Ойрын өдрүүдэд бороо ус элбэгтэй байгаа тул голын ус гаталж, сонгуульд оролцох сонгогчийг анхаарал болгоомжтой байхыг холбогдох газруудаас анхаарууллаа.
Өмнөх сонгуулийн үеэр 30450 гаруй иргэн саналаа өгөх гэж гол, мөрөн гатална гэсэн тооцоо гарч байжээ. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай бороо орно.
Үер усанд боогдсон иргэдийн сонгуульд саналаа өгөх нөхцөл байдлыг хэрхэн хангаж байгаа талаар Сонгуулийн ерөнхий хорооноос тодруулахад “Шат шатны сонгуулийн хороод цаг уурын албадтай хамтарч ажиллаж байгаа. Мөн ОБЕГ–тай хамтарч байна. Ерөнхийдөө нэлээд хүндрэлтэй байна. Тухайн нөхцөл байдлаас хамаарч шуурхай арга хэмжээг авч ажилладаг. Өмнөх сонгуулиудаар ч гэсэн иргэд сонгогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс аймгуудын Онцгой байдлын газруудтай хамтарч гол ус гатлуулах зэрэг сонгуульд оролцох нөхцөлийг нь хангадаг. Ганц энэ удаагийн сонгуулиар бороо устай байгаа юм биш. Сонгууль бүрээр ийм асуудал гардаг” гэлээ.
Өнгөрөгч амралтын өдөр гэхэд Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд үер бууж, үерийн улмаас айлууд болон авто зам усанд автаж, иргэд усанд боогдон гурван хүн амь насаа алдаж, 4400 орчим мал хорогдож, 381 айл үерт автаж, 19 гэр үерт урсаж, 83 хашаа нурсан байна.