Улсын их дэлгүүрт гал гарснаас 200 орчим сая төгрөгийн үнэт эдлэл алдагджээ. Эх сурвалжийн өгч буй мэдээллээр тус бүр нь гурван сая төгрөгийн үнэтэй 30 орчим мөнгөн аяга, 32 сая төгрөгийн үнэ бүхий алтан аяга, бүсний мөнгөн арал гэх мэт үнэт эдлэлүүд алдагдсан байна. Мөн алдагдсан гэх алт, мөнгөн эдлэлүүд нь галд шатаж устах боломжгүй тул хулгайд алдагдсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Гал гарснаас хойш 24 цагийн дараа хяналтын камер суурилуулсан тул эд зүйлс алдагдсан дүрс камерт бичигдээгүй юм байна. Иймээс камер суурилуулахаас өмнө үнэт эдлэлүүд алдагдсан гэж үзэж байгаа аж. Энэ асуудлын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.
-УИД-т гал гарах үед 200 орчим сая төгрөгийн үнэт эдлэл алдагдсан байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-УИД-т гарсан галтай холбоотойгоор ажлын хэсэг гарч, хэргийн газарт үзлэг хийсэн. Мөрдөн байцаах алба дээр уг хэрэг шалгагдаж байгаа. Одоогоор тухайн газарт ямар бараа, материалууд байсныг тодруулж, хохирлын хэмжээг тогтоох ажил явагдаж байгаа. Тухайн үед ямар бүтээгдэхүүн байсан, тэр нь галд шатсан уу, алга болсон уу гэдгийг тогтоох үйл ажиллагаа явагдаж байгаа. Тиймээс одоогоор тийм хэмжээний материал алдагдсан, эсвэл галд шатсан гэж тодорхой хэлэх боломжгүй.
-Түрээслэгчид үнэт эдлэлүүд галд шатаж, устсан байх үндэслэлгүй, хулгайд алдагдсан гэж үзэж байгаа юм билээ. Үнэт эдлэлүүд түймрийн үеэр алдагдсан байх магадлалтай юу?
-Хүмүүсийн зүгээс хардлага, сэрдлэгүүд бий. Тодорхой зүйлүүдийг шалгаж байгаа. Хэрэг мөрдөгдөж байна. Эцсийн дүгнэлт гараагүй байгаа болохоор тодорхой зүйлийг ярих боломжгүй байна. Уг хэрэгт ач холбогдол өгч ЦЕГ-аас ажлын хэсэг гаргаад мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Гал том зай талбайг хамарсан, олон хохирогчтой болохоор энэ бүхнийг тогтоохоор тодорхой ажлууд хийгдэж байгаа.
-Галын шалтгаан хэзээ тодорхой болох вэ?
-Урьдчилсан байдлаар дэлгүүрийн өргөтгөлийн давхарт хар цаас нааж байсан иргэн аюулгүйн журам зөрчсөний улмаас гал алдсан гэж үзэж байгаа. Гэхдээ галын шалтгаан мөн эцсийн байдлаар гараагүй байна.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