Монголд ямар бороо орж шалих биш, далай тэнгисгүй бид усны аюулаас хэзээд хол оршино хэмээн найдаж, тэр сэтгэлгээнийхээ хэрээр эрсдэлийг үл тооцон бүтээн байгуулалтаа хийж ирсэн манай улсад бороо үргэлж том сургамж үлдээж ирсэн ч бэлэн байдлаа хангаж чаддаггүй.
Ниргэсэн хойно нь хашхирна гэгчээр жил бүр үерт вагоны зам, авто зам, хүнээрээ хохирсон олон ч жишээ бий. Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон аадар борооноор гурван хүн /хоёр насанд хүрсэн хүн, нэг хүүхэд/ эндэж, автозам, төмөр зам эвдрээд байна.
Тодруулбал, Улаанбаатар-Мандалговь, Улаанбаатар-Чойрын чиглэл, Улаанбаатар—Өндөрхааны чиглэлд авто тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон бол төмөр замыг түр зогсоогоод буй . Автозам ч бас нэлээд их эвдэрчээ. Тэр дундаа ашиглалтад ороод удаагүй байсан “Хөшигийн хөндий” олон улсын нисэх буудлын авто замын далан нурж, эвдэрч гэмтжээ. Түүнчлэн Төв аймагт гурван дэд станц үерийн усанд автаж, 400 өрх цахилгаангүй болоод байна.
Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээлснээр энэ долоо хоногт бороо үргэлжлэн орон төлөвтэй байна. Өнөөдрийн хувьд зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар, 25, 28-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай аадар бороо орох бол уулархаг газруудаар цас орох нь. Салхины хувьдсекундэд 13-20 метр секунд хүрч ширүүсэх төлөв ажиглагджээ. Хэрэв бид сонор сэрэмжтэй байж бэлэн байдлаа хангаж чадахгүй бол дээрхээс ч илүү хохирол амсахыг үгүйсгэх аргагүй. Өнгөрсөн хугацаанд байгалийн гамшигт үзэгдэл, хүчтэй бороонд шалгуулсан бүтээн байгуулалтуудыг дурдвал,
ААДАР БОРООНЫ УЛМААС ГУРВАН ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧИРЧ БАЙВ
2014 он долдугаар сарын 4-нд Сэлэнгэ аймгийн Түшиг суманд болж байжээ. Тухайн өдрийн 18:00 цагийн үед орсон түр зуурын хүчтэй аадар бороо орж, өндөгний чинээ мөндөр бууж, угалз болжээ. Угалз, мөндрийн улмаас Түшиг сумын Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн дотуур байр, Цэцэрлэг, Соёлын төв, Цагдаагийн байр нийт 8 төсвийн байгууллагын 4310.3 мкв дээврийн модон хийц, төмөр шифрэн бүтээц бүхий дээвэр нурж, 291 цонх, 204 айл өрхийн цонх хагарч, 183 айлын 13550.6 мкв дээвэр хууларч, 15 айлын гэр нурж, 24 хүн гэмтэж бэртжээ. Гамшигт үзэгдлийн улмаас 10 мал хорогдож, 74 тээврийн хэрэгслийн цонх хагарсан төдийгүй 2 трансформаторт гэмтэл учирснаас болж нийт 3010644087 төгрөгийн хохирол учирч байжээ.
ТӨМӨР ЗАМ ҮЕРТ АВТАЖ ШОРООНД ДАРАГДАВ
2018 оны долдугаар сарын 15-нд Хүчтэй аадар борооны улмаас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 22 км төмөр зам үерийн усанд автаж, дөрвөн хэсэг газрын авто зам их хэмжээний шороогоор дүүрч байв. Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 22 дахь км-ийн төмөр зам үерт автан шороонд дарагдаж, 300 м зам угаагджээ. Түүнчлэн сумын доторх авто зам, үерийн далан, замын зорчих хэсэг шаварт дарагдан, цахилгааны шугам гэмтэж Сүхбаатар сумын хэмжээгээр цахилгаангүй болсон байдаг.
2018 оны долдугаар сарын 26-нд Гэрэлт гудамжны замыг шатрын хөлөгний хэлбэртэй будсан нь ганцхан өдрийн бороонд урсч арилав. Циркийн уулзвараас “Наран плаза”-гийн уулзвар хүртэлх замыг будах ажилд нийтдээ 16 сая төгрөг зарцуулжээ. Будгийн ажилд Улсын болон Нийслэлийн төсвийн хөрөнгө зарцуулаагүй гэж тухайн үед мэдэгдээд байсан ч гүйцэтгэгч компанийн ажлын чанарыг харуулаад амжсан юм. Ажил гүйцэтгэлийг "Улаанбаатар зам засвар арчлалтын газар" хийсэн байна.
