Аугаа их эх орны дайнд ялсны 75 жилийн ойд зориулсан парад Оросын нийслэл Москва хотын Улаан талбайд зургадугаар сарын 24-нд болно. Монголын цэргийн албан хаагчид ч энэ парадад оролцох юм.
Энэ тухай шийдвэрийг өмнө нь өндөр хэмжээнд тохиролцсон билээ. Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Монгол улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой утсаар ярихдаа “Монгол улс Гитлерийн Германыг Зөвлөлт Холбоот Улсад итгэл эвдэн халдан довтлоход хамгийн түрүүнд туслаж байсныг” дурдаад, Монголын тусламж дэмжлэг тэгэхэд ямар чухал үүрэг гүйцэтгэснийг Орос орон дурсан санаж байдаг юм гэж тэмдэглэжээ.
“Фронтын хэрэгцээнд зориулан ойролцоогоор таван зуун мянган агт морьд явуулсан юм. Энэ бол асар том тоо. Монголын иргэдийн хандивласан хөрөнгөөр 53 танк үйлдвэрлэж, энэ танкууд 1943 онд “Хувьсгалт Монгол” танкийн бригадын бүрэлдэхүүнд багтан, Курскийн цүлхэнд анхны тулалдаанд орж, 1945 онд Берлинд байлдаж байсан юм“ гэж Шойгу хэлсэн байна.
Нисэхийн “Монгол ард” эскадриль фашистуудыг бут ниргэхэд их хувь нэмэр оруулсан бөгөөд тус ангийн сөнөөгч нисэх онгоцуудыг Монголоос Зөвлөлт Холбоот Улсад шилжүүлэн өгснийг Оросын Батлан хамгаалах яамны тэргүүн дурджээ.
Москвад Ялалтын парадад Монголын цэргийн албан хаагчид оролцох гэж байгаа нь хоёр талын цэрэг-техникийн харилцаа тогтвортой хөгжиж байгаагийн гэрч төдийгүй, монголын ард түмэн нацизмыг ялахад жинтэй хувь нэмэр оруулсан түүхэн баримтын нотолгоо юм гэж Оросын тал мэдэгдсэн байна.
Ялалтын парадад оролцох Монголын цэрэг эрс
Түрүүнд нь Оросын ерөнхийлөгч Владимир Путин цар тахлын ээдрээтэй нөхцөл байдлаас шалтгаалан Ялалтын 75 жилийн ойн парадыг хойшлуулахаар шийдвэрлэсэн юм. Тавдугаар сарын 9-нд Оросын хотуудад нисэх хүчний парад болж, ёслолын буудлага үйлдсэн билээ. Тийнхүү Ялалтын парадыг зургадугаар сарын 24-нд хийхээр тавдугаар сарын сүүлчээр шийдвэрлэсэн юм.
Уг арга хэмжээ “Ойн угталтын марш”-ын аязаар эхлэх бөгөөд 1945 оны зургадугаар сарын 24-нд Улаан талбайд чухамхүү энэ аяз эгшиглэж байжээ.
Харин мөн өдрийн орой хотынхон болон нийслэлийн зочин гийчид яг 75 жилийн тэртээ Москвагийнхны харсантай адил тийм ёслолын буудлагыг үзэх болно.
Оросын хуурай замын цэргийн орчин үеийн болон түүхэн 234 нэгж техник, түүний дотор байлдааны нэн шинэ – танк дэмжих “Терминатор” машин, “Коалиция-СВ”, “Мста-СМ” өөрөө явагч гаубиц, Т-90М болон –“Армата” танк, зенитийн пуужинт “Бук-МЗ”, “Тор-М2”, С-400 цогцолбор парадад оролцоно.
Баяр ёслолын арга хэмжээнд 14 мянган цэрэг, офицер, түүнчилэн дэлхийн 19 орны парадын тоотууд оролцох юм. Зургаадугаар сарын 24-нд Москвагийн тэнгэрээр 55 нисэх онгоц, 20 нисдэг тэрэг нисч өнгөрнө. Зэвсэг техникийн дунд орчин үеийн техник хэрэгслээс гадна, Аугаа их эх орны дайны үеийн техник, тухайлбал домогт Т-34 танк, өөрөө явагч Су-100 төхөөргийг үзэгчид харах болно. Дашрамд дурдахад, “Хувьсгалт Монгол” гэсэн бичиг бүхий алдарт танк ч Улаан талбайгаар явж өнгөрнө.
Оросын хуурай замын цэргийн ерөнхий командлагч армиийн генерал О.Салюковын хэлснээр, 2020 оны парад нь 75 жилийн тэртээ болсон Ялалтын парадыг ч шууд санагдуулах ажээ. Түүхт техникийн зэрэгцээ, парадад түүхэн дүрэмт хувцас өмссөн, дайны үеийн зэвсэг бүхий цэргийн албан хаагчид, түүнчлэн алдартай хороо, дивиз, арми, фронтын байлдааны туг бүхий парадын нэгжүүд оролцох ажээ. Мөн Аугаа их эх орны дайны үеийн ая, хөгжим ч эгшиглэнэ.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын урилгаар 2020 оны Ялалтын цэргийн парадад оролцох Монгол улсын зэвсэгт хүчний цэргийн албан хаагчид зургадугаар сарын 14-нд Москвад очсон юм.
Энэ арга хэмжээнд оролцох Монголын ЗХ-ний офицерууд COVID-19-ийн шинжилгээ гурван удаа хийлгэж, ОХУ-ын Батлан хамгаалах яамны сувиллын газарт бэлтгэл сургуулилалт хийжээ.
Энэ бэлтгэл дууссаны дараа Монголын цэргийн албан хаагчдыг ОХУ-ын агаар-сансрын хүчний байлдааны Ил-76 нисэх онгоцоор оросын нийслэлд хүргэсэн байна.
Москвагаас гадна, есөн баатар хот болон цэргийн тойрог, флот, армийн штаб байдаг 19 хотод баяр ёслолын арга хэмжээ болно. Эдгээрт 64 мянган хүн, 1,85 мянган нэгж техник, 511 нисэх онгоц, нисдэг тэрэг оролцох ажээ.
Тухайлбал, хөрш Буриадын нийслэл Улаан-Үд хотод ч Ялалтын парад болж, Белорусь дахь давшилтын “Багратион” ажиллагаа болон Зүүн Пруссийн тулалдаанд оролцож байсан Т-34 танк хотын төв талбайгаар явж өнгөрнө. Мөн парадын үеэр олон зориулалт бүхий маневр сайтай Су-30СМ сөнөөгч нисэх онгоцууд хотын дээгүүр ниснэ.
И. Борхондой
Холбоотой мэдээ