Монголчууд найм дахь удаагаа төрийн эрх барих дээд байгууллагынхаа төлөөллийг сонгох УИХ-ын сонгуулийн өдөр маргааш буюу зургадугаар сарын 24-ны өдөр тохиож байна. Энэ удаагийн сонгуульд Сонгуулийн ерөнхий хорооноос 15 нам, дөрвөн эвсэл, бие даагчдаас бүрдсэн 606 нэр дэвшигч үнэмлэхээ гардан авч, зургадугаар сарын 2-ны өдрөөс сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж, хуулийн дагуу өчигдөр албан ёсоор дуусгавар болов.
Сонгуульд нэр дэвшигчид:
- 1992 онд 293 нэр дэвшигч өрсөлдсөн
- 1996 онд 302 нэр дэвшигч өрсөлдсөн
- 2000 онд 602 нэр дэвшигч өрсөлдсөн
- 2004 онд 244 нэр дэвшигч өрсөлдсөн
- 2008 онд 356 нэр дэвшигч өрсөлдсөн
- 2012 он 544 нэр дэвшигч өрсөлдсөн
- 2016 онд 498 нэр дэвшигч өрсөлдсөн
- 2020 онд 606 нэр дэвшигч өрсөлдөв.
15 НАМ, 4 ЭВСЭЛ СОНГУУЛЬД ОРОЛЦОВ
2020 оны УИХ-ын сонгуульд нийт 19 нам оролцож байгаа. Тэдний зарим нь эвссэн учраас 15 нам, дөрвөн эвсэл оролцож байна гэсэн үг. Нам эвслүүдийн хувьд хуулийн хугацаанд нам, эвслүүд сурталчилгаагаа дуусгав.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн жагсаалт:
- Эх Орончдын Нэгдсэн нам
- Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам
- Их Эв нам
- Зон Олны нам
- Дэлхийн Монголчууд нам
- Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл /Монгол Консерватив нам, Монголын Хүний Төлөө нам/
- Ард Түмнээ Хайрлая нам
- Хөгжлийн Хөтөлбөр нам
- Ардчилсан нам
- Ард Түмний нам
- Монголын Ногоон нам
- Монгол Ардын нам
- Та бидний эвсэл /Монгол Ардын Хувьсгалт нам, Иргэний Зориг Ногоон нам, Монголын Уламжлалын Нэгдсэн нам/
- Эх орон нам
- Ардчилал шинэчлэлийн нам
- ШИНЭ нам, Бүгд Найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Монгол Үндэсний Ардчилсан намын “ШИНЭ ЭВСЭЛ”
- Ард Түмний Олонхийн Засаглал нам
- Зөв хүн электорат /Хөдөлмөрийн Үндэсний нам, Монголын Социал Демократ нам, Зүй ёс нам/
- Гэр хороолол хөгжлийн нам
2.132.294 СОНГОГЧ САНАЛАА ӨГНӨ
Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан мэдээллээр 2.132.294 сонгогч саналаа өгөх ёстой. Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санд 3.3 сая иргэн бүртгэлтэй байдаг. Үүнээс сонгогч буюу 18-аас дээш насны 2.1 сая орчим иргэн бий. Энэ тоо санал авах өдөр хүртэл өөрчлөгдөнө. Үүнээс 18-24 насны 324 мянга орчим, 25-44 насны нэг сая гаруй, 45-аас дээш насны 748 мянга орчим иргэн байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-аар баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд сонгогчийн шилжилт буюу олны нэрлэж заншсанаар “царцааны нүүдэл”-ийг хязгаарласан. Сонгуулийн тухай хуульд УИХ-ын ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-нээс иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоож, санал авах өдрийн дараа өдөр сэргээхээр хуульчилсан. Улсын бүртгэлийн байгууллага тус хуульд заасны дагуу иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоож, холбогдох шийдвэрийг гаргажээ.
606 НЭР ДЭВШИГЧИЙН ХОМ-ЫГ ИЛ ЗАРЛАВ
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг цахим системд байршуулав. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж Авлигатай тэмцэх газрын цахим сайтад бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсны дараа нийтэд ил болгох хуулийн зохицуулалттай. Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд нийт 13 нам, дөрвөн эвслээс нэр дэвшсэн 485 хүн, бие даан нэр дэвшсэн 121 хүнийг бүртгэж, үнэмлэх олгосон юм. МАН-аас 76, АН-аас 76, Монголын ногоон намаас 15, Та бидний эвсэл, МАХН, ИЗН, МУНН-ын эвслээс 74, Шинэ нам, БНН, Үнэн ба зөв нам, МҮАН-ын эвслээс 72, Зөв хүн-Электорад эвслээс 53, Ард түмний намаас нэг, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас 13, Хөгжлийн хөтөлбөр намаас долоо, Эх орончдын нэгдсэн намаас нэг, Сахигтун-Үндсэн хуулийн 19 эвслээс 34, “Ард түмнээ хайрлая” намаас нэг, “Зон олны нам”-аас 30, “Дэлхийн монголчууд нам”-аас гурав, “Ард түмний олонхын засаглал” намаас 24, “Их эв” намаас нэг, “Гэр хороолол, хөгжлийн намаас дөрөв, бие даагч 121 нэр дэвшигч өрсөлдөхөөр болсон.
ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА ОЛОН БИЕ ДААГЧ ӨРСӨЛДӨВ
Энэ удаагийн сонгуульд хамгийн олон буюу нийтдээ 208 бие даагч өрсөлдөхөөр мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн. Харин Сонгуулийн ерөнхий хорооноос бие даагчдын материалыг шалгаж, 121 хүнд нэр дэвшигчийн үнэмлэх олгосон.
ӨНГӨРСӨН 7 УДААГИЙН СОНГУУЛЬД БИЕ ДААН НЭР ДЭВШИГЧИД:
- 1992 онд 18 бие даагч нэр дэвшиж, өрсөлдсөнөөс 1 хүн сонгогдож байв.
- 1996 онд 35 бие даагч нэр дэвшиж, өрсөлдсөнөөс 1 ч сонгогдоогүй.
- 2000 онд 15 бие даагч нэр дэвшиж, өрсөлдсөнөөс 3 хүн сонгогдож байв.
- 2004 онд 27 бие даагч нэр дэвшиж, өрсөлдсөнөөс 1 хүн сонгогдож байв.
- 2008 онд 45 бие даагч нэр дэвшиж, өрсөлдсөнөөс 1 хүн сонгогдож байв.
- 2012 он 26 бие даагч нэр дэвшиж, өрсөлдсөнөөс 3 хүн сонгогдож байв.
- 2016 онд 69 бие даагч нэр дэвшиж, өрсөлдсөнөөс 1 хүн сонгогдож байв.
- 2020 онд 121 бие даагч нэр дэвшиж өрсөлдөж байна.
ГАДААД ДАХЬ ИРГЭД САНАЛ ӨГӨХГҮЙ
Сонгууль бүрт гадаад дахь иргэд санал өгдөг байсан энэ удаагийн сонгуульд санал өгөхгүй. Дэлхий нийтээр цар тахалтай байгаа учраас гадаад дахь иргэд саналаа өгөх боломжгүй болж байгаа юм.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