Б.Оюумаа: Зөөврийн хайрцгаар санал хурааж байна

Хуучирсан мэдээ: 2020.06.23-нд нийтлэгдсэн

Б.Оюумаа: Зөөврийн хайрцгаар санал хурааж байна

Б.Оюумаа: Зөөврийн хайрцгаар санал хурааж байна

Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл судалгаа арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа өнөөдөр /2020.06.23/ сонгуулийн санал хураалттай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ “Сонгуулийн бэлтгэл ажил үндсэндээ хангагдаж дууссан. Сонгогчдын санал авах ажиллагаа маргааш өглөө Улаанбаатарын цагаар 07.00 цагт эхэлнэ. Баруун гурван аймагт цагийн зөрүүтэй байдаг учраас Улаанбаатарын цагаар санал авах ажиллагаа эхэлнэ гэж ойлгох хэрэгтэй” гэв.

ЗУРГАДУГААР САРЫН 20-НООС ӨМНӨ САНАЛЫН ХУУДАС, САНАЛ ХУРААХ ТӨХӨӨРӨМЖИЙГ БҮХ ХЭСГИЙН ХОРООНД ХҮРГҮҮЛСЭН

Өнөөдөр өглөө 09:00 цагаас зөөврийн санал хураалтын хайрцгаар санал авах ажиллагаа эхэлсэн бөгөөд орой 20:00 цагт дуусах юм байна. С.Оюумаа “Хуулинд маш тодорхой заасан. Эрүүл мэндийн шалтгааны улмаас санал авах байранд очих боломжгүй сонгогчийн саналыг зөөврийн хайрцгаар авдаг. Мөн Урьдчилан хорих байранд хоригдсон иргэдийн саналыг авдаг. Ийм хоёр төрлийн сонгогчийн саналыг зөөврөөр авч байгаа. Энэ ажиллагаанд “Ковид-19”-ийн халдвараас сэргийлэх журмын дагуу санал авч буй хүмүүс амны хаалт, бээлийтэй, айлын гэрт юм уу, эсвэл амралт сувиллын газарт орохдоо нэг удаагийн улавч өмсөж орно гэж заасан. Мөн сонгогчийн орж байгаа бүхээг, саналын хайрцгийг ариутгалын бодисоор ариутгаж, зөөврийн хайрцгаар санал авч байна. Одоогийн байдлаар зөөврийн хайрцгаар саналаа өгөх хүсэлтэй иргэдийн тоо эцэслэн гараагүй байна.

Зөөврөөр санал авах хэсгийн хорооны гишүүд маршрут гаргаад явдаг. Нэг санал авах байран дээр байгаа ажилтнууд хоёр, гурван чиглэлд тараад гараад явсан учраас нэгдсэн байдлаар мэдээлэл ирээгүй байна. Санал хураалт хэвийн явагдаж байна. Маргааш 12:00 цагийн мэдээн дээр энэ тоог бүрэн танилцуулна.

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүргэх ажлыг санал авах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө хийсэн байх ёстой. Тийм учраас бид зургадугаар сарын 20-ноос өмнө саналын хуудсаа, санал хураах төхөөрөмжийн хамт бүх хэсгийн хороонд хүргүүлсэн. Зургадугаар сарын 20-нд бүх тоног төхөөрөмж санал авах байран дээрээ эвдрэл гэмтэлгүй очсон эсэхийг шалгах, өгөгдөл дамжуулах туршилтын ажиллагаа явагдсан. Сонгогч саналаа саналын хуудасны дээд талд байх зааврын дагуу тэмдэглэнэ.

Саналын хуудас тойрог тойргоороо өөр, 29 төрлийн саналын хуудас байгаа.

