Солонгосын хойгийн хамгийн анхаарал татсан асуудлуудын нэг нь БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны учир битүүлэг “алга бололт” бөгөөд түүний дүү охин Ким Ёо Жоны оролцоо шийдвэр гаргах түвшинд нэмэгдсэн явдал юм. Хойд Солонгосын удирдагчийн хүчирхэг дүү охин өнгөрсөн Лхагва гаригт үндэстний төрийн мэдээллийн хэрэгслүүдээр “Өмнөд Солонгосын засгийн газрын Солонгосын хойгийн нөхцөл байдлыг хэлэлцэх тусгай элч илгээх саналаас "бүрэн татгалзсан" талаар мэдээлсэн билээ. Үүний зэрэгцээ Хойд Солонгосын удирдагч сүүлийн хэдэн долоо хоног хэд хэдэн мэдэгдэл хийснийхээ дараа ор сураггүй болсон асуудал олон улсын анхаарлыг ихэд татаж байна.
Сүүлийн үеийн зарим мэдээллээр, Хойд Солонгосын удирдагчийн хувийн тийрэлтэт онгоц Лхагва гаригт Өмнөд Хамгён мужийн Хамхуны зүг нисч буйг харуулсан дүрс бичлэгийг Шведийн flightradar24 цахим хуудаст байрлуулсан байна. Түүнийг шумбагч онгоц хөөргөсөн баллистик пуужингийн туршилтын талбайд очихоор явсан гэж зарим хүмүүс таамаглажээ.
Өнөөдрийн байдлаар зарим шинжээчдийн үзэж буйгаар БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун, Өмнөд Солонгосын удирдагчтай яриа хэлэлцээ хийх үүд хаалга бүрэн нээлттэй байгаа аж.
Сөрөг хүчний нэгдсэн ирээдүйн консерватив намын дарга Тэ Ён Хо гэнэт гарч ирсэн нь Хойд Солонгост удирдлагын шинэ бүтэц бий болж буйг харуулж байна хэмээн дүгнэхэд хүргэжээ.
Гадны хэвлэлүүдэд Ким Жон Уныг дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн олны өмнө гараагүй, зүрхний хагалгаанд орсон, ороогүй гэсэн мэдээлэл нийтлэгдсэн билээ. Өмнөд Солонгосын хэвлэлүүд түүнийг зүрхний хагалгаанд орсон, биеийн байдал нь хүнд байгаа гэж мэдээлсэн ч тус мэдээллийг БНСУ-ын эрх баригчид няцааж байв. Дээрх мэдээлэл гарсны дараа БНСУ-ын Ерөнхийлөгчийн захиргаа мэдэгдэл хийхдээ Хойд Солонгосын 36 настай удирдагч хүнд өвдсөн гэх ямар ч шинж тэмдэг гараагүй хэмээн онцолсон юм.
Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Ким Жон Ун БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч, өвөө Ким Ир Сенийнхээ төрсөн өдрийг тэмдэглэх баярт оролцоогүй. Өмнө нь нэг ч удаа энэ баярыг алгасч байгаагүй учраас түүний амьд эсэх талаар цуурхал дэгдсэн биз ээ.
БНАСАУ-д өнгөрсөн дөрөвдүгээр сард цөмийн хошуу туршиж хөөргөхөд Ким Жон Ун уламжлал ёсоор оролцож удирдсан мэдээлэл гараагүй юм.
Ким Жон Ун өвдсөн талаарх анхны мэдээлэл БНАСАУ-аас дүрвэсэн хүмүүсийн хөтлөн явуулдаг мэдээллийн сайт дээр гарчээ. Өөр нэгэн эх сурвалж Daily NK сайтад Хойд Солонгосын тэргүүн зүрх судасны өвчинтэй, мөн Пэктусан ууланд хэдэнтээ гарсны дараа биеийн байдал нь муудсан гэж ярьсан байна.
