Сонгуулийн санал өгөх өдөр хууль хяналтын байгууллагууд хэрхэн хяналт тавьж ажиллах талаар өнөөдөр /2020.06.22/ мэдээлэл хийлээ.
Архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг зургадугаар сарын 23-25-ны өдрүүдэд хориглохоор болсон. Энэ шийдвэрийн хэрэгжилтэд цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллана гэдгийг албаныхан мэдээллээ. Хэрвээ энэ шийдвэрийг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээг авна гэдгийг хэлж байв. Сонгуулийн санал авах 451 байранд хэрхэн ажиллах талаар зөвлөмж мэдээллийг хүргүүлжээ.
НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “Зургадугаар сарын 24-ний өдөр олныг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй. Мөн гадна болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний төвүүдийн амралтын өдрийг сонгуулийн өдөр рүү шилжүүлж, сонгуулийн санал авах өдөр ажиллахгүй. Харин дараа долоо хоногийн амралтын өдөр нөхөж ажиллана. Сонгуулийн өдрүүдэд зайлшгүй ажиллах шаардлагатай байгууллагуудын үйл ажиллагаа хэвээр үлдээж байгаа. Хэсгийн хороодын замын ачаалалд хяналт тавьж ажиллана. Зургадугаар сарын 26-ны өдрөөс одоогоор архи согтууруулах ундаагаар үйлчилдэг үйлчилгээний байгууллагуудыг 00.00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гаргалаа. Өмнө нь хөл хорионы хүрээнд 22 цаг хүртэл ажиллаж байсан билээ. Харин бааруудыг хаасан хэвээр байна. Өнөөдрөөс бүх төрлийн музей, номын сангийн үйл ажиллагааг нээж байгаа.
Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн “Өмнө гарсан хэд хэдэн захирамжийг 280 гаруй аж ахуй нэгж зөрчиж, үйл ажиллагаа явуулсан. Үүний хүрээнд хуулийн дагуу арга хэмжээ авч, 70 гаруй аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг хүргүүлж, шийдвэрлүүлсэн. Мөн гар дээрээс согтууруулах ундаа худалдаалах зөрчил гарахаас урьдчилан сэргийлж ажиллана. Зургадугаар сарын 30-ны хүртэл цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах болно.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