Графитти уран бүтээлч Dasher Ones буюу Д.Дашхүүтэй ярилцлаа. Тэрбээр МУИС-ийг Биохимийн чиглэлээр төгссөн ч хүсэл мөрөөдлөө дагажээ.
"ГРАФФИТИ БОЛ ГУДАМЖНЫ УРЛАГИЙН НЭГ ТӨРӨЛ"
-Сайн байна уу. Биохимич мэрэгжилтэй хүн хэзээнээс граффитиг урлаг руу "урвах" болов?
– Анх 2006 оноос эхэлж сонирхож эхэлсэн. Би багаасаа л зураг зурах дуртай "Хүүхдийн урлан бүтээх төв"-д зургийн дугуйланд явж байгаад тав, зургадугаар ангиасаа граффити сонирхож эхэлсэн. 1990-ээд оноос эхлээд хүмүүс энэ төрлийг сонирхож, депогийн ханан дээр зурж байсан. Тэд нарыг хараад л граффити гэдэг гоё зүйл байна гэж бодон ах нартай танилцаж байлаа. Хамгийн анх есдүгээр ангидаа граффити томоохон бүтээлээ туурвисан юм байна.
Граффити бол гудамжны урлагийн нэг төрөл
-Бүлгэмээ бидэнд танилцуулаач?
-Гудамжны урлагийн уран бүтээлчид өөрийн гэсэн гишүүдтэй бүлгэмүүд байдаг. TNMC болон Mongo Hustle гэсэн хоёр бүлгэмд залуус маань харьяалагдаж байгаа. TNMC буюу The Nasty Methods Crew гэдэг нь Монголоор бохир аргатнууд гэсэн утгатай, байгуулагдаад зургаан жил болж байна. Ерөнхийдөө граффити чиглэлээр уран бүтээл хийдэг залуусийн нэгдэл. Харин манай Mongo Hustle бүлгэмд Австралид уран бүтээлээ туурвидаг Хиско, Begie, Jaggie болон миний бие гэсэн дөрвөн уран бүтээлч нийлж 2019 онд байгуулсан. Манайх бол яг гудамжны Mural Art буюу ханын зургийн чиглэлээр зураг зурдаг.
-Саяхан Завхан аймгийн Улиастай суманд Б.Явуухулан гуайн хөргийг мөнхөллөө. Энэ зургийг яагаад зурах болов?
-Энэ төсөл дээр манай Mongo Hustle багийнхан болох Begie, Jaggie хоёртойгоо хамтран ажилласан. Тэр хоёр өөрсдөө тусдаа RedX гэх ШУТИС-ийн Үйлдвэр технологийн дээд сургуулиас гарч ирсэн бүлгэмтэй. Энэхүү зургийг CCB бүлгэмийн Ка ах, Мөнхөө гээд залуу хоёр санаачлаад анх “Арт нүүдэл” гэж төслийг эхлүүлсэн юм. Энэхүү төсөл нь хөдөө орон нутгийн алслагдсан сум, багуудад орчин үеийн урлагийн чиглэлээр бүтээл туурвидаг зураачид, уран бүтээлчид, дуучдыг сонгож аваад нүүдэллэх маягаар соёлыг хүмүүст түгээх, соёлын арга хэмжээ л дээ.
Өмнө нь бид 2015 онд Говь-Алтай аймагт очиж Мазаалай зурж байсан бол энэ удаад Завханд очин Б.Явуухулан гуайн зургийг мөнхөлсөн юм. Энэхүү бүтээлүүдийг бид дан ганцаараа хийж байгаа биш шүү.
Биднээс гадна санаачлагсад, хөрөнгө оруулагчид нийлж сайн үйлсийн төлөө хийж байгаа ажил. Б.Явуухулан гуайн зурган дээр таван хоног ажилласан. Ханан дээр зургаа зурах ажил нь хоёр хоногт л дууссан. 10 гаруй жил зурсан туршлагатай хүмүүс болохоор маш шуурхай зурсан.
