УИХ-ын найм дахь удаагийн сонгууль маргааш /2020.06.24/ болно. Тиймээс сонгуулийн бэлтгэл ажил болоод цаг үеийн асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооны/СЕХ/ Хууль эрхзүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
–Цар тахлын үед бид анх удаа УИХ-ын ээлжит сонгууль зохион байгуулах гэж байна. Сонгуулийн бэлтгэл ажил хэр хангагдав?
–УИХ-ын сонгуулийг “Коронавируст халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль, тавдугаар сард Засгийн газраас гаргасан “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавирусний халдвар /КОВИД-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх” журам, Улсын Онцгой комиссоос гаргасан зөвлөмжийн хүрээнд зохион байгуулж байна. Энэ жилийн УИХ-ын сонгууль цар тахлын үед зохион байгуулагдаж байна гэдгээрээ ихээхэн онцлог учраас төрийн бусад байгууллагуудын оролцоо их өндөр байна. Тухайлбал, Улсын онцгой комисс, Онцгой байдлын Ерөнхий газар /ОБЕГ/, Эрүүл мэндийн яамд сонгуулийн бэлтгэл ажилд онцгой анхаарч ажиллаж байгаа. Ялангуяа сонгогчийн санал авах байруудад хүн хоорондын зайг 1.5 метр байх дүрмийг баримтлахаар том байр сонгох, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг баримтлах, сонгогчийг нэг дор бөөгнөрүүлэхгүй байх тал дээр анхаарч байна. Тиймээс иргэд өглөө, оройд нэг дор бөөгнөрөхгүйгээр өөрийн боломжтой цагаар аль болох эртхэн саналаа өгөх хэрэгтэй. Ерөнхийдөө санал авах үйл ажиллагааны бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Өнөөдрөөс эхлэн /2020.06.23/ зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааа эхэлж байгаа.Үүнд:
- Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй,
- Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамран ажиллаж байгаа,
- Захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан,
- Байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон,
- Санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал нар зөөврийн саналын хайрцгаар саналаа өгнө.
Өөрөөр хэлбэл, санал авах үйл ажиллагаа эхэллээ гэж ойлгож болно. СЕХ-оос 2070 хэсгүүд дээр санал тоолох төхөөрөмжүүд болон саналын хуудсыг бүрэн хүргүүлж дууссан. Бүх хэсгүүд дээр санал хураалтын дүнгээ дамжуулж чадаж байгаа эсэх, төхөөрөмж тээвэрлэлтээр очиж байгаа учраас тухайн тээвэрлэлтийн үед эвдрэл гэмтэл гарсан эсэхийг нягтлан шалгах турших ажиллагааг зургадугаар сарын 20-ны өдөр явуулсан. Бүх хэсгүүдээс дүн мэдээлэл ирж байна. Энэ удаагийн сонгуулийн санал хураалтын дүнг өмнөх жилүүдийнх шигээ шууд дамжуулах бөгөөд бүх хэвлэл мэдээллийн байгууллагуудаас гадна СЕХ-оос сонгуулийн дүнг шууд дамжуулна.
–Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр гурван өдөр дараалж дуу цахилгаантай бороо орно гэж мэдээлсэн. Өнгөрөгч амралтын өдөр гэхэд Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд үер бууж, үерийн улмаас айлууд болон авто зам усанд автаж, иргэд усанд боогдсон шүү дээ. Тиймээс үер усанд боогдсон иргэдийн сонгуульд саналаа өгөх нөхцөл байдлыг яаж хангах вэ?
–Өмнөх УИХ-ын сонгуулиар ч мөн адил хөдөө орон нутагт иргэд үер усанд боогдох, өвөл орон нутгийн сонгууль явагдаж байхад цаснаас болоод зам даваа хаагдах үед ОБЕГ-аас тодорхой арга хэмжээг авч ажилласаар ирсэн ОБЕГ-аас усны түвшин өндөртэй газрууд дээр тусгай завьт эргүүлүүд гарч ажиллуулж байгаа бөгөөд үүнд орон нутгийн удирдлагууд анхаарч ажиллаж байгаа гэдгийг мэдэгдмээр байна. Ер нь ганц энэ удаагийн сонгуулиар бороо устай байгаа юм биш шүү дээ. Сонгууль бүрээр ийм асуудал гардаг.
