Covid -19 цар тахлын улмаас Монгол Улсын эдийн засаг хүндэрч, улмаар ажлын байрыг цомхотгох, ажилтнуудын тоог цөөлөх, цалинг бууруулах эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Иймээс Дэлхийн Банкны Гүйцэтгэх Захирлуудын Зөвлөлөөс өнгөрсөн Баасан гаригт /2020.06.19/ Mонгол Улсад Онцгой байдлын үеийн хөнгөлөлт ба хөдөлмөр эрхлэлтийн төсөлд зориулан Олон Улсын Хөгжлийн Ассоциациас 20 сая ам. долларын хөнгөлттэй зээл олгохоор баталлаа.
Тус төсөл нь Covid-19 цар тахлаас үүдсэн хямралын энэ үед зохих шалгуурыг хангасан ажилчид, ажил олгогчдод түр хугацааны дэмжлэг үзүүлж, ажил хайгч болон бичил бизнес эрхлэгчдэд хөдөлмөрийн зах зээл дээрх боломжийг илүү хүртээмжтэй болгоход туслах юм.
Covid-19 цар тахлын хямралын үед бичил бизнес эрхлэгчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд дэмжлэг үзүүлснээр урт хугацааны ажилгүйдэл нэмэгдэх, ажиллах хүчний эрэлт буурах эрсдэлийг бууруулна гэж Дэлхийн банк үзэж байна. Иймд төслийн хүрээнд бичил бизнес эрхлэгчдэд бизнесээ эхлүүлж, өргөжүүлэхэд туслах зорилгоор санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг үзүүлэхээр болжээ. Мөн ажил олгогчдын зүгээс шаарддаг ур чадварыг ажил хайгчдад эзэмшүүлэхэд туслах ур чадвар олгох шинэлэг хөтөлбөрийг туршилтаар хэрэгжүүлэх юм байна.
Мөн тус төсөл нь ажил хайгчдад илүү үр дүнтэйгээр ажил олоход нь туслах хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газруудыг шинэчлэн сайжруулах үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжих аж. Энэ хүрээнд үйлчилгээний орчныг сайжруулах, ажлын зохион байгуулалтыг шинэчлэх, мэдээллийн системийг сайжруулах болон шийдвэр гаргахад хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлууд хийгдэнэ. Мөн хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн цар хүрээ, чанар, хүртээмжийг сайжруулах юм байна.
Дэлхийн Банкны Монгол Улс хариуцсан Менежер Андрей Михнев "Төслийн хүрээнд, ажил олгогч болон ажилчдыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж байгаа нь бизнесээ хаах, эсвэл олон тооны ажилчдыг халж цомхотголгүйгээр Covid-19 цар тахлын улмаас үүссэн хямралыг хурдан даван туулахад тусална. Энэхүү төсөл нь мөн хөдөлмөрийн зах зээлийн ил тод байдал, үр ашгийг дээшлүүлснээр монголчууд хямралыг хурдан даван туулж, илүү сайн ажлын байртай болоход нь туслах болно" гэв.
Энэхүү төслийг Дэлхийн Банкны санхүүжилттэй хэрэгжиж буй, 2020 оны тавдугаар сард бүтцийн өөрчлөлт хийгдсэн, Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Төслийн үйл ажиллагаан дээр тулгуурлан хэрэгжүүлнэ.
Холбоотой мэдээ