АНУ Канадын хөнгөн цагааны импортод ирэх долдугаар сарын 1-ээс эхлэн өмнөх 10 хувийн татвараа эргэн тогтоох болсныг “Bloomberg” мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Канад нь экспортын хязгаарлалтаа бууруулахгүй бол АНУ нь хөнгөн цагааны импортод 10 хувийн нэмэлт татвар ноогдуулахаа анхааруулсан байна.
АНУ нь анх өнгөрсөн 2019 оны тавдугаар сард Канад болон Мексик Улсаас импортлох ган, хөнгөн цагаанд ногдуулсан нэмэлт татвараа цуцалсан юм. Ингэснээр Канадын гангийн экспорт 25 хувийн нэмэлт татвар, хөнгөн цагааны экспорт 10 хувийн нэмэлт татвараас чөлөөлөгджээ.
АНУ 2018 онд дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжихийн тулд ган, хөнгөн цагааны импортод нэмэлт татвар ногдуулсан аж. Тус улсын импортын төмөрлөгийн дийлэнхийг Канад болон БНХАУ-аас худалдан авч байгаа ган, хөнгөн цагаан эзэлдэг. Гангийн импортод ногдуулах татварыг 25 хувь, хөнгөн цагаанд ногдуулах татварыг 10 хувь болгон нэмжээ.
Эх сурвалж: Reuters