-Улс төрчдийн зүгээс “ Иргэдийн санал өгөх хугацаа хэтэрхий урт байна. Нэг сонгогч саналаа өгөхөд дунджаар 7-10 минут зарцуулахаар тооцоолол гараад байгаа учраас санал өгөх сонгогч бүр саналаа өгч амжихгүй” гэж мэдээлж байсан. Ер нь нэг сонгогч саналаа өгөхөд хэдэн минут зарцуулахаар байна?
-Энэ жилийн сонгууль цар тахлын үед зохион байгуулагдаж байгаа учраас иргэдийн халууныг шалган, гарыг нь ариутгуулж, хүмүүс хоорондын зайг барьж ажиллана. Улс төрчдийн зүгээс нийт сонгогчдын тоог нэг сонгогч санал өгөх минутаар шууд үржүүлж гаргаад байгаа юм. Угтаа бол санал авах байранд иргэдийн санал өгөх процесс тасралтгүй үргэлжилнэ. Сонгогч төхөөрөмж дээр саналаа уншуулахад гурван секундийн л хугацаа шаардагддаг.
Сонгогч санал өгөх байранд орж халуунаа үзүүлээд, гараа ариутгаад саналаа өгөөд гарах хүртэлх хугацаанд хэдэн минут шаардагдахаар байгааг бид урьдчилаад туршиж үзэхэд дунджаар таван минут байсан. Тиймээс ч УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дагаж мөрдөнө гэсэн зааварчилгааг бүх хэсгийн хороодод өгсөн.
СЕХ НЭГ Ч НЭР ДЭВШИГЧИЙГ БАРИВЧЛАХ ЦАГДАН ХОРИХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГООГҮЙ
– 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ авсан зургаан нэр дэвшигч шүүхийн шийдвэрээр цагдан хоригдож байна. Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-ын 1-д зааснаар СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр тухайн нэр дэвшигчийг цагдан хорих, эрхийг нь хязгаарлахгүй гэх зохицуулалтт бий. Харин шүүхээс СЕХ-нд ямар ч албан бичиг ирээгүй гэсэн үү?
-СЕХ-д ирсэн албан бичиг болон шаардлага бүрт тухай бүрт нь хариуг нь өгөөд явдаг. УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ авсан зургаан нэр дэвшигчийг саатуулан шалгахыг хүссэн нэг ч бичиг СЕХ-нд ирээгүй. Мөн дээрээс нь СЕХ нэг ч нэр дэвшигчийг баривчлах цагдан хорих зөвшөөрөл олгоогүй гэдгийг албан ёсоор хэлье. Өчигдөр /2020.06.22/ 10.00 цагт СЕХ-ны байран дээр сонгуульд оролцож байгаа бүх нам эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ерөнхий менежерүүдтэй уулзалт хийсэн. Энэ уулзалтын үеэр ч СЕХ өөрсдийн байр сууриа илэрхийлсэн.
– Тэгэхээр хууль зөрчин дээрх нэр дэвшигчдийг саатуулсан болж таарч байна уу?
-Шүүхийн байгууллагаас үүнийг тайлбарлахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь сонгуультай холбоогүйгээр өмнө нь эхэлсэн учраас СЕХ-оос зөвшөөрөл авах шаардлагагүй гэж үзсэн гэсэн хариу тайлбарыг өгсөн. Монгол Улс УИХ-ын сонгууль явуулж эхэлсэн цагаас хойш буюу 1992 оноос хойш 30 жилийн түүхэнд СЕХ нэр дэвшигчийг цагдан хорих зөвшөөрлийг аль ч байгууллагад олгож байсан түүх байхгүй.
-Сонгогчдод анхааруулах, сануулж хэлэх зүйл юу байна?