-Мөн Нарны гүүрний доор Коби Брайантын дүрийг мөнхөлсөн тийм үү?
-Граффити зурдаг хүн бүрт л өөр өөрийн сонирхдог хэв маяг, төрөл сонирхол бий. Бид нар ярилцаж байгаад л нэг өдөр зүгээр цуглаад ханан дээр зураг зурахаар шийдсэн. Энэ л арга хэмжээний нэг бүтээл нь Коби Брайантын зураг болж үлдсэн. Коби Брайантын зургийг манай RedX болон Mongo Hustle бүлгэмийн гишүүн Jaggie зурсан байгаа.
-Гадны хэр их арга хэмжээнд оролцож байв?
-2019 онд ОХУ-ын Улан-үдэ хотод тус улсын муж, хот бүрээс ирсэн граффити чиглэлээр зураг зурдаг залуус цугласан. Орост 1980-аад хойноос хойш л граффити хөгжиж эхэлсэн, энэ тал дээрээ хөгжил сайтай улс. Муж, хот бүрээс ирсэн залуусаас гадна олон улсын уран бүтээлчдээс зөвхөн Монголчууд очсон. Улан-үдэд бид Оросын уран бүтээлчидтэй туршлага солилцоод, дурсамжтай аялаад ирсэн. Үүний дараахан сар гаруй хугацааны дараа Бээжинд Meeting of neighbourhood буюу Хөршүүдийн уулзалт гээд цэвэр граффити, хип хоп урсгалаар дагнасан фестиваль зохион байгуулагдсан юм. Энэхүү фестивальд TNMC болон Mongo Hustle бүлгэмүүд маань бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байлаа.
-Монголд хэр их арга хэмжээ зохион байгуулагддаг вэ?
-2012 оноос эхлэн жил болгон фестиваль зохион байгуулж байлаа. Гадны уран бүтээлчид ч Монголд хүрэлцэн ирсэн. Харин сүүлийн үед энэ чиглэлийг сонирхож байгаа ч яг зорилготой, тууштай хийж байгаа нь цөөхөн байна.
-Монголд граффити чиглэлээр бүтээл туурвидаг хэр их уран бүтээлчид байна?
-Анх 2000-аад оны эхээр зурч байсан гэвэл 25 гаруй хүн байсан. Цаг хугацааны явцад зарим нь зурахаа болиод, зарим нь түр засварласан хэд хэдэн хүн бий. Ерөнхийдөө ихэнхи нь сонирхоод л хаядаг даа.
-Граффити уран бүтээлчид бүтээлийнхээ санааг хэрхэн олдог вэ?
-Би зүгээр л граффити зураг зурах сонирхолтой. Энгийн нэг текстийг эвдэлж, хэв маягийг нь шинээр зохиодог. Зураачид бол хүний царай, морь мал, байгаль гээд хорвоо дэлхий дээр оршдог бүх зүйлсийг зурдаг бол граффити нь хийсвэр, зөвхөн хүний тархинд л оршдог зүйлийг зураг болгон илэрхийлдэг урлаг юм. Тэгэхээр миний граффити бол миний ганц баримталдаг урлагийн төрөл.
-Ханан дээр зураг зурахад хэр хүндрэлтэй байдаг вэ. Зураг зурах үйл явц гэж байдаг байх?
-Юуны түрүүнд Sketch буюу хар зургаа гаргана. Дараа нь өнгөө бодно. Бүх зүйлээ төлөвлөж, бодсоныхоо эцэст ханан дээрээ буулгана даа.
-Сансрын тунелийг бас өнгө, үзэмжтэй болгосон. Та болон танай бүлгэм оролцсон уу?