Түүний дараа АНУ-ын хэвлэлүүдэд БНАСАУ-ын тэргүүн зүрхний хагалгаанд орсны дараа биеийн байдал нь хүнд байгаа гэсэн гарчиг бүхий мэдээллүүд гарч эхэлсэн юм. Гэвч Өмнөд Солонгосын Засгийн газар энэ мэдээллийг няцааж, “Ройтерс” агентлаг Хятадын тагнуулаас эх сурвалж авсан гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлсэн юм.
Ким өмнө нь ч "алга болж" байсан удаатай. 2014 онд Ким Жон Ун 40 хоног "алга болж", улмаар төрөл бүрийн цуурхал дэгдэж байв. Тэр бүү хэл төрийн эргэлт гарч, Кимийг түлхэн унагаасан гэх мэдээлэл ч гарчээ.
Хамгийн сүүлд БНАСАУ-ын удирдагч таяг тулсаар дахин олны өмнө гарч ирсэн нь түүний үхсэн гэсэн цуурхалд цэг тавьсан билээ. Тухайн үед Хойд Солонгосын төрийн хэвлэлүүд удирдагч нь "биеийн байдал таагүй" байгаа гэж хүлээн зөвшөөрсөн ч хөлний өвчний талаар нэг ч үг цухуйлгаагүй юм.
Хойд Солонгосын мэдээллийн төв агентлаг, “Rodong Sinmun” сонин өнгөрсөн тавдугаар сард БНАСАУ-ын залуу удирдагч Ким Жон Уны хамгийн сүүлийн үеийн, бордооны үйлдвэрийн нээлтэд оролцож, тууз хайчилж буй зургуудыг нийтэлсэн билээ. Дэлхий даяар түүнийг нас барсан, хүнд өвчтэй гэж мэдээлж байсан ч Ким эрүүл энх байгаагаа ард түмэндээ харуулсан байна. Ёслолын арга хэмжээнд түүнийг дүү бүсгүй нь дагалдан явсан бөгөөд Ким 20 хоногийн дараа олон нийтийн өмнө гарсан нь энэ байв.
КИМ ЁО ЖОНЫГ ААВ НЬ ХУРДАН ШИЙДВЭР ГАРГАХ, МАНЛАЙЛАХ ЧАДВАРТАЙ ХЭМЭЭН ҮНЭЛДЭГ БАЙЖЭЭ
Гадны хэвлэлүүд ахынхаа хажуунаас холдохоо байсан Ким Ёо Жонд анхаарлаа хандуулсаар байгаа юм. Тодруулбал, Ким Жон Ун улсаа удирдах боломжгүй болсон бол залгамжлагч нь хэн байх вэ гэдэг асуудал олны анхааралд байна. Далан жилийн турш БНАСАУ-ыг нэг гэр бүл удирдаж байгааг харгалзан үзвэл түүний оронд дахиад өөр нэг Ким суух магадлал өндөр гэж шинжээчид үздэг.
БНСУ-ын Сэжүн институтын ажиглагч Чон Сон Чаны хэлснээр, Ким Жон Уны дүү охин Ким Ёо Жон удирдагчийн суудалд суух магадлал 90-ээс дээш хувьтай байдаг аж. Хамгийн гол нь тэр “хааны удам”-ын цустай. Умард Солонгос бол удирдагчийг тодруулахдаа хаант улс шиг уламжлалтай. Сүүлийн жилүүдэд Ким Ёо Жон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн уулзалтад оролцохоос гадна дээд зэрэглэлийн олон уулзалтад ахыгаа дагалдаж оролцсон, Умард Солонгосын хоёр дахь өндөрлөг гэгдэх болсон билээ.