-Сүүлийн үед цагдаагийн байгууллагад хүмүүсийн овог нэр, регистрийн дугаарыг цуглуулж байна гэсэн мэдээлэл их ирж байна. Иргэний үнэмлэх дээрх иргэний мэдээллүүд хаалттай мэдээлэл буюу хувь хүний нууцад хамаарна.
Ямар нэгэн аргаар хувь хүний мэдээллийг олж авлаа гэхэд хэнд санал өгч байгааг нь мэднэ гэхчлэн сонгогчдыг төөрөгдүүлж байна. Үүнийг сонгогчоос өөр хэн ч мэдэх боломжгүй.
Дээрх үйл ажиллагааг сонгогчдын саналыг худалдаж авахад чиглэсэн хууль бус ажиллагаа буюу Эрүүгийн хуульд заасан сонгууль будлиантуулах гэмт хэрэг гэж үзэх хангалттай үндэслэл болно. Үүнээс гадна санал тэмдэглэх заавартай холбоотой нэг зүйлийг анхааруулж хэлье. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд томсгосон тойрог олон мандаттай болж байгаа учраас таны оршин суугаа тойрог чинь хоёр мандаттай бол хоёр нэр дэвшигчийг, гурван мандаттай бол гурван нэр дэвшигчийг дугуйлна. Хэрэв мандатын тооноос нь илүү дугуйлах юм бол саналын хуудас хүчингүй болж санал тоолох төхөөрөмж уншихгүй. Эсвэл дутуу дугуйлах юм бол санал тоолох төхөөрөмж уншихгүй буцаагаад гаргачихна. Энэ тохиолдолд сонгогч мандатын тоонд нь гүйцэт нэмж дугуйлаад дахиж уншуулах боломжтой.
Түүнээс биш аль нэг намын гурван нэр дэвшигчийг бүхэлд дугуйлж байж хүчинтэй болно гэсэн үг биш. Хүссэн хоёр, гурван нэр дэвшигчийг дугуйлна.
БҮРТГЭЛЭЭ БАТАЛГААЖУУЛАХЫН ЗЭРЭГЦЭЭ САНАЛ АВАХ БАЙРНЫ ХАЯГИЙГ МЭДЭХ БОЛОМЖТОЙ
Сонгогчдын нэрийн жагсаалт: Таны сонгох эрх сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээр баталгааждаг. Тиймээс та сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай. Бүртгэгдсэн эсэхээ цахимаар болон биечлэн шалгах боломжтой.
ЦАХИМААР ХЭРХЭН ШАЛГАХ ВЭ?
- Сонгогчдын нэрийн жагсаалтыг election.burtgel.gov.mn цахим хуудсанд байршуулсан.
- Та бүртгэлээ баталгаажуулахын зэрэгцээ санал авах байрныхаа хаягийг мэдэх боломжтой.
- Хэрвээ сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа таны мэдээлэл зөрүүтэй бол “мэдээлэх” гэсэн товчийг дарж, байнга оршин суугаа хаягийн дагуу бүртгэлийн нэгжтэй холбоо барьж залруулгаа хийлгэнэ.
БИЕЧЛЭН ЯАЖ ШАЛГАХ ВЭ?
- Танд хамгийн ойр байрлах сонгуулийн хэсгийн хороонд сонгогчдын нэрийн жагсаалт тавдугаар сарын 30-аас өмнө очих бөгөөд энэ үеэс бүртгэгдсэн эсэхээ биечлэн шалгах боломжтой. Хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авсан өдрөөс эхлэн өөрийн ажиллах байранд, өөрийн ажиллах байргүй бол сум, хорооны засаг даргын тамгын газрын байранд сонгогч өөрт нь холбогдох мэдээлэлтэй чөлөөтэй танилцах боломж олгоно.
- Та энэ үеэс өөрийн харъяа хэсгийн хороондоо очиж сонгогчдын нэрийн жагсаалтад өөрийн болон гэр бүлийн гишүүдийг бүртгэгдсэн эсэхийг шалгаарай.