-Сансрын тунель дээр олон хүн ажилласан. 2012 онд Франц-Монголын төвөөс Татум төслийг санаачлан, хэрэгжүүлээд үүний хүрээнд Францын граффити уран бүтээлчид, DJ, цоолбор хийдэг уран бүтээлчид ирсэн. Хотын захиргаанаас сансрын тунелийн зөвшөөрлийг авч, уран бүтээлүүдээ туурвиж байлаа. Мөн 2016 онд АСЕМ зохион байгуулагддаг жил хотын өнгө төрхийг сайжруулах гэсэн юм гэж бидэнтэй холбогдож захиалгын гэж хэлж болох ажил хийсэн. Тэр бол нийслэлдээ хийсэн бидний хөрөнгө оруулалт. Сайн дурын ажил их хийсэн. "Солонгон бүрхүүл" гэж төслийг хэрэгжүүлж гэр хорооллын худгууд дээр хүүхдүүдийг цуглуулж, тэдэнд сонирхолтой байлгах үүднээс зураг зурж байв.
-Граффити урлагийг монголчууд хэр ойлгож, хүлээж авдаг вэ. Ялангуяа зургаа зураад, бүтээл туурвиж байхад хүмүүсийн хандлага ямар байдаг вэ?
-Биднийг зураад явж байхад дэмжих, дэмжихгүй хүмүүс их олон тааралдана. Гудамжны урлаг гэхээр хүмүүс төдийлөн тоодоггүй. Граффити гэхээр л гудамжны хэдэн бацаанууд зурж л байдаг гэсэн ойлголттой. Гэтэл Америкт 1960-1970-аад оны үед үүсээд 1980-1990-ээд оны үед урлаг гэж хүлээн зөвшөөрөгдсөн. Хип хоп гэдэг урлагийн үндсэн дөрвөн элементийн нэг гэж явдаг. Энэ дөрвөн элемент нэгдэж л хип хопын цэвэр мэдлэг гэдэг зүйл бий болж байгаа юм. Граффити анх Монголд хип хопоор л дамжин орж ирж байсан. Ах нарын үед л граффити зурдаг хүмүүс байсан боловч олныг хамарсан урлаг биш, хэн хүссэн нь ойлгоод зураад байдаггүй байсан учир Монголд төдийлөн сайн дэлгэрээгүй. Хятад л гэхэд бараг бид нараас сүүлд граффититай танилцсан ч одоо бол өндөр түвшинд хөгжөөд, фестиваль, экспо зохион байгуулаад явж байна. Монголд захиалж, хөлслөж зураг зуруулах гэсэн л хүмүүс байна. Уран бүтээлч болгон өөрийн гэсэн чадвар, эрх чөлөө, арга барил бий. Гэтэл нэг хоосон ханан дээр зургаа зурах гэтэл “Наанаа ийм юм зур, хар зургийг нь харуул” гээд байдаг.
Граффити гудамжны урлагийн гол зорилго нь нийгэмдээ далд мессеж илгээх юм
Манайд жоохон улаан өнгөөр зургаа будахад л цусны өнгө байна, гавлын яс зурвал муу ёрлоод гэх ч юм уу ийм буруу хандлагатай. Гэхдээ нэг үеэ бодвол хүмүүсийн хандлага өөрчлөгдөөд байгаа анзаарагддаг. Бас ивээн тэтгэгчид ч ойлгож, дэмждэг болсон. Жишээ нь, “Солонгон бүрхүүл” төсөл дээр Худалдаа хөгжлийн банк ажилласан.
-Хоёр ч томоохон бүтээл олны хүртээл болгочихлоо. Цаашид юу хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Энэ ондоо “Солонгон бүрхүүл” төслийг ахин хэрэгжүүлэх байсан. Энэ төслийн маань санаачлагчид нь өөр өөр хүмүүс байдаг болохоор яг ч товлосон хугацаа алга. Хийе гэсэн олон зүйл байна. Энэ жил цар тахлаас болж гадаадын фестивальд оролцоход хүндрэлтэй байлаа. Өнгөрөгч тавдугаар сард Хонг Конгт оролцох боломжтой фестиваль байсан ч цуцлагдчихлаа.