Ким Ёо Жоныг зарим хэвлэл Умард Солонгосын гүнж, Хойд Солонгосын “Иванка Трамп” гэхчилэн тодотгодог. БНАСАУ-ын тэргүүн Ким Жон Уны олон улсын төвшний асуудлаа даатгадаг хамгийн итгэлтэй хүн, төрсөн дүү нь болохоор ийн тодорхойлсон аж. Ким Ёо Жон Ким Чен Ирийн эхнэрүүдийн нэг, япон гаралтай бүжгийн жүжигчин Ко Ён Хигээс /Япон нэр нь Такада Химэ/ төржээ. Ким Ёо Жон ах нарынхаа нэгэн адил Швейцарийн Берн хотод суралцаж байсан аж. Тухайн үед Пак Ми Хян гэх хуурамч нэр ашигладаг байсан төдийгүй балетын хичээлдээ туйлын сонирхолтой байжээ. Ким Чен Ир ч хөвгүүдээсээ илүү түүнд хайртай байсан гэдэг. Тэднийд олон жил япон хоолны тогоочоор ажилласан Кэнжи Фүжимотогийн ярьснаар, тэрбээр хоёрдугаар Ким “гүнж Ёо Жон”, “Хөөрхөн Ёо Жон” гэх мэтээр ганц охиноо өхөөрдөн дууддаг байжээ.
Ким Ёо Жон Швейцариас Ким Жон Уны хамт 2000, 2001 оны үед эх орондоо эргэн ирсэн байна. Гэхдээ Ёо Жон чухам хаана ахлах сургууль төгссөн нь тодорхой бус. Харин Пёньянд ирснийхээ дараа Ким Ир Сены их сургуульд суралцаж, төгсчээ. Түүнийг буцаж ирсний дараа эцэг нь ч улс төрд бэлтгэж байсан аж. Өөрөөр хэлбэл, 2002 оны эхэн үед Ким Чен Ир гадаадын харилцагчиддаа ганц охин нь улс төр сонирхож, Умард Солонгосын улс төрийн үйл явцад оролцохыг хүсдэг тухай бахархан ярьж байжээ.
Тухайн үед ОХУ-ын алс Дорнодоос Умард Солонгост суух Элчин сайдаар ажиллаж байсан Константин Пуликовскийн ярьснаар, Ким Ёо Жоныг хурдан шийдвэр гаргах, манлайлах чадвартай хэмээн эцэг нь үнэлдэг байсан аж. Гэхдээ эцгийнх нь оршуулгын ёслол болох хүртэл тэр нууцлагдмал, нам гүмхэн амьдарчээ. Ким Ёо Жон 2011 онд Ким Чен Ир өөд болох үед оршуулгын ёслолд оролцохдоо анх удаа олны өмнө гарсан гэдэг. Ерөнхийдөө тэрбээр аав, ах хоёрынхаа арын албыг залгуулдаг байжээ. Ёо Жон 2010-2011 онд Ким Жон Уны кампанит ажилд оролцож, Үндэсний батлан хамгаалах комисс болон Ким Чен Ирийн хувийн нарийн бичгээр ажиллаж байсан байна.
Ким Ёо Жоны авга эгч Ким Ген Хи нөхрөө цаазлуулах хүртэл Хөдөлмөрчдийн намын томоохон албан тушаалтны нэг байсан аж. Өнгөрсөн жилээс түүнийг Ёо Жон залгамжлах болжээ.
Ким Ёо Жон нь Ким Жон Ун ахынхаа имижийг дэмжигч, бас хамгаалагч. Тэрбээр эрх баригч Хөдөлмөрчдийн намын Суртал ухуулгын хэлтсийн даргаар ажилладаг. Энэ утгаараа Ким Жон Уныг хүчтэй, манлайлагч удирдагч гэсэн имижтэйгээр олон нийтэд харуулах нь түүний үүрэг аж.
Тэр хэдийнэ улс орныхоо хувьд чухал хүн болж чаджээ. БНСУ-д Умард Солонгосын тусгай эрхт төлөөлөгчөөр анх удаагаа айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй найрсаг яриа хэлэлцээр өрнүүлж, хоёр Солонгосын харилцаа наашлахад түүний оруулсан хувь нэмэр их билээ. Мөн БНСУ-БНАСАУ-ын төрийн тэргүүн нарын түүхэн уулзалтад ч ахынхаа хамт Панмунжомд очиж байв. Нөгөөтэйгүүр, түүний хувийн амьдрал тун нууцлагдмал. БНСУ, Японы зарим хэвлэлд түүнийг Сангийн яамны томоохон албан тушаалтны хүүтэй гэрлэсэн, нэг хүүхэдтэй хэмээн мэдээлж байсан байх юм. Харин зарим эх сурвалж Ким Ёо Жоныг гэрлээгүй, хүүхэдгүй хэмээн мэдээлсэн билээ.