- Хэрвээ сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсвэл буруу бүртгэгдсэн бол та болон таны гэр бүлийн гишүүд санал өгөх эрхээ эдэлж чадахгүй.
САНАЛАА ХЭРХЭН ӨГӨХ ВЭ?
- Байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт саналаа өгнө.
- Саналаа өгөх байрныхаа мэдээллийг сонгуулийн хэсгийн хороондоо болон 1800-2800 “Сонгогчийн лавлах” утсанд хандан авах боломжтой.
- Сонгогч санал авах байранд иргэний үнэмлэхтэйгээ ирж, саналаа биечлэн өгнө. Сонгогчийг санал авах байранд орох үед биеийн халууныг хэмжиж, гарыг халдваргүйжүүлэн амны хаалтгүй бол нэг ширхэг амны хаалт олгоно.
- Санал авах байрны гадна болон дотор хүн хоорондын зайг 1.5 метрээс доошгүй байхаар зохион байгуулна.
- Оролцогчид биеэр хүрэлцэхгүй зайнаас харилцана.
- Сонгогчийн гарын хурууны хээг тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбартай тулган үзэж, зөрчилгүй бол сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.
- Сонгогч бүртгэл хийлгэх үед амны хаалтыг түр авна.
- Гарын хурууны хээг уншуулсны дараа гарыг дахин халдваргүйжүүлнэ.
- Хэсгийн хороо сонгогчид бээлий олгоно.
- Хэсгийн хорооны гишүүн сонгогчийн бүртгэлийн хуудсыг авч саналын хуудас олгоно.
- Саналын хуудас авсан сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зурна.
- Сонгогч санал бэлтгэх бүхээгт очиж саналаа нууцаар тэмдэглэнэ.
- Сонгогч саналаа тэмдэглэсний дараа саналын нууцлалыг хангах зориулалт бүхий хавтсанд саналын хуудсаа хийнэ.
- Саналын хуудсаа хавтаснаас гаргаж, санал тоолох төхөөрөмжид уншуулна. Сонгогч санал авах байрнаас гарахдаа бээлийгээ зориулалтын хогийн саванд хаяна. Үүний дараа гарыг дахин халдваргүйжүүлнэ.
- Санал авах байранд ирэхдээ 18 насанд хүрээгүй хүүхэд дагуулж ирэхгүй байхыг анхаарна уу.
САНАЛАА ХЭРХЭН ЗӨВ ТЭМДЭГЛЭХ ВЭ?
- Саналын хуудсанд тэмдэглэгээ хийхдээ санал тэмдэглэх бүхээг болон саналын хуудсанд бичигдсэн зааврыг анхааралтай уншаарай.
2 мандаттай тойрог бол саналын хуудаст байгаа нэр дэвшигчдийн дотроос өөрийн дэмжиж, саналаа өгөхийг хүсэж байгаа 2 нэр дэвшигчийг дэмжиж нэрийн өмнөх зууван дугуй доторхыг будаж тэмдэглэнэ. - 3 мандаттай тойрог бол өөрийн дэмжиж, саналаа өгөхийг хүсэж байгаа 3 нэр дэвшигчийг дэмжиж нэрийн өмнөх зууван дугуй доторхыг будаж тэмдэглэнэ.
- Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн бол таны саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж уншихгүй, буцааж гаргана.
- Хэрвээ та саналаа тэмдэглэхдээ алдаа гаргаж, буруу тэмдэглэсэн бол саналын хуудсаа хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч саналаа өгөх боломжтой.
САНАЛ АВАХ БАЙРАНД ХОРИГЛОХ ЗҮЙЛС:
- Тухайн санал авах байранд санал өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх
- Өөр хүний бичиг баримт, хуурамч баримт бичиг ашиглаж санал өгөх, саналаа өгөхийг оролдох
- Тухайн хэсгийн хорооноос олгосноос өөр саналын хуудас ашиглах
- Санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, эсвэл авч гарах
- Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах үйлдэл хийх
- Саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах, зориулалтын бус үзгээр санал тэмдэглэх
Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсвэл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авахыг хориглоно.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