-Граффити сонирхож буй хүүхэд залууст юу гэж хандаж хэлмээр байна?
-Зөвхөн граффити сонирхдог залуу хүүхдүүдэд гэлтгүй хүмүүст хандаж хэлэхэд хүн яг нэг зүйлдээ тууштай байж, сайн хичээх хэрэгтэй. Гадаадад бол 50, 60 настай бидний аав, ээж, эмээ, өвөө нар шиг хүмүүс граффити зураад, хип хоп хөгжим сонсоод сэтгэлгээгээ чөлөөтэй илэрхийлж, аливаа зүйлд нээлттэй ханддаг болчихсон. Харин манайд хүссэн зүйлдээ жоохон тууштай байлгүй, жижигхэн бэрхшээл гараад ирэхээр нь хаячихдаг. Жишээ нь, би 2008 онд олон нийтийн ханан дээр зурж эхлэж байхад хүмүүс “Энэ одоо юу зураад байна вэ” гэж уурлана, загнана эсвэл цагдаа хүрч ирээд торгодог байлаа. Тэгээд л зургаа зурж дууссаны дараа "Энэ чинь сайхан зураг байна" гэж ярьдаг. Сая Улиастайд бид эхлээд зураг зурах байшингийнхаа ханыг судлаад, дөнгөж хэвээ гаргаад хар зургаа зурж байхад л нутгийн ард иргэд “Энэ одоо юу зураад, сараачаад байгаа юм бэ?” гэх мэт хандлагатай байсан ч зураг дууссаны дараа “Ийм гоё юм зурж байсныг чинь мэдсэнгүй ээ” гээд уучлалт гуйж байлаа. Зөвхөн залуус гэлтгүй нийгмийн сэтгэлгээнд учир байна. Одоо 21-р зуун гараад бүх зүйл цахим, сошиалаар явдаг болжээ. Хэн ч халуун наранд гадаа гараад хөлс тоосондоо баригдаад зураг зурна гэж бодохгүй байна. Z үеийнхэн дунд ч тийм хүн олдохгүй байна. ETO гэж Монголын граффити урлагт их зүйл хийсэн хүн бий. Хүмүүс ч “Дон прожект”-оор нь сайн мэдэх байх. Энэ хүнтэй би ах дүүгийн барилдлагатай явж, ур чадвараа сайжруулж, олон зүйл сурсан л даа. Наад зах нь хувь уран бүтээлч талаасаа том компани, корпорациудтай харьцаж ойлголцож зургаа зурах чадвар байна.
-Таны хувьд одоогоор дэлхийн хэдэн улс, Монголын хэдэн аймгаар аялаж уран бүтээлээ туурвиад байна?
-Нэг их гадаад дотоодоор яваагүй ээ. Монголын хувьд Дархан, Эрдэнэт, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ зэрэг аймгуудаар явж байлаа. Харин гадаад гэвэл Улан-үд, Бээжин зэрэг хотуудаар явж зураг зурж байсан.
-Танд үлгэр дуурайлал болсон граффити уран бүтээлч байдаг уу?
-Байлгүй яах вэ. 1980, 1990-ээд онуудаас эхлэн граффити зурж эхэлсэн одоо бол чадвар нь өөр түвшинд оччихсон мундаг хүмүүс байгаа. Тэр хүмүүсийн бүтээлийг хараад л “Ингэж хийгээд болж байна ш дээ. Яагаад бид ингэж хийж болохгүй байгаа юм бэ” гэсэн бодол төрдөг. Граффити гэдэг зөвхөн урлагийн төрлөөсөө гадна интерьер дизайн, график дизайн гэж хувьсдаг, олон зүйлийг өөрчилсөн зүйл. Nike, Adidas гээд томоохон хувцас загварын брендүүд граффитигаас санаа авч, үүнийг бүтээгдэхүүндээ уусгасан нь харагддаг.