БНАСАУ: СОЛОНГОСЫН ХОЙГТ ДАХИН ДАЙН ДЭГДВЭЛ АНУ-ЫГ УСТГАНА
Хойд Солонгосын дипломатч асан фэйсбүүктээ "Өнөөдрийг хүртэл Хойд Солонгосын зэвсэгт хүчнийг Ким Жон Унаас өөр хүн удирдаагүй бол одоо тэнд Ким Ёо Жон байна" гэж бичсэн байна. Хойд Солонгос удирагчийн дүү Ким Ёо Жон өөрийн үгээр улс орныг бүхэлд нь хөдөлгөж, нам, цэрэг армиа төдийгүй гадны байгууллагуудыг ч хөдөлгөж чадах шинэ тушаалын бүтцийг сурталчилж байна” гэж шинжээчид мэдээлжээ. Хойдууд Солонгосын хойгт дахин дайн дэгдсэн тохиолдолд АНУ-ыг устгана хэмээн сүрдүүлэв. Орост суугаа БНАСАУ-ын Элчин сайдын яамнаас Солонгосын дайн эхэлсний 70 жилийн ойг тохиолдуулан гаргасан мэдэгдэл "Энэ жил Америкчууд Өмнөд Солонгост цэргийн элдэв сургуулилт хийж, БНАСАУ-д даруй цохилт өгөхөөр Америкийн зэвсэгт хүчнийг Солонгосын хойгт байрлуулах нь эдгээр сургуулилтын зорилго юм" гэж дипломатчид тэмдэглэсэн байна. Мөн “БНАСАУ руу гар далайхаар зүрхлэх этгээдийг гэсгээн цээрлүүлж чадах цөмийн пуужин Хойд Солонгост бий" гэж Элчин сайдын яам дурджээ. “Солонгост дахин дайн дэгдвэл АНУ гэдэг эзэнт гүрнийг эцэс болгох онцгой явдал хүн төрөлхтөний түүхэнд бичигдэнэ” гэж Пхеньяны төлөөлөгчид мэдэгдсэн байна.
БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Сон Гвон зургадугаар сарын 12-нд “Сүүлийн хоёр жилд Хойд Солонгос, АНУ-ын харилцаа ямар ч найдваргүй болсон " гэж мэдэгдсэн билээ. Солонгосын хойгийн байдал өдрөөс өдөрт дордож байна. Америк, Солонгосын удирдагч Дональд Трамп, Ким Жон Ун нарын 2018 оны анхны уулзалтаас төрсөн итгэл найдвар цөхрөлөөр солигдож, тайван нөхцөлд цэцэглэн хөгжинө гэсэн өөдрөг бодлын оч гутрангуй бодол төрүүлсэн аймшигт явдлын түрэлтэд бөхсөн юм” гэж сайд хэлсэн байна.
Хойд, Өмнөд Солонгосын дайн 1950 оны зургаадугаар сарын 25-наас 1953 оны долоодугаар сарын 27-нд үргэлжилсэн юм. Хойд Солонгост ЗСБНХУ, Хятад хоёр туслаж, харин АНУ, Их Британи болон бусад орон НҮБ-ын далбаан дор Өмнөдийн талд дайнд оролцсон билээ. Гурван жилийн хугацаанд 1.3 сая орчим солонгос хүн алагдаж, шархдаж, америкийн тал мөргөлдөөнд 36.6 мянга орчим цэргээ алджээ. Дайн 1953 онд гал зогсоосноор дуусч, энэ нь өнөөдрийг хүртэл үйлчилж байгаа юм.
Эх сурвалж: KCNA, KOREATIMES, REUTERS
Холбоотой мэдээ