ХҮЧТЭЙ САЛХИ, ААДАР БОРООНЫ УЛМААС ДӨРВӨН ВАГОН ЗАМААСАА ГАРЧ ХҮН БЭРТЭВ
2018 оны наймдугаар сар Хүчтэй үерийн улмаас 4 вагон замаасаа гарсан осол болж, төмөр замын хөдөлгөөн хаагдаж байв. Наймдугаар сарын 11-12-нд шилжих шөнө орсон усархаг аадар борооны улмаас үер бууж Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг 04:50 минутын орчим замаас гарсан байна. Үүний улмаас галт тэрэгний зүтгүүр унаж, 4 вагон замаас гарсан байна. Уг галт тэргэнд нийт 328 зорчигч зорчиж байсан бөгөөд албан бус мэдээллээр хүний амь нас эрсдээгүй, 14 хүн бэртжээ. Хүчтэй аадар борооны улмаас тус аймгийн Айраг сум бүхэлдээ үерт автаад байгаа юм. Мөн оны наймдугаар сарын 12-нд Дорноговийн нутгаар орсон усархаг аадар борооны улмаас Сайншанд-Хамарын хийд чиглэлийн хатуу хучилттай автозам эвдрэл үүсч байв. Борооны улмаас авто замын далан суурийг угааж хөвөөг урсгасан бөгөөд замын эвдрэл 2.5 км үргэлжилсэн юм.
2019 оны наймдугаар сарын 5,6-ны өдөр орсон борооны улмаас Баянзүрх дүүргийн И-Март худалдааны төвийн зүүн талын автозам, Баян монгол хороолол, Дарь-Эхийн дунд буудал, Хүннү молл, АПУ ХХК, Гэгээнтэн цогцолборын уулзвар, VII буудал, XXV эмийн сан, Нарны гүүр, Вокзал, Богд ар хороолол орчимд их хэмжээний ус тогтож автомашин болон явган зорчигч явахад хүндрэлтэй болсон. Жил бүр яригддаг үер усны далан, ус зайлуулах хоолойн асуудлыг шийдээгүйн улмаас эцэстээ хүн гишгэх газаргүй болж, үерт автомашинууд эвдэрч, иргэд нь эд хөрөнгөөрөө хохирч үлдсэн билээ.Мөн оны зургадугаар сарын 14-нд үргэлжлэн орсон борооны улмаас үер бууж Ховд – Улаангом чиглэлийн автозам эвдэрч эвдрэл үүссэн юм.
ХАМГИЙН ИХ ХОХИРОЛ ДАГУУЛСАН ГАМШИГ АРХАНГАЙ АЙМАГТ БОЛЖ БАЙВ
Энэ мэтчилэн аадар бороо гамшигт үзэгдлийн улмаас нийслэл үерт автаж, орон нутагт авто болон төмөр зам эвдэрч сүйдсэн тохиолдол цөөнгүй. Бүтээн байгуулалтаас гадна гамшиг дагуулсан үерт тэрбум хол давсан буюу 10 орчим тэмбумын хохирол учирч, олон айл өрх орон гэрээ алдаж байсан нь хамгийн их хохирол дагуулсан гамшиг болсон юм. Эргэн сануулахад, 2017 оны долдугаар сард усархаг аадар борооны улмаас Баян-Өлгий, Сэлэнгэ, Төв аймгийн сумдад гамшиг нүүрлэсэн юм. Баян-Өлгий аймгийн Өлгий суманд гэхэд л хоёр өдөр үргэлжлэн орсон борооны улмаас 530 гаруй айлын 2512 хүн үерийн гамшигт өртөж байв. Мөн 2016 онд Өлгий суманд үер буусны улмаас 2.2 тэрбумын хохирол амсч байсан удаатай.
Ганцхан өдрийн бороо, хүчтэй салхи монголчуудын бэлэн байдлыг шалгаж, бүтээн байгуулалтын чанарыг харуулж ирсэн. Цаашид ч бас ниргэсэн хойно нь хашхирах биш гамшигт үзэгдлээс сэргийлж бэлэн байдлаа хангахгүй бол жил бүрийн өдийд хэчнээн тэрбумаар тоологдох хөрөнгөөр хохирохыг хэлж мэдэхгүй.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