-Дэлхийн аль улсын уран бүтээлчид граффити тал дээр илүү байна?
-Граффити үүсч хөгжсөн гэх утгаараа Америк босго тогтоогоод өгчихсөн мөн бичигдээгүй дүрэмтэй. Азийн орнууд ч мөн сайн. Солонгос, Япон, Хонг Конг, Сингапур, Хятад зэрэг орны залуус сайн. Азиудад өөрсдийн үндэсний хэв маягийг агуулсан хээ, угалз, билэг тэмдэг бий. Үүнийгээ уран бүтээлдээ тусгаж, илүү баяжуулдаг. Монголчууд ч гэсэн тогтмол гадаадад фестивальд оролцоод байвал дэлхийд нөлөө бүхий болж чадна гэдэгт итгэдэг. Би Улан-үдэд зохион байгуулагдсан фестиваль дээр Монголын өнөөгийн нөхцөл байдлыг харуулсан соёмбоны өнгөтэй, царай нь амьдрал үзчихсэн, нухлуулчихсан царайтай боксчны дүрийг зурсан. Улан-үдэд Буриадууд байдаг болохоор их сайн ойлгож байх шиг санагдсан.
-Граффити дээр ашигладаг будаг нь энгийн будагнаас өөр биз. Будгаа хаанаас худалдан авдаг вэ?
-Будгаа ер нь бол урд хөршөөсөө авдаг. Сүүлийн үед Хятадад сайн чанарын будаг боломжийн үнээр үйлдвэрлэгдэж байгаа. Ханан дээрээ урсахгүй, халзрахгүй, өнгө будгаа сайн барьдаг гэх мэт шаардлагуудтай. Нэг лааз будгийг 33 мянган төгрөгөөр авдаг. Нэг хананд 30-40 будаг орно гэхээр гудамжны урлагийн сайн бүтээл гараас гарахад нэг сая төгрөг орчим л болно. Манай иргэдийн дунд энэ тал дээр ойлголт бараг байхгүй.
Биднийг зураад зогсч байхад хүмүүс ирээд л “Та нар ингээд үнэгүй зурдаг юм уу.Манай хашаанд очоод зураад өгөөч” гэх мэтээр ярьдаг. Бидэнд Улаанбаатар хотоор дүүрэн өнгө үзэмж муутай, хуучирсан сэргээн засварлаж, зурах хана байна.
Тэрнээс биш хэн нэг хүний хашааны ханан дээр эсвэл грашан дээр нь зурах биш. Граффити бол олон нийтэд хүрдэг урлаг гэдэг утгаараа галерейн түвшний урлагийг гудамжинд түгээн дэлгэрүүлэх зорилготой. Монголд өнөөдөр галерей руу зорьж очоод зураг үзэж байгаа мөнгөтэй худалдан авагчид хэд байгаа билээ. Харин граффити бол гудамжинд байх ёстой, хүүхэд хардаг урлаг. Намайг зургаа зураад байж байхад хамгийн ихээр сонирхож, шохоорхож хардаг хүмүүс бол хүүхдүүд байдаг. Тэд чинь нэгэн хэвийн өнгөнд бус олон өнгийн тод зүйлст татагддаг.
-Монголын граффити уран бүтээлчдийг гадныхантай харьцуулахад хэр их ялгаа мэдрэгддэг вэ. Бидний энэ төрлийн урлагийн хөгжил ямар шатандаа явж байна вэ?