ХОРИГЛОСОН ЗААЛТУУДЫГ ЗӨРЧВӨЛ ЗӨРЧЛИЙН ХУУЛИАР ИРГЭНИЙГ 10 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

УИХ-ын сонгуулийн тухай хуулинд сонгогчид юуг хориглох вэ гэдгийг заасан. Сонгогч хуурамч баримт бичгээр санал өгөхийг оролдох юм уу, эсвэл санал өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж дахин саналаа өгөхийг хориглодог. Өөрөөр хэлбэл нэг удаа саналаа өгчихөөд, дахиад өгөхөөр ороход "Та саналаа өгсөн" гэдэг сигнал гарч ирдэг учраас хоёр дахь удаагаа саналаа өгөх боломжгүй.

Мөн сонгогч саналаа тэмдэглэсэн тухай баримтжуулж зураг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах үйлдлийг хуулиараа хориглодог. Хэрвээ хориглосон заалтуудыг зөрчвөл Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 10 сая төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай.

СОНГУУЛИЙН ИРЦИЙН МЭДЭЭЛЛИЙГ 12, 17, 21 ЦАГУУДАД АВЧ НЭГТГЭЭД МЭДЭЭЛНЭ

Маргааш сонгуулийн ирцийн мэдээллийг 12.00, 17.00, 21.00 цагуудад авна. Мэдээгээ нэгтгээд, 30 минутын дараа ч юм уу мэдээллээ хийгээд, ирцийн мэдээллээ зарлаад явах боломжтой. 22.00 цагаас хойш ирцийн мэдээллээ хамтад нь өгөөд, дэлгэцээр дүнгээ шууд дамжуулна.

САНАЛ АВАХ БАЙРЫГ НҮҮЛГЭХ, ШИЛЖҮҮЛЭХ ТАЛААР ЯМАР НЭГ ШИЙДВЭР ГАРААГҮЙ

Нийт нутгаар нэлээн их бороо хуртай байна. Санал авах байруудад нэлээн хүндрэл учруулах асуудал гарч байна. Санал авах байрыг шилжүүлэх, нүүлгэх талаар ямар нэг шийдвэр гараагүй байна. Усны төвшин нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэд гол гатлах шаардлагатай болвол онцгой байдлын албаныхан бэлэн байдалд ажиллаж байдаг.

Өмнөх сонгуулиуд ч ялгаагүй, борооны улиралтай давхцаж сонгууль явагддаг учраас онцгой байдлын албаныхан бэлэн байдалд ажиллаж, санал өгөх боломжоор хангадаг. Онцгой байдлынхан маш сайн ажилладаг. Энэ сонгуулиар ч бэлэн байдалд ажиллаж байгаа байх гэж бодож байна.

АЛЬ БОЛОХ ЭРТ САНАЛ АВАХ БАЙРАНДАА ОЧИЖ САНАЛАА ӨГӨӨРЭЙ

Сонгуулийн тухай хуульд хоёр тохиолдолд нэмэлт саналт хураалт явагдана гэж заасан. Тойргийн мандатыг хуваарилах боломжгүй, нэр дэвшигчдийн санал тэнцсэн охиолдолд нэмэлт санал хураалт явуулна. Мөн тойргийн ирц 50 хувьдаа хүрээгүй тохиолдолд нэмэлт санал хураалт явуулна. Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй сонгогчдыг оролцуулна гэж заасан. Бид сонгогчдыг аль болох эрт санал авах байрандаа очиж мэдээллээ өгөөрэй гэж хэлж байгаа. Учир нь, тэнд хүн хоорондын зайгаа барих ёстой, олон нийтийг төвлөрүүлэхгүй байх ёстой гэдэг дэглэмээ баримтална.

Сонгогчийн хувьд бээлий өмсөх, гараа ариутгах гээд өмнөх сонгуулиас өвөрмөц болж байна. Эхний сонгогчид л гэхээс айхтар хүндрэл гарахгүй болов уу. Сонгогчид нэр дэвшигчдээс сонголтоо хийхэд нь боломж олгох зорилгоор санал авах байрны гадна талд нэр дэвшигчийн нэрс бүхий ухуулга, сурталчилгааны материалыг байршуулсан байгаатай танилцаарай.

Сонгуулийн ерөнхий хороо мэдээлэл хийж байна.

Posted by News.mn on Monday, June 22, 2020

 

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж