөн байтал гэнэт больчихсон. Одоо ирэх 200 гаруй хүнийг байрлуулах газаргүй яадаг билээ гээд гайхшралаа бараад, бид хуралдах гээд сууж байна” гэх мэдээллийг өгөөд буй.
Энэ асуудлаар харин Онцгой байдлын ерөнхий газраас тусгаарлах байрны хүрэлцээ муу, нөхцөл байдал хүнд байгаа ч чартер нислэгийг зохион байгуулахад иргэдийг байршуулах тусгаарлах байрны нөөц бололцоонд тулгуурлаж, тооц гаргасны дараа нислэгийн хуваарь гаргадаг гэх мэдээллийг өгөөд байна.
Тус газрын мэдээлснээр АНУ-аас маргааш эх орондоо ирэх иргэдийг зочид буудал, амралт сувиллын газар, эмнэлэгт аль боломжит нөөц бололцоонд тулгуурлан хуваарилж, эмнэлгийн тусламж үзүүлнэ гэх байр суурийг илэрхийлж байгаа юм.
Гадаадаас эх орондоо тусгай үүргийн нислэгээр ирж буй иргэдийн тухайд 21 хоног тусгаарлагдаж байгаа нь мөн л тусгаарлах байрны хүрэлцээ нөөцийн асуудал хөндөгдөхөд хүрч буй.
Б.ЦЭЦЭГ