-Монголын уран бүтээлчид гадаадын уран бүтээлчдээс дутна гэж хэзээ ч байхгүй. Дийлэнх авьяаслаг залуус нь нэг компанид ороод дизайнер болчихдог нь харамсалтай. Хиско ах, Begie, Jaggie бид хэд гадаадад очоод зураад суухад хэзээ ч доор нь орохгүй. Үүнийг баттай хэлж чадна. Ихэвчлэн граффити уран бүтээлчид нэрээ нууцалж, өөрсдийн уран бүтээлээрээ дамжуулж нийгмээ шүүмжилж байдаг. Бид ч гэсэн нууц далд хэлбэрээр уран бүтээлүүдээ туурвидаг учир хүмүүс төдийлөн биднийг мэддэггүй юм шиг байна лээ. Бид нар хэзээ ч сайн дурын арга хэмжээнд оролцохдоо мөнгө ярьдаггүй. Боломж нь байвал зураад л өгье гэдэг. Тэглээ гээд бид нарын нэр төдийлөн гараад байдаггүй. Бидний бүтээлээр олон хүн гангарсан даа.
-Таны нүдийг тайлсан арга хэмжээ байв уу?
-Хятадууд зохион байгуулалт сайтай л даа. Маш том үзэсгэлэн экспо зохион байгуулагддаг зааланд хоёр өдрийн дотор граффити уран бүтээлчдэд зориулсан маш урт хана босгож, шалыг нь давхарлаж паркетлаад нэг талд нь сагсны талбай, машин уралдааны зам, арга хэмжээний тайз, бүжигчдийн тайз, дугуй болон скейтбордын талбай, бүхий л хувцасны брендүүдийн худалдааны цэг, гудамжны хоолны төвүүд гээд нэг цогц зүйлийг бүтээн байгуулсан байсан. Тэрийг хараад л Монголд нэг ийм экспо, фестиваль хийж залуусын нүдийг тайлах юмсан гэх бодол төрсөн дөө.
Гэвч одоогийн залуусын үзэж харж, үлгэр дуурайлал авдаг залуус үнэндээ түүхий. Ялангуяа одоо дуу хөгжим гээд явж байгаа залуусын тархи нь хов хоосон. Юу ч үзэж хараагүй. Хип хоп л гээд байгаа мөртлөө түүнийхээ үндсэн дөрвөн элементийг мэддэггүй. Бүр юу дуулаад байгаагаа ч ойлгодоггүй. Хип хоп гэдэг чинь өөрөө нийгмээ цэвэр үнэнээр, бодитоор шүүмжилж, шүүж байдаг.
Тэгэхийн тулд заавал үнэтэй гинж, алтан бөгж, gucci өмсөөд байх шаардлагагүй. Хип хоп сурч байгаа хүмүүс толгойндоо мэдлэг хий, ном унш, өөрийгөө хөгжүүл, ур чадвараа ахиул энэ бүгд чинь цогцоороо хөгжиж байж та нар нийгмээ эмчилнэ. Угтаа Америкт харуудын хар тамхи, аллага, хүчирхийллийг 1990-ээд онд хип хоп эмчилсэн ш дээ.
– Уран бүтээлч хүнийхээ хувьд та Монголд юу хэрэгтэй гэж харж байна?
-Соёл урлаг үнэхээр өнөөгийн Монголд хэрэгтэй байна. Улан-үдэд зургаа зурж байхад замаар өнгөрч байсан хүмүүс автомашиныхаа дохиогоо дугаргаад, баяр хүргээд л явж байсан. Гэтэл Улаанбаатар чинь бүхэл бүтэн улсын нийслэл шүү дээ. Өнөөгийн Монголчуудын туйлын хүсэл нь мөнгө, албан тушаал байна. Урлагийг ойлгодог хүмүүс цөөхөн болчихжээ. Ард иргэдийн дийлэнхи нь наймаа эрхэлж байна. Сайхан сайхан залуус дэлгүүрийн буланд утсаа оролдоод, юм зараад л сууж байна. Тэрнийхээ оронд дуртай зүйлийнхээ төлөө тууштай, зоригтой зүтгэж, бэрхшээл гараад ирсэн ч өөрийгөө зоригжуулж байх хэрэгтэй.
– Ярилцсанд баярлалаа
Холбоотой мэдээ